Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр олон зөрчил дутагдалтай зүйл илэрснийг нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа хэлэв. Тэрбээр "НИТХ-ын сонгуульд АН нэг дүүрэгт ялалт байгуулж, нийт найман суудал авлаа. Сонгуулийн үеэр эргэлзээ төрүүлсэн олон асуудал гарсан. Хуулийн байгууллагаас хариу ирээгүй байна. Олон асуудлыг хууль шүүхийн байгууллагаас шалгаад явах байх.

Эрх баригч нам төрийн байгууллагуудыг өөрийн талд ажиллуулсан байх магадлалтай. УБЕГ-аас сонгогчдын нэрсийн жагсаалтыг нууцалсан. Сонгогчид санал өгөхдөө хурууны хээгээ ч уншуулаагүй тохиолдол гарсан. Энэ тохиолдолд нэг хүн 5-6 удаа ч санал өгсөн байх магадлалтай.

АН ялагдсандаа тайлбар шалтаг тоочиж  байгаа юм биш. Цар тахлаас болж энэ удаагийн сонгуульд гаднын ажиглагчид оролцсонгүй. Санал тоолох машины дүн Сонгуулийн ерөнхий хорооны сервер рүү шууд очих ёстой. Магадгүй өөр газраар дамждаг байх эргэлзээг ч дагуулж байгаа. Мэдээллийн технологи хөгжөөд байхад СЕХ буцаад ухарчихсан. Ядаж нийслэлийнхээ саналын дүнг дэлгэцээр харуулсангүй" гэлээ.