Өнөө өглөө ажилдаа ирээд сурсан заншлаараа интернэт шүүрдэж суутал “Францын музей Чингис хааны сэдэвтэй үзэсгэлэн гаргахаа хойшлууллаа” гэсэн гарчигтай мэдээ байхаар нь орж сонирхлоо.
Францын Нант хотын музей БНХАУ-тай явуулж ирсэн олон жилийн хамтын ажиллагаагаа цуцалж байгаагаа зарлажээ. Нант хотын музей БНХАУ-ын ӨМӨЗО-ны музейтэй хамтран Чингис хааны тухай үзэсгэлэнг ирэх оны эхний улиралд зохион байгуулахаар тохирсон байсан аж. Уг нь энэ жил байсан ч цар тахлын улмаас хойшилсон төсөл юм. Гэтэл сая БНХАУ-аас үзэсгэлэнгийн контекстийг өөрчлөх санал ирүүлсэн нь хамтын ажиллагаагаа цуцлах үндэслэл болжээ.
Хятадын эрх баригчид үзэсгэлэнгээс "Чингис хаан", "Эзэнт гүрэн", "Монгол" зэрэг нэр томъёог хасч, текст, газрын зураг, каталог, харилцаа холбоо зэрэг бүх бүтээлд хяналт тавих хүсэлт гаргасан аж. Музейн удирдлага энэ хүсэлтийг нь “Хятад улс "үндэсний шинэ түүхийн ашиг тусын тулд" Монголын түүхийг арилгах гэсэн оролдлого, хүн төрөлхтний түүхийг үгүйсгэсэн увайгүй үйлдэл” гэж үзсэн учир хэчнээн олон жил хамтарч байсан ч гэрээгээ цуцалсан байна.
Хамгийн хачирхалтай нь, Францын музей үзэсгэлэнг цуцлаагүй, Европ, АНУ-ын шинэ түншүүдээсээ үзмэр авах хэрэгтэй болсон учир Чингис хааны үзэсгэлэнг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан албан ёсны цахим хуудастаа бичжээ. Францууд Чингис хааны үзэсгэлэн гаргахдаа БНХАУ-тай хамтарч, тэгээд болихдоо Монгол биш Европ, АНУ-ын түншүүдэд хандсаны учрыг мунхаг би ухаж ойлгосонгүй. Музейн албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлэл байсангүй. Гэхдээ ямартай ч монголчуудын түүхэнд шударгаар хандсан Францын музейн удирдлагуудад талархах сэтгэл төрж байлаа.
Музейн захирал Бертран Гийлет хэвлэлд өгсөн ярилцлагадаа Бээжингийн өвийн газраас бичсэн шинэ конспект нь төсөлд тавигдах анхдагч цензур байсан, Тэр ч бүү хэл үзэсгэлэнгийн нэрийг "Дэлхийн Хятадын тал нутгийн соёл" болгон өөрчилсөн байсан талаар ярьжээ.
Б.Гийлет энэ шаардлагуудтай танилцсаныхаа дараа түүхчид мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, улмаар эцсийн дүндээ Хятад улстай байгуулсан хамтын ажиллагаагаа цуцалж, уг төслийг сэргээн босгохоор шийдсэн байна. Тэрбээр энэ шийдвэрийг "хүн төрөлхтөн, шинжлэх ухаан, ёс суртахууны үнэ цэнийн үүднээс" гаргасан гэж мэдэгдсэн гэж Ouest-France мэдээлжээ.