Орон нутгийн сонгуулийн талаар нийслэлийн АН-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “иргэд саналаа өгөх хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд АН-д алдаа дутагдал байсан. Юу хийж чаддаг вэ гэдгээ ч харуулсан. 2012-2016 оны хооронд АН нийслэлд анх удаа засагласан. Энэ хугацаанд олон сайн ажил хийсэн. Харамсалтай нь, бидний хийснийг МАН-ынхан үргэлжлүүлж чадсангүй. Монголын ардчиллын төлөө, монгол хүний төлөөх чухал цаг үе юм шүү. Тиймээс нийт ард иргэдээсээ саналаа өгөхийг гуйж байна. Ардчиллаа хамгаалах үйлс саналаа өгөх хэмжээнд үнэлэгдэж байна. Нөхцөл байдал хэцүүвтэр байна. Бид хууль хүчний байгууллагуудыг үнэхээр дийлэхгүй байна. Хоёрхон цагийн хугацаанд саналаа өгч, дэмжлэгээ үзүүлэхийг хүсэж байна” гэсэн юм.
Мөн энэ үеэр АН-ын хуульч Д.Түвшинтулга "Намын ажиглагч нараас хангалттай мэдээлэл ирж байна. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Б.Оюун-Эрдэнийн гэрт цагдаа нар нэгжлэг хийхээр очсон байна. М.Тулгат нэр дэвшигчийг худал мэдээллийн дагуу саатуулсан гэсэн мэдээлэл ирсэн. Тухайн сонгуулийн хорооны зөвшөөрлийн дагуу нэр дэвшигчийг саатуулах, нэгжлэг хийх эрхтэй. Гэвч шууд л гомдол ирсэн гээд саатуулж болохгүй. Мөн Чингэлтэй дүүрэгт МАН-аас ногоон наалт наасан таних тэмдэгтэй 30 гаруй машинаар хүн зөөж байгаа нь үйлдэл дээрээ илэрсэн. Тиймээс бид гомдол гаргаж байна" гэсэн юм.