Хичээлийн шинэ жилийн эхний улирал талдаа ороод байхад сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байна гэх шүүмжлэл эцэг эхчүүдийн зүгээс гаргах болсон. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

-Сургуулийн зүгээс захиалгаа нэмж өгөөд дор бүр нь асуудлаа шийдээд явж байгаа-

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Энэ жил ашиглах сурах бичгийн судалгаа, тоог өнгөрсөн хавар авсан. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй  сурах  бичгээр хангах бол дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд нь тодорхой судалгааны үр дүнд үнэ төлбөргүй олгож байгаа. Үлдсэн хүүхдүүд нь түрээсийн сурах бичиг ашиглана. Өнгөрсөн хавар 4-5 дугаар сараас эхлэн бүх боловсролын байгууллага хүүхдүүдийн тоогоо нэгтгэн яаманд хүргүүлсэн. Үүний дагуу сурах бичиг нийлүүлэгдсэн ч хавар өгсөн захиалгын тоо намар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сурах бичиг дутсан асуудал яригдсан. Тийм тохиолдолд сургуулийн зүгээс захиалгаа нэмж өгөөд дор бүр нь асуудлаа шийдээд явж байгаа” гэлээ.

-Түрээсийн сурах бичгийн талаар мэдээлэл өгөөд байхад өөрсдөө худалдаж авдаг эцэг эхчүүд ч байна-

Сурах бичгийн асуудал газар дээрээ ямар байгааг тодруулахаар нийслэлийн II дугаар сургуулийг зорин номын санчтай нь уулзлаа.

II сургуулийн номын санч Ю.Намсрай “1-5 дугаар ангийн хүүхдүүдийн сурах бичиг 100 хувь тараагдаад дууссан. Гэхдээ сурах бичгийн асуудал дээр анхаарах зүйл байна. Нэг сурах бичиг гэхэд л хуудас зөрүүлэн хэвлүүлсэн тохиолдол цөөнгүй. Тэр алдаатай болгоныг засах боломжтойг нь засан боломжгүйг нь дахин захиалж авч байна. Жишээ нь математикийн ном ирлээ гэхэд эхний хуудас дээр нь 200 дугаар хуудсыг гэх мэтээр хэвлэгдээд ирэхээр багш нарт хичээл заахад хүндрэл үүсдэг. Дээрээс нь номын санч бид тухайн ондоо ирсэн номоо хүүхдийнхээ тоонд хүргэхийн тулд аль болох салгаж үдэх зэргээр ажлын ачаалал нэмэгдэж байгаа.

Цар тахлын улмаас хавар сурах бичгээ хурааж аваагүй болохоор одоо номоо буцааж аван тарааж байна. 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн 40 хувьд сурах бичгээ 100 хувь тараасан.

Түрээсийн сурах бичгийн тухайд:

·         зургаадугаар ангид 183 багцаа бүрэн тараасан

·         долоодугаар ангид 180 багц байгаагаас 80 хувийг нь тараан 20 хувь нь үлдсэн

·         наймдугаар ангид 165 багц байгаагаас 100 хувь тараагдсан

·         аравдугаар анги 99 багц байснаас 100 хувь тараагдсан

Үүнээс 9, 11, 12 дугаар ангийн сурах бичгүүд 50 хувь нь тараагдсан 50 хувь нь үлдсэн байна. Түрээсийн сурах бичгийг эцэг эхчүүд бүгд авахгүй байна. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудал ч бий. Манай сургуульд сурагчдын тоогоор хэрэгцээтэй сурах бичиг 100 хувь ирсэн. Түрээсийн сурах бичгийг чинь заавал ав гэж тулгаад байх боломжгүй шүү дээ. Түрээсийн сурах бичгийн талаар мэдээлэл өгөөд байхад өөрсдөө худалдаж аваад манайд байгаа авахгүй гээд байгаа эцэг эхчүүд ч байна. Түрээсийн багц ном 17200-21000 мянга гээд нэг сурах бичгийн түрээс 1000 гаран төгрөг буюу хамгийн хямд зардлаар төр засгаас бодоод өгч байхад өөрсдөө өндөр үнээр худалдаж аваад сургуулийн захиргаанд буруу өгөх ч асуудал байна. Манайх хичээл эхлэхэд сурах бичгээ 100 хувь татсан байсан. Эцэг эхчүүд түрээсийн сурах бичгийг бэлэн мөнгөгүй байна гэж хойшлуулсаар есдүгээр сарын 20-ноос хойш идэвхтэй авч эхэлсэн.

Дээрээс нь жил бүр нэгдүгээр ангийн сурах бичгийг хэвлэнэ. Одоо 2019 оны сурах бичгийг энэ жил ашиглахгүй. 2020 оны сурах бичгийг ирэх хавар ашигладаггүй. Хэрвээ сурах бичгийн агуулга солигдохгүй бол бид сэлбэн засаад цэвэрлээд эдийн засгийн хэмнэлт хийх боломж байгаа. Манай сургуулийн номын сан уран зохиолын 5000 гаран ном, 20 мянга гаран сурах бичигтэй” хэмээн ярьсан юм.

Алдаатай сурах бичиг хэвлэгдсээр л...

Алдаатай сурах бичгийн наад захын жишээг харуулья. 2020 онд хэвлэгдсэн VIII ангийн Уран зохиолын ном гэхэд л 20 дугаар хуудаснаас химийн хичээлийн III