Америкийн адармаат сонгууль

2016 оны арваннэгдүгээр сарын 8-ны мягмар гараг. Үндэсний хэмжээнд явуулсан дийлэнх санал асуулгыг нэг жил гаруйн турш хошуучилж явсан Хиллари Клинтон сонгуульд ялагдаж, Нэгдсэн Улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгч хэмээн бичигдэх боломжгүй болов.

Цагаан ордон, Конгресст хяналтаа тогтоосон Бүгд Найрамдахчуудын ялалт Ардчилсан нам, Хиллари Клинтон, либерал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд давхар цохилт өглөө. Гүн цочролд орсон Хиллари сонгуулиас хоёр хоногийн дараа ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Сонгуулийн орой CNN телевизийн студид ажиллаж байсан нэрт сэтгүүлч Вольф Блитцерийн царайнаас Доналд Трампын ялалт ямар гашуун байсан нь илт мэдрэгдэнэ. Блитцер үгээ зөөж ядан Хиллари Клинтон тэр мужийн, тэр тойрогт ялж байгаа тухай мэдээ ирлээ хэмээн ярина. Гэтэл ерөнхий дүнгээрээ улс даяар Трамп ялах нь нэгэнт тодорхой болсныг Гүүгл шуурхай мэдээлж байв. Нэлээд хэдэн жилийн өмнө Монголд ч ийм зүйл болсон. Манай нэр дэвшигч тэр аймгийн, тэр сумын, тэр багт ялсан гэсэн мэдээ ирлээ хэмээн намын нэг дарга бувтнах зуур ерөнхий дүнгээрээ нам тавиулчихсан зогсож байсан шиг.

Доналд Трамп бизнесийн салбараас улстөрд орж ирсэн. 2016 оны сунгаанд Бүгд Найрамдах намын удирдлагуудын хүсч, дэмжиж байсан олон нэр дэвшигчийг өвдөг шороодуулсаар Цагаан ордонд залрав аа. Доналд Трамп хамтран ажиллахад тийм ч таатай, нийцтэй хүн биш ээ. 2017 оны нэгдүгээр сарын 20-нд ажлаа авснаас нь хойш түүний Засгийн газрыг сайн дураараа орхисон, халагдсан, огцруулсан албан тушаалтнуудын нэрс хэдэн арваараа яригдана. Холбооны мөрдөх товчооны дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Батлан хамгаалахын сайд, Гадаад хэргийн сайд, хэвлэлийн албаны дарга нар нь хэдэн ч удаа солигдсоныг тоочих аргагүй. Трамп ичгүүргүй үг яриатай, дур зоргоороо аашилдаг, зөвлөгөө хүлээж авдаггүй гэх шүүмжлэлийг олон ч хүн ярьсан. Гэхдээ л Трамп сонгуульд ялсан. Тэр Засгийн газрын тэргүүн. Улс төрийн бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Саяхан Өмнөд Африк гаралтай тэрбумтан Илон Маск хэвлэл мэдээллийн том компаниудыг хурцаар шүүмжилжээ. “Та бүхэн олны итгэлийг алдаад удаж байна. Хэн ч та нарт итгэхээ больсон” гэж Маск хэлэв. Илон Маск коронавирусын хөл хорио, вакцины бизнесийг хүчтэй эсэргүүцдэг. Америкийн хэвлэлүүд коронавирусын цар тахлыг хэт дөвийлгөж, иргэдийг айдаст автуулж буйг зөвхөн Илон Маск ч биш, Бүгд Найрамдах намын угшилтай зарим муж, хотын захирагч нар хэлж буй. Америкчуудад мөнгө, орлого, ажлын байр хэрэгтэй гэх тэдний дуу хоолой либерал хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд заларч буй сэрэмжлүүлэг, гамшигт мэдээнүүдэд дарагдчихжээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд саяхан хуралдаад дэлхий даяар коронавирусын халдварын бодит тохиолдол нь Жонс Хопкинс Их сургуулийн тооцоолсон шиг 35 сая биш, 800 саяд хүрсэн байж магад тухай ярьчихлаа. Дэлхийн нийт хүн амын арван хүн тутмын нэг нь гэсэн үг. Тэгэхээр коронавирусын халдвар чинь улирлын чанартай ханиад, томуутай бараг адилхан уу? Доналд Трамп өөрөө коронавирусын халдвар авч, эмнэлэгт хэвтээд гарсныхаа дараа яг ийм утгатай зүйл бичсэн чинь нийгмийн сүлжээний компаниуд устгачихаж байна билээ.

Америк, Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд либерал, консерватив, зүүн, барууны үзэл баримтлалаараа хоёр талдаа ялгарчихдаг нь амар. Тэр телевизийн эзэн нь хэн бэ? Түүнийг хэн санхүүжүүлдэг вэ гэж төөрөлдөх шаардлагагүй. Гэхдээ нэр хүндтэй хэвлэл мэдээллийн компаниуд бодит байдлыг дэвэргэж, нийгмийг өдөөн турхирах нь ёс зүйгүй гэдгийг шүүмжлээд байна шүү дээ. Үнэндээ 2016 оноос хойш CNN, ВВС зэрэг Америк, барууны нэр хүндтэй том телевизүүд Доналд Трампын талаар эерэг, ядахнаа бодит байдлыг нь бичсэн мэдээлэл тавьсан нь тун цөөн. АНУ-ын Засгийн газрын тухай мэдээний бичвэртээ Доналд Трампыг өөнтөглөсөн утгатай ганц хоёр өгүүлбэр оруулахын тулд нэр хүндтэй сэтгүүлч, тоймч нар нь өдөр шөнөгүй толгойгоо гашилгадаг гэмээр. Холливүүдийн нэрт жүжигчин, зүүний үзэлтэн Жэйн Фонда “Ковид-19 бол Америкийн зүүнтнүүдэд өгсөн бурхны бэлэг” гэж ярьсан нь нийгмийн сүлжээ даяар шуугиан тарилаа. АНУ-д хамгийн олон хүн коронавирусын халдвар авч, хамгийн олон хүн нас барсан. Доналд Трамп коронавирусын халдварыг үл тоомсорлож, тааруухан ажилласан гэж Ардчилсан нам буруутгаж буй. Яг үүнийг нь ашиглаад Трампыг ялчихъя гэж алдарт жүжигчин санал болгожээ. Дэлхий нийтээр тархсан цар тахалд зөвхөн Доналд Трамп буруутай юу? Европ тивийн улс орнуудад хүйтэн сэрүүний улирал эхэлж, халдварын тохиолдол нэмэгдээд эхэллээ. Хүн төрөлхтөн коронавирусын халдварыг бүрэн устгаж чадахгүй, өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдсэн бусад халдваруудтай адилхан зэрэгцэн оршихоос өөр аргагүй гэдгийг тэргүүлэх мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна. Дүр зураг ийм байхад Трампыг коронавирусээр нам цохиж унагана гэх санааг ичгүүргүй, увайгүй гэж шүүмжлэхээс өөр яах вэ.

АНУ-ын Ардчилсан намынхан Трампыг Кремль, Путин, оросуудтай сүлбээтэй эсэхийг тогтоох гэж хоёр жил гаруй мөрдлөг явуулаад бүтэлгүйтсэн. Дараа нь Украины Ерөнхийлөгчийг дарамталсан хэргээр огцруулах гэж үзээд мөн амжилт олоогүй. Сонгууль хүртэл 20 гаруй хоног үлдээд байхад Конгресс дахь Ардчилсан намын лидер Нэнси Пелоси шинэ санаа сэджээ. Тэр нь коронавирусын халдвар авсан ч ажилдаа эргэн ороод буй Доналд Трамп эрүүл мэндийн хувьд АНУ- ын Ерөнхийлөгчөөр ажиллах чадвартай эсэхийг шалгуулах санал юм байх.

Америкийн сонгууль ийнхүү зугаатай бас адармаатай үргэлжилж байна. Ирэх дөрвөн жил Цагаан ордонд хэн амьдрахыг арваннэгдүгээр сарын 3-нд шийднэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Трамп коронавирусыг зүгээр л ханиад гэж хэлсэн нь маш буруу байсан

    0 0 Хариу бичих