Улаанбаатар хотын оршин суугчид сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш хоёр дахь жилийнхээ өвөлтэй золгох гэж байна. Нийслэлд гэр хорооллын 220 гаруй мянган айл өрх бий. Өнгөрсөн жил гэр хороололд амьдардаг эдгээр иргэд угаартаж үхэх үү, хөлдөж үхэх үү гэсэн хоёр сонголттой нүүр тулсан.

Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулахын тулд түүхий нүүрсийг хэрэглээнээс халсан нь зоримог шийдвэр байсан ч золиосонд нь ард иргэд хохирсон хэмээн дүгнэх хүмүүс цөөнгүй. Тэгвэл энэ жил нөхцөл байдал өөр байж чадах болов уу?

2019 оны өвөл угаартчих байх гэсэн айдсаасаа болоод шахмал түлш хэрэглэж чадаагүй айл олон бий. Эдгээр хүмүүс энэ жил айдастайгаа нүүр тулж, сайжруулсан шахмал түлштэй “танилцахаас” өөр сонголтгүй юм. Нийслэлийн онцгой байдлын газраас хийсэн хяналт шалгалтын үеэр “Энэ жил анх удаа шахмал түлш хэрэглэж үзэх гэж байгаа” хэмээн ярих айл байсан. Сайжруулсан шахмал түлш хүн бүрийн хувьд шинэлэг зүйл. Үүнд дасахын тулд цаг хугацаа, мөн туршлага хэрэгтэй.

Өнгөрсөн онд 15 хүн амиа алджээ

Энэ жил угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой түлш” компаниас “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулжээ. Тус албаны хяналтын ажилтнууд нь угаарын хийнээс сэрэмжлүүлэх заавар зөвлөмжийг хүргэхээс гадна өөрийн хариуцсан 200 өрхөөр өдөр бүр орж яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгч хэвийн ажиллаж буй эсэх зэргийг шалгаж байгаа аж. “Тавантолгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны дарга Ч.Буянжаргал “Галалгаа эхэлсэн энэ үед угаарын хийнд хөнгөн хэлбэрээр өртсөн дуудлагын дагуу очиход түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхад бороо ороод байна гэх шалтгаанаар өрхөө бүтээж унтсан байсан. Шахмал түлш шаталт удаан учраас гэрт амьдарч байгаа иргэдийг яндангаа битгий аваач гэж зөвлөмөөр байна. Хяналтын ажилчид маань гэрт амьдарч байгаа иргэдэд зориулаад агааржуулалтын хоолой хийж өгч байна. Тиймээс өрхөө татаж яндангаа авах шаардлагагүй. Дахин зөвлөхөд иргэд хариуцлагатай байж зуух яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй” гэлээ.

2019 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд 979 өрхийн нийт 2,568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан байдаг. Эдгээр хүнээс 15 нь нас барсан бөгөөд найм нь хүүхэд, долоо нь том хүн байсан. Тухайн үед бүртгэгдсэн угаарын хийн хордлогын шалтгаан нөхцөлийг авч үзвэл зуух, ханан пийшингийн битүүмжлэл муу, ядангийн сойлтоо хаасан, зуух яндангийн холбоос завсартай, яндангаа хөөлөөгүй, түлш буруу түлсэн, яндан намхан зэрэг зөрчил илэрч байжээ.

Хадгалах бус хэрэглэх

Өнгөрсөн жилийн дутагдалтай зүйлээ засахын тулд мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, БОАЖЯ өнгөрсөн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлж айл өрхүүдийг угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлж байна. Уг аян арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Өнгөрсөн жил нийслэлийн зургаан дүүргийн 162 мянган айл өрхөд угаар мэдрэгчийг суурилуулсан. Харин энэ жил агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж орсон дүүргүүдэд 15 мянган угаар мэдрэгчийг нэмж суурилуулжээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Бүх айл өрхийг угаарын хий мэдрэгчээр хангасан. Эвдэрсэн тохиолдолд нэг удаа үнэгүй сольж өгнө” гэсэн юм. Тэрээр угаарын хий мэдрэгчийг аваагүй айл өрх байвал “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албанд хандан авах боломжтой гэв.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс сайжруулсан шахмал түлшийг хэрхэн түлэх аргаа олсон ч түүхий нүүрс түлдэг байсан хуучин арга барилаа хаяж чадахгүй, хэтэрхий хайнга хандсанаас болж угаарын хийн дуудлага буурахгүй байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр 32 өрхийн 101 хүн угаартаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Угаартсан хүмүүсийн ихэнх нь угаарын хий мэдрэгчээ суурилуулалгүй авдрандаа хийсэн, эсвэл батарейгүй болсон тул хэрэглэхээ больсон гэх хариултыг өгчээ. Иргэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахын тулд угаарын хий мэдрэгчийг авдрандаа хадгалах бус ажиллаж буй эсэхийг сайтар шалгахыг уриалж байна.

Буруутгахаасаа өмнө зөвлөмжийг дага!

Иргэд угаар мэдрэгч болон сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар 7011- 9400 дугаар утсанд хандан мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой юм. Угаарын хий мэдрэгч тань тасралтгүй дугарах үед төвөгшөөж батарейг нь салгахаасаа өмнө гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна гэдгээ бодох хэрэгтэй. Угаартсанаас болж тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч, “тархины үхжил” үүсэх, цаашлаад амиа алдах өндөр эрсдэлтэйг мартаж үл болно. Зарим хүн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг худлаа дуугарлаа гэдэг. Гэвч тухайн мэдрэгч нь маш нарийн угаарыг ч мэдрэх чадвартай болохыг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Хэрвээ та тухайн төхөөрөмж ажиллаж байгаа эсэхэд эргэлзсэн бол шалгаад үзээрэй. Ногоон гэрэл 30-50 секунд тутамд асаж унтрах нь хэвийн зүйл. Харин улаан гэрэл 30 секунд тутамд асаж унтраад байвал батарей солих шаардлагатай. Шар гэрэл асаж унтрах юм бол доголдолтой ажиллаж байна гэсэн үг. Хэрвээ угаарын хий мэдрэгчийн улаан гэрэл анивчиж, дэлгэцний гэрэл идэвхжээд дэлгэц дээр 30 РРМ зааж байвал угаарын хий хуримтлагдсаныг илэрхийлнэ. Энэ тохиолдолд гэр болон байшинд агаар сэлгэлт хийх, зуух болон пийшингийнхээ битүүмжлэлийг шалгах хэрэгтэй. Ингэснээр угаарын хийн гүн хордлогод орохоос сэргийлэх юм.

Түүнчлэн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг байрлуулахдаа унтлагийн өрөөний хана болон таазанд, гэрт бол орны ойролцоо буюу галлагааны хэсгээс 4.5 метр зайтай байрлуулах ёстой гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Мөн тоосжилт ихтэй газар, цонх, хаалга болон угаалгын өрөөний ойролцоо байрлуулж болохгүй гэдгийг бүү мартаарай.