Монгол улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт “төгрөг”-өөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор 2009 онд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгүүлэх тухай хуулийг баталсан бөгөөд 2015 онд нэмэлт өөрчлөлт орсон байна. Манай үндэсний мөнгөн тэмдэгт болох “төгрөг” нь арилжааны хэрэгсэл төдийгүй манай улсын тусгаар оршин буйн баталгаа, бэлгэ тэмдгийн нэг билээ.

Төгрөгийн гадаад үзэмж, чанар, дотоод нууцлал зэргийн хувьд дэлхийн аль ч мөнгөн тэмдэгтээс гологдохооргүй хийц загвартай хийгдсэн. Тиймдээ ч 2016 онд Их Британи Умард Ирландийн Вант улсад байрлах “Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс зохион байгуулсан Олон улсын цаасан мөнгөний тэмцээнээс манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20,000 төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны мөнгөн тэмдэгтээс шалгарч анх удаагаа “хүрэл медаль”ийн гэрчилгээг хүртэж байсан байна.

Гэтэл сүүлийн үед “төгрөг”-ийн үнэт зүйл нь алдагдаж байна. Монголчууд бид эртнээс нааш амны хишиг буян заяаг дээдэлж ирсэн ард түмэн билээ. Манай ард түмэн аливаа зүйлд арвич, хямгач байж, зүй зохистой эдэлж, хэрэглэх нь зөвхөн энэ төрөлд бус, дараагийн төрөлд хангалуун, сайхан амьдрахын нэг үндэс болдог гэж үздэг. Тийм учраас бид олон зууны туршид эд зүйл, мал ахуйгаа хайрлан, хамгаалж, өсгөн арвижуулахыг зорьж ирсэн ард түмэн билээ. Монгол түмэн бид төрийн сүлдээ мөнгөн тэмдэгт дээрээ залж хүндэтгэдэг. Тэрхүү хүндлэл, ёс заншил, утга учир төгөлдөр бүтсэн мөнгөн дэвсгэрт маань наранд өнгөө алдаж, бороо салхинд урагдаж, сэмрэн хээр хэвтэх нь харамсмаар, түүгээр ч үл барам шинээр суварга босгоход дотор нь мөнгө хийх, шинээр байшингийн шав тавихдаа нүх ухаж мөнгөн дэвсгэртийг булах, албан байгууллагууд сугалаа гэж жижиг мөнгөн дэвсгэртийг тараах зэрэг үзэгдэл амьдралын нэг хэвийн хэвшил, ёс мэт болжээ. Овоонд өргөсөн 1,5,10, 20, 50, 100 төгрөгийн дэвсгэртүүд хийсч харганад орооцолдон байх дүр зурагт бид хэдийнээ дасал болж энэ нь хаана ч байдаг үзэгдэл мэт болчихлоо. Европ тивд хүртэл эрт дээр үеэс усан сан, сүм хийдэд задгай мөнгө шиддэг нь уламжлал мэт тогтоод байна. Энэ бол ард түмний энгийн л нэг шүтлэгийн хэлбэр юм. Гэхдээ энэ байдлыг энгийнээр шийдвэрлэж болох мэт санагдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн хэсгийг хариуцдаг сум, нутаг орны захиргаанаас тусгайлан хүн томилж мөнгө, төгрөгийг ойр ойрхон хугацаатай авч, цуглуулж энэрэл, нигүүсэл, халамж, асрамжийн байгууллагад хандивлах, хүнд туслах зэрэг сайн үйлсэд зарцуулж болох юм. Манай улсын хувьд уул овоо хүнээс их хол байдаг. Тийм учраас салхинд хийсэж, алга болох, цаашлаад илжирч, ялзрах гэх зэрэг хүндрэл бий.

Дэлхийн хэмжээнд мөнгөн дэвсгэртийн насжилт дунджаар 7.8 жил байдаг бол манай улсын хувьд мөнгөн дэвсгэртүүдийн дундаж насжилт 3.8 жил байна гэсэн судалгааг 2016 онд Монголбанкнаас гарсан байна. Тус судалгаанд хамгийн бага буюу 2.66 жил насжилттай нь 1000 төгрөг, хамгийн их буюу 5.64 жилийн насжилттай нь 10000 төгрөг гэж гарсан байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгаж, шинэ мөнгөн тэмдэгт хэвлэх зардлыг хэмнэхийн тулд бид өдөр тутамдаа мөнгөн тэмдэгтээ ариг гамтай хэрэглэж хэвших хэрэгтэй байна. Мөнгөн дэвсгэртийг шинээр хэвлэх, устгахад дор хаяж өөрөөсөө 2-3 дахин өндөр үнэ зарцуулдаг гэдгийг хүн бүрт таниулж, тэр зардал нь бидний төлсөн татварын мөнгөнөөс зарцуулагдаж, үр ашиггүй зардал эдийн засгаасаа гаргаж байна гэдгийг ухуулан таниулах нь зүйтэй.

