Үнэ цэнээ тодорхойл - Өөрөөр сэтгэ!

Apple дэлхийн топ 5 брэндийн нэг. Хэдий ийм том, алдартай брэнд ч гэсэн энэ статусаа хадгалахын тулд байнга хөрөнгө оруулалт хийж, тогтмол бусдад хамаатай байхыг хичээх ёстой болдог. Брэнддээ хөрөнгө оруулаагүйн улмаас алдаж байсан алдаа Apple-д байдаг бөгөөд үр дүнд нь хэрэглэгчдээ мэдрэхээ болих шахсан түүхтэй.

Дээрх алдаа дээрээ суурилан Жобс олон нийтийн харилцаан дээрээ шилжилт хийж дараах хоёр зүйл дээр төвлөрчээ.

1. Маркетинг гэдэг бол үнэ цэнэ.
2. Энэ их мэдээлэл, шуугиан дунд хөлбөрч байгаа зах зээлд хэрэглэгчид танай компани болон брэндийн тухай юуг нь заавал мэдэх ёстойг маш тодорхой байдлаар ойлгуулж харилцах.

Дээрх хоёр зүйлийг хэрэгжүүлж, асуудлаа шийдэхийн тулд Apple дараах зүйлсийг хийжээ. Үүнд:

- Бүтээгдэхүүнийхээ хурд болон үйлчилгээний үнэ, шимтгэлийн тухай ярихаа болив
- Бит, герцийн тухай ч дурдахаа болив
- Өөрсдийгөө Windows-той жишин харьцуулдаггүй болов
- Ерөнхийдөө өөрсдийнхөө бүтээгдхүүний тухай ярихгүй байхыг эрхэмлэх болов.

Яагаад? Энэ асуултанд Жобс дараах хоёр кэйсээр хариу өгчээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүний салбар сүү танд хэрэгтэй гэдэг мессежийг олон нийтэд хүргэхийг зорьдог. Гэхдээ тэд сүү гэдэг бүтээгдэхүүн, брэндээ байнга яриад байдаггүй. Тэд сүү, сүүн бүтээгдэхүүн хүүхэд, хүмүүст дутагдаж байгаа баримт, дутагдвал хүний биед ямар нөлөө үзүүлдэг контекст дээр илүү төвлөрдөг.

Nike брэнд спортын хувцас зардаг хэдий ч тэд өөрсдийн бүтээгдэхүүний шууд рекламддаггүй. Тэд хувцасны шинэ функц, шинэ дизайныг онцолдоггүй. Харин тэд агуу тамирчид, алдартай спортыг онцолж олон нийттэй харилцдаг.

Apple-д сайн бүтээгдэхүүн байдаг хэдий ч Жобс энэ тухай байнга онцолж ярихыг хүсээгүй. Харин тэр Apple компани гэж хэн болох, юу хийдэг тухай, юуны тулд оршин тогтнож буйг олон нийтэд ойлгуулахыг хүссэн. Компанийнхаа үнэ цэнэ, эрхэм зорилго, алсын харааг олж, үүнийгээ маркетингийн кампанит ажил болгож чадсан нь түүний амжилт байжээ. Манай харилцагч бүр Apple компани гэж хэн болох, ямар зорилготой ажилладаг тухайг мэддэг байх ёстой гэж хэлж байв.

Жобс Apple компанийн үнэ цэнийг дараах байдлаар тодорхойлжээ. Хүсэл эрмэлзлэл, тэнүүн тэмүүлэлтэй хүмүүс дэлхийг одоо байгаагаас нь илүү сайжруулан өөрчилж чадна. Галзуу мэт өөрөөр сэтгэдэг ийм хүмүүст шууд итгэхэд хэцүү ч тийм хүмүүст л өөрчлөлт хийх хүсэл, үйлдэл хийх зориг байдаг. Apple компани ийм хүмүүсийг дэмжиж, тэднийг хүчирхэгжүүлэхийн төлөө оршин тогтноно.

Дээрх үнэ цэнээ бодит ажил хэрэг болгохын тулд дэлхийг өөрчилсөн хүмүүсийн гавъяаг хүлээн зөвшөөрч, хүндэлж, бахархал болгож эхэлсэн. Тэдгээрийн зарим нь амьд сэрүүн байгаа бол зарим нь хэдийнэ бурхан болсон. "Дэлхийг өөрчилсөн том гавъяаг байгуулсан тэнгэрийн оронд одсон эрхмүүд амьд байсан бол Mac л хэрэглэх байсан" гэдэг алдарт үгийг Жобс мөн хэлж байв.

"Өөрөөр сэтгэ" концепц төрсөн түүх ийм ажгуу. Бид ч бас компанийнхаа үнэ цэнийг тодорхойлж, үндсэн философийг нь урлаж, өөрөөр сэтгэдэг хүмүүсийг хүндэлж, сонсож, хүлээн зөвшөөрч байж гэмээнэ орчин нөхцөл, ажиллаж буй салбар, цаашилбал дэлхий ертөнцийг өөрчлөх нигууртай ажгуу.

Xs-ээ 12 болгоё доо:)

Apple - Think Different ориг видеог нь үзнэ үү.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)