Хэлэлцэх асуудлаас өөрийг ярьж, хэрүүл үүсгэн, хурал үймүүлчих гээд байдаг чаг чаг хийсэн гишүүд үе үеийн парламентад байлаа. Өмнөх парламентад л гэхэд МАХН-аас АН руу шилжсэн О.Баасанхүү гишүүн хамгийн түрүүнд үг хэлэх кнопоо дарж, эрх баригчдыг шүүмжилдэг гарамгай зуршилтай болсон байсныг хурууны хээ уншдаг төхөөрөмж үгүй хийсэн. Өөрөө “Би хамгийн түрүүнд кнопоо дарж үг хэлдэг байсан. Харин шинэ төхөөрөмж хоцроод байна. Асуудалтай байх магадлалтай” ч гэж гомдоллож байв. Гэхдээ мань хүний хэлэх үг нь хэлэлцэх асуудалтайгаа холбогдох нь ч бас ховор л доо. Арга ч үгүй биз. Хэт олонхтой парламентад хүчтэй сөрөг хүчин ч үгүй байхад сөрөх гэж хааяа дэмийрэх нь угаас улс төр л дөө.
Сөрөг хүчний сөрөх үйл ажиллагааг энэ парламентын үед Б.Пүрэвдорж гишүүн үргэлжлүүлэв. Эрх баригчдыг шүүмжилсэн үгээ дэг зөрчин илэрхийлсэн нь чуулганы хуралдаан даргалж байсан УИХ-ын дэд даргын гэдэнг хөдөлгөж, долоо хоног хуралдаанд суух эрхээ хасуулаад авсан. Ийм ч дэгтэй. Хэлэлцэх асуудлаас өөрийг ярьж, хурал үймүүлсэн гишүүний микрофоныг хаахаас эхлээд хуралдаанд суух эрхийг нь хасах хүртэл хариуцлага тооцдог дэгийг өнгөрсөн хавар УИХ- ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бий болгосон. Гэхдээ Б.Пүрэвдорж гишүүний кейс дээр хуулийн зохицуулалт дутагдалтай байв. Түүнийг долоо хоногийн хугацаанд хуралд суух эрхийг нь хассан нь зөвхөн чуулган уу, эсвэл Байнгын хороо, Дэд хорооны хуралд ч суух эрхгүй юу гэсэн тодорхойгүй байдал үүсгэсэн. Мөн хуралдаан даргалагч хэдэнтээ сануулахгүйгээр шууд хуралд суух эрхийг нь хассан нь мөн л хуулийн тодорхойгүй байдал үүсгээд байв. Тиймээс дэггүй гишүүдийг дэглэх шийтгэлийг нарийвчлахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Төсөлд хурал үймүүлсэн гишүүнийг танхимаас гаргахыг үүрэг болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр болон нэгдсэн хуралдаанд хамааралтай болох, гурван удаа хуралд суух эрхийг хасах зэрэг өөрчлөлтийг төсөлд тусгажээ.
Гэхдээ зөвхөн дэггүй гишүүдтэй холбоотой өөрчлөлтийг энэ хуулийн төсөлд тусгаагүй. Байнгын хороо нээлттэй, хаалттай хэлбэрээр хуралдах, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол УИХ-д өргөн мэдүүлээгүй хуулийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар тусгасан байна.
Мөн Үндсэн хуультай нийцсэн тухай Цэцийн дүгнэлтийг УИХ-д танилцуулахад асуулт, хариултгүй болох, Ерөнхий сайдын мэдээллийг түүний үүрэг болгосон сайд танилцуулж болох, чуулганы хуралдааныг 09.00 цагаас ирц авч, 10 цагаас эхлүүлэх зэрэг зохион байгуулалтын болоод хуулийг чамбайруулсан өөрчлөлт оруулахаар зэхэж байна.
Үндсэндээ зарчмын хийгээд үйл ажиллагааны томоохон өөрчлөлт байхгүй ч өнгөрсөн хавар шинэчлэхдээ үүсгэсэн хуулийн хийдэл зөрчил, алдаа дутагдлыг залруулахаар энэ төслийг батлах гэж байна. Ямар ч гэсэн дэгийн хуулиа чамбайруулахаас гадна, дэггүй гишүүдийн дэгийг ингэж нарийвчлах нь.
Баталсан хууль нь балагтай
Ээлжит чуулганы хугацаанд дунджаар 150 орчим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл баталдаг. Харин эдгээр нь бүгд иргэдийн амьдралд нийцтэй болоод асуудлыг бүрэн шийдвэрлэсэн үү гэвэл үгүй. Парламентын болоод гишүүдийн хууль боловсруулан гаргах чадавхийг өнгөц хараад дүгнэхэд учир дутагдалтай.
Харин баталсан хууль нь балаг тарих тохиолдол цөөнгүй байгаа нь хуулийн боловсруулалт дутуу байгаагийн илэрхийлэл. Одоо хэлэлцэж байгаа дэгийн хуулийн өөрчлөлт ч үүний жишээ. Мөн хүмүүсийн сайн мэдэхээр Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт хэсэг хугацаанд маргааны бай болсон. 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолдог байсан. Гэвч хууль шүүхийн байгууллага хэргийг удаашруулахаас гадна, хэрэгт холбогдсон этгээдэд ямар нэгэн байдлаар цаг хожиж хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгах боломж олгох болсон. Авлига, албан тушаалын хэргүүд прокурор болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байв. Харин энэ алдаатай өөрчлөлтийг хийсэн гишүүд хоорондоо “Чи үүнийг санаатай хийсэн. Үгүй, чи хийсэн” гэж хэсэгтээ нэг нэг рүүгээ бухацгаав. Улмаар УИХ Эрүүгийн хуульд дахин өөрчлөлт оруулж алдааг залруулсан байдаг. Энэ мэт хуулийн зөрчил, дутагдлыг дурдвал үүгээр дуусахгүй.
Харин парламентаас хууль боловсруулан батлах явцыг сайжруулж байгааг мэдээлсэн. Саяхан л гэхэд хууль боловсруулах явцыг хялбаршуулах зорилгоор нэгдсэн цахим системтэй болсноо зарлав. Нэг форматаар нэгдсэн мэдээллийн сан ашиглаж хууль боловсруулах, тал бүрээс заалт бүрээр санал авах боломжоор хангасан нь энэ системийн давуу тал. Тиймээс хуулийн зөрчил хийдэл, зөрчил арилах, чанартай хууль гарах нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй.
Судалгааны давхардлыг арилгая
Хуулийн хийдэл зөрчил гарч байгаагийн нэг шалтгаан нь төслийн боловсруулалтын явцад судалгаа муу байгаатай холбоотой. Олон талын судалгаа хийж хууль боловсруулаагүйгээс нийгмийн нэг тал нь хохирох, зарим нь хожих тохиолдол бий. Тиймээс судалгаанд суурилсан хууль гаргахын тулд УИХ-аас гишүүдэд 20 сая төгрөг төсөвлөдөг юм. Энэ мөнгийг хуулийн төслийн судалгаа, танилцуулга зэрэгт ашиглах зориулалттай. Гэхдээ энэ мөнгө нь хуулийн төслийн хэлэлцүүлэг, танилцуулгад ч хүрдэггүй гэх гомдол гишүүдэд бий. Үнэн эсэхийг мэдэхгүй ч нэг хуулийг гурван сая төгрөгөөр ч гаргах боломжтойг эх сурвалжууд дурдана лээ.
Нөгөөтэйгүүр УИХ-ын дэргэд судалгааны хүрээлэн ажиллуулаад нэг жил орчим болж байгаа. Энэ хүрээлэн нь хууль боловсруулж, батлан гаргах үйл явцад судалгаагаар хангах чиг үүрэгтэй. Үндсэндээ гишүүд хуулийн төсөл боловсруулахын тулд төсвөөс болон хувиасаа хөрөнгө гаргаж судалгаа хийлгэхээс гадна парламентын дэргэдэх судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгааг ашиглаж болно. Ингэснээр УИХ-д хуулийн төсөл батлахад судалгаа хийх чиг үүрэгтэй хоёр субъект бий болов. Гэсэн хэрнээ боловсруулалт дутуу, хийдэл зөрчил ихтэй хуулийн төсөл УИХ-аар л дүүрэн бий. Тиймээс судалгааны ажлыг хүрээлэн, гишүүдийн аль нэгэнд дангаар нь хариуцуулах нь чиг үүргийн болоод зардлын давхардлыг арилгах талтай.