Устгагдаж буй мөнгөн дэвсгэртийн 75% нь хиртэж бохирдсон, 15% нугаларч тасарсан, 10%-ийг урагдсан дэвсгэртүүд эзэлдэг байна.  Эндээс үзэхэд мөнгийг хүмүүс зориулалтын бус газар хадгалж гал, усанд автуулах, хувцсаа угаахдаа хамт угаах, дундуур нь нугалж, хорчийлгож базаад, халаас, оймс, гутлын түрүүндээ хийх, дээр нь зурж, эрээчих, жижиг мөнгөн дэвсгэртүүдийг уул овоонд өргөх, тахилгад ихэд хэрэглэх болж, нэг талаасаа сүсэг бишрэлийн илрэл мэт боловч эдийн засагт эргэлдэж байх учиртай мөнгө энэ байдлаар сул хаягдах нь хайран санагдаж байна.

Нөгөө талаас дэлхий нийтээрээ цар тахал ковид-19 - тэй тэмцэж байгаа энэ үед гараас гарт дамжин хэрэглэгддэг мөнгөний “ариун цэвэр” бас чухал асуудал юм. Сүүлийн үед хүмүүс цахим банк, мобайл банк, карт ашиглан төлбөр тооцоогоо хийх соёл хэвшиж байгаа нь жижиг мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлэхгүй төдийгүй мөнгөтэй зүй бус харьцахгүй байх сайн талтай юм. Дэлгүүр, зах, худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа ажиж байхад хэтэвч ашиглаж байгаа хүн их ховор болжээ. Ихэнхдээ л халааснаасаа мөнгө гаргаж ирээд тооцоо хийж  байгаа харагдана. Ялангуяа хүнс, махны зах дээр худалдан авалт хийж байхад тэнд мөнгөний ариун цэвэр гэсэн ойлголт “0” байна. Бохир гараар дамжсан мөнгө олон төрлийн халдварт өвчин үүсгэх нэг эх үүсвэр болно гэдгийг хүмүүст бас таниулан сурталчлах хэрэгтэй мэт санагдаж байна. Мэдээд байдаг хирнээ хүн хэлэхээс нааш ухамсарладаггүй гэдэг дээ. Бид санхүүгийн боловсрол, мөнгөтэй харьцах уламжлалт ёс жаягийг үр, хүүхдэдээ багаас нь олгож, мөнгөтэй харьцах арга ухаанд сургах ажлыг шат шатанд зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Түгээн дэлгэрүүлмээр сайн туршлагууд байна. Тухайлбал: “Өнөр бүл” хүүхдийн төвд өсч хүмүүжиж байгаа хүүхдүүдийг амьдралд хөл тавихад нь туслах зорилгоор “дотооддоо хэрэглэдэг мөнгө”-ийг хүүхдүүд 7 хоног бүр халаасны мөнгө болгон өгч дотроо байдаг дэлгүүрээс худалдан авалт хийлгэдэг. Ингэснээр хүүхдүүд мөнгөтэй харьцаж сурахаас гадна чухал, чухал биш зүйлсийг ялгаж эрэмбэлж сурах давуу талтай.

БНСУ-д хүүхдээ 6 нас буюу сургуульд ороход нь халаасны мөнгө өгч, юунд зориулан зарцуулж байгаа, цуглуулж байгааг нь тэмдэглэх дэвтэр өгдөг байна. Хэрэв хүүхэд зөв зарцуулалт хийсэн бол халаасных нь мөнгийг нэмж, дэмий зүйлд үрсэн бол хасах арга хэмжээ авдаг байна. Мөн хүүхдийнхээ хүссэнээс бага мөнгө өгдөг байна. Энэ нь хорвоод авахыг хүссэн олон зүйл байдаг ч мөнгө хүрэлцэхгүйгээс авч чадахгүй байхыг мэдрүүлэх, түүнийгээ авахын тулд хуримтлал үүсгэх, өөрийн хүчээр мөнгө олох боломжийг нээж өгдөг байна. Гэр бүл болж бүртгүүлэхээр ирж байгаа хосуудад “Санхүүгийн боловсрол” олгох багц сургалтад заавал хамруулсны дараа гэрлэлтийн батламжийг нь олгодог байх зэрэг эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь 2019 оны статистик мэдээнээс харахад манай улсад жилд дунджаар 20,0 мянган хос гэрлэлтээ батлуулж, 4.3 мянган гэр бүл хуулийн дагуу гэр бүлээ цуцалж салсан байна. Энэ нь өмнөх оныхоос 3.4 функтээр өссөн үзүүлэлттэй байна. Орчин үеийн гэр бүлийн зөрчил, салалтын шалтгааны 41.4% нь санхүүгийн байдал, 13.9% нь өр зээлээс болсон гэсэн судалгааны дүгнэлт байна. Иргэн бүрийн “Мөнгө, санхүүгээ удирдах мэдлэг”-ийг дээшлүүлж, жижиг мөнгөн тэмдэгт нь төлбөр, тооцооны хүчин төгөлдөр хэрэгсэл гэдгийг таниулан ойлгуулах нөлөөллийн соён гэгээрүүлэх олон талт ажлыг зохион байгуулж, хүүхдүүддээ багаас нь мөнгөтэй харьцах хэрэглээний соёлд сургаж, хэтэвч хэрэглүүлж хэвшүүлцгээе.