“Дотоод оршихуйгаа ертөнцийн мөн чанартай сүлсэн эрс шулуун агаад яруу үзэсгэлэнт дуу хоолойнх нь төлөө”.

Энэ бол Нобелийн шагнал хүртсэн гайхшрал догдлол нь дөнгөж сарниж амжаагүй яруу найрагч Луйс Глюк хатагтайд Нобелийн хорооноос өгсөн товч тодорхойлолт.

Хэдийгээр Луйс Глюкийн яруу найраг Грекийн үлгэр домгоос сэдэвлэсэн нь олонтаа ч түүний уран бүтээлийн хамгийн голч мөнчанар нь хүн төрөлхтний түгээмэл хэлээр туурвих эрмэлзэл гэж Нобелийн хороо үзжээ.

Хатагтай Луйс Глюк 1943 онд Нью- Йоркт төржээ. Тэрээр Колумбын их сургуульд суралцаж, Йель, Бостон, Айовагийн их сургууль, коллежид утга зохиол зааж байлаа. Эдүгээ тэрээр Йелийн их сургуульд утга зохиолын профессор ажээ.

Түүний гэр бүл амьдрал ямагт бат тогтвортой байсан ч, өөрийн дотоод ертөнц ч үргэлжид таатай байсангүй. Насанд хүрсэн эмэгтэй болсныхоо дараа бичсэн эсээндээ тэр залуу насандаа мэдрэлийн хүндхэн хямралтай нүүр тулж явснаа дурссан нь бий. Үүнийгээ тэр том эгчээ алдсанаас гадна ээжийнхээ өмнө өөрийн бие даасан байдлаа хадгалан үлдэхийг эрмэлздэг байснаар тайлбарлажээ. Энэхэн үедээ тэр бүр сэтгэл зүйчид хандахад хүрч, коллежид элсэхээс татгалзаж байсан удаатай гэнэ.

Тэрээр Сара Лоуренсийн коллежоос яруу найргийн хичээл авч, Колумбын их сургуулийн яруу найргийн семинарт суудаг болов. Бүсгүй хар бага таван наснаасаа шүлэг бичиж эхэлсэн. Эцэг, эх нь багаас нь Данте Алигьерийн туульс, Жанне д’Аркийн баатарлаг түүх, Эртний Грекийн домгийг уншиж өгдөг байсан нь охинд гүнзгий нөлөөлж, хожмоо грек домгуудаас тэр онгодоо дуудаг болсон гэх.

Луйза 1968 онд “Ууган” түүврээр яруу найргийн гараагаа чангахан эхлүүлэв. Энэ бүтээлийнх нь төлөө түүнд Америкийн яруу найрагчдын академийн шагнал олгожээ. Яруу найрагчид, шүүмжлэгч нар өндөр үнэлгээ өгч хүлээлт үүссэн ч Глюк удаан хугацааны турш дараагийн номоо гаргасангүй. Уран бүтээлийн хямралаа тэр даван гарч чадахгүй л байв. Харин Вермонт дахь Годдард-коллежид яруу найраг заахаар уригдсан нь түүнд томоохон түлхэц болсон гэдэг.

Үүнээс урьд тэрээр “яруу найрагчид, зохиолчид багшлах ёсгүй” гэсэн үзэлтэй байв. “Таны амьдрал урлагт зориулагдсан, түүнээс анхаарал алсруулж, сарниулах шалтаг бүхэн алдаа. Хэн гэдгээ бурхан тэнгэр, хувь заяаныхаа өмнө нотлохын тулд хамаг боломжоо шавхах хэрэгтэй” гэж тэр бат итгэдэг байжээ. Гэтэл багшилж эхлээд оюутнуудтайгаа ажиллаж, алдааг засаж залруулан, тулж харьцах нь өөрт нь таалагдаж байгааг ойлгожээ. Энэ нь л түүнд уран бүтээлийн хямралаа давахад нь тусалсан гэдэг. Глюк 1975 онд “Намгийн тэртээх байшин” шүлгийн түүврээ хэвлүүлэв. Шүүмжлэгчид түүний бүтээлээс “онцгой дуу хоолой” сонсогдож буйг тэмдэглэсэн байдаг.

Түүний шүлэг юу өгүүлдэг вэ?

Яруу найрагчийн уран бүтээлийн гол сэдэв нь хүүхэд ахуйн дурсамж, гэр бүлийн амьдрал, аав, ээж, ахан дүүс, эгч дүүсийнх нь хоорондын харилцаа. Эцэг хүүхдүүд, холын хамаатнууд, эхнэр нөхрийн харилцааны талаар тэрээр гурав дахь буюу “Уруудсан хүн” түүвэртээ өгүүлжээ. Ном хэвлэгдээд удаагүй байхад яруу найрагчийн гэр орон галд хайлсан байна. Ингээд тэр эмгэнэлт үйл явдлаар сүлжсэн эртний грекийн домогтоо эргэн живж “Ахиллын ялгуусан ялалт” түүврээ бичив. Энэ түүвэр нь түүнд 1985 онд АНУ-ын Үндэсний номын шагнал авчирчээ.

Амьдралынх нь гунигтай эргэлтүүд Луйс Глюкийн уран бүтээлд хэзээд түлхэц өгсөн байна. Эцгийнхээ нас барсны дараа хэвлүүлсэн “Арарат” түүвэртээ яруу найрагч орь зовлонгийн дууч болж хувирна. Хүлцэхэд хэцүү тэр хүнд гунигт дүрслэлүүд нь шүүмжлэгчдийг бишрүүлсэн юм. Түүний хамгаас алдартай “Цасны гадарга” хэмээх шүлэгт:

Эргэн амилж чадахгүй нь би,

Эх дэлхийн жин намайг номхуурлнам. Эргэн

Сэрж чадашгүй нь би, эх дэлхийн

Гунигийг энэ биеэрээ мэдэрнэм...

гэсэн хүчирхэг дүрслэл бий.

Гэхдээ тэр үргэлж л ийм сэдвээр бичээгүй ээ. “Зэрлэг цахилдаг” түүвэрт нь гол баатрууд нь цэцэгс болон үхэшгүй мөнхийн тухай цэцэрлэгчтэй үг хэлэлцдэг. “Яргуй” хэмээх шүлгийг нь Нобелийн хороо “гайхалтай сайхан” хэмээн тэмдэглэжээ. Өвлийн гүнд нуугдсан цэцэг амьдралдаа эргэн ирж буй тухай дүрслэл тэнд бий. Яргуй амьдралдаа эргэн ирнэ гэж найдаагүй, байгалийн энэрэлгүй хуулиар үгүйрч одоход бэлэн. Гэтэл тэр шим ертөнцийн шинэдийн салхинд тэр ахин инээмсэглэх тавилантай байжээ.

“Аверно” (Эртний Ромчууд харанхуй ертөнцийн хаалга гэж үздэг байсан Наполи хотоос холгүй орших галт уулын нэр) түүвэрт газар доорх Үхэгдэгчдийн харанхуй вант улсад аргагүйн эрхэнд Аидагийн олзонд байсан Персефоны домгийг шинээр зураглан өгүүлдэг. Тухайлбал, хүмүүс хэн нэгнээ шийтгэхдээ таашаал авдаг тухай, нэн ялангуяа, төсөөлшгүй яргалалд сэтгэлд татагддаг тухай энэ түүвэрт өгүүлнэ. Түүнчлэн орчин цагт амьдарч буй атлаа хувь тавилангаа дуулгавартай дагаж амьдардаг бүсгүйчүүдийг Персефоны тавилантай зэрэгцүүлэн үзсэн нь бий.

Өөрөөр хэлбэл, эдгээр эрэлхийлэл нь дэлхийн хаана ч суугаа ямар ч хүнд ойлгомжтой, “хувь ганц оршихуйгаа хүн төрөлхтний нийтлэг мөн чанарын үүднээс нээн илэрхийлсэн, шударгуу үнэн, дахин давтагдашгүй яруу найргийн дуу хоолой болж” чадсаныг Нобелийн хороо онцгойлон үнэлсэн хэрэг.

Глюкийн бичлэгт гашуун шоглолын уур амьсгал ч нэвчээстэй бий. “The New Yorker” сэтгүүлийн шагнал авсан “Шинэ амьдрал” түүвэр ингэж төгсдөг:

Амьдрал минь төгсөж, зүрх минь өмөрч дууссан л даа.

Авчиг, би Кембриж рүү нүүж байна.

Нобелийн хорооны дарга Андерс Ойлсон “Шинэ амьдрал” түүврийг, “Данте сэтгэлт бүсгүй Беатричегээ онгодын тэнгэр болгодог шиг, эртний шүлэгчийн “La Vita Nuova” бүтээлээс яруу найрагч бээр онгодоо дууджээ” хэмээн тайлбарлажээ.

Луйсийн шүлгийн хэм хэмнэл юун түрүүн уншигчийн сэтгэлийг татдаг гэдгийг Ойлсон ийн онцолсон байна:

“...Амьдрал үхлийн ямар ч харшилдаант сэдэвт нэвтрэхдээ тэр гунхалзсан, хөнгөн аястай байх юм. Аялан яваа шүлгүүд нь манант алсад сүүмэлзэх дурсамж мэт санагдана. Заримдаа хэмнэл нь цочирхон тасалдана. Гэхдээ, онгодын эрч нь алдралгүй эргэн ид шидийн ертөнцийг амилуулан босгож ирнэ... Энэ мэтээр тэрээр ямар нэгэн шинэ эргэлт, шинэ мэдрэмжийн өмнө айзам хэмнэлээ зориудаар тасалдуулна...”