Парламентын сонгуулийн санал хураалтын дараагаас тогтворгүй байдал үүсээд буй Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ.

Аравдугаар сарын 4-ний өдөр болсон парламентын сонгуульд 16 нам оролцсоноос Ерөнхийлөгч болон нөлөө бүхий улстөрчдөд ойр байдаг 4 нам 7 хувийн босгыг давж, парламентад суудал эзлэхээр болсон юм. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн 6-ны өдөр парламентын ордон болон бусад засаг захиргааны байрыг эзлэн авч, Ерөнхийлөгч асан А.Атамбаев тэргүүтэй авлигын хэргээр ял эдэлж байгаа улстөрчдийг суллажээ. Үүний дараа Сонгуулийн Ерөнхий хороо санал хураалтын дүнг хүчингүй болгов. Улмаар ерөнхий сайд, парламентын дарга, Бишкек хотын дарга нар огцорчээ. Даваа гарагт парламентын шийдвэрээр Садыр Жапаровыг ерөнхий сайдаар томилсон боловч Ерөнхийлөгч С.Жээнбеков түүнийг батламжилаагүйгээр барахгүй нийслэл Бишкект онц байдал зарлаж, цэргийн ангиудыг хот руу оруулжээ.

Жээнбеков улс орон нь хууль ёсны зам руугаа буцаж орсны дараа ажлаа өгнө гэж байсан ч өнөөдөр албан тушаалаас буухаар боллоо. Тэрээр  "Би Киргизийн түүхэнд иргэдийнхээ өмнөөс буу шагайж, цус урсгасан Ерөнхийлөгчийн хувиар үлдэхийг хүсэхгүй байна. Тиймээс би огцрохоор шийдсэн" гэж мэдэгджээ.