Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн талаар нийслэлийн МАН-ын хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын хуульч Ү.Амарбат “Өрсөлдөгч намууд сонгогчдын саналыг худалдаж авах олон зөрчил гаргаж байна. Өрсөлдөгч намууд сонгуулийн дүн хүссэнээр нь гарахгүй бол иргэдийг турхирах үйл ажиллагааны суурийг тавьж байна. Тухайлбал, Өмнөговь аймагт харамсалтайгаар нас барсан иргэнийг МАН-ын нэр дэвшигч хөнөөсөн гэх мэт худал мэдээлэл тарааж байна.
Баянгол дүүрэгт С.Эрдэнийн өмчлөлийн амралтын газарт дөрвөн хоног амраах эрхийн бичиг тараасан асуудал гарсан. Энэ талаарх гомдлыг холбогдох байгууллагуудад гаргасан. Мөн Баянгол дүүрэгт автомашинаар иргэдийг зөөсөн зөрчил гарсан.
Чингэлтэй дүүрэгт АН-ын нэр дэвшигч ухуулагч нартаа сэтгүүлийн хамт мөнгө тараасан нь илэрсэн. Мөн сонгогчдын нэрсийн жагсаалтыг хувилж тараасан асуудал гарлаа.
Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч М.Тулгат 50 сая төгрөгийг 100, 100 мянгаар нь тарааж байгаад баригдсан. Энэ мэт сонгуулийн хууль зөрчсөн асуудал их гарч байна.
Сонгуулийн санал авах хугацаа хаагдахад нэг цаг хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс саналаа өгөөгүй иргэдийг саналаа өгөхийг уриалж байна" гэв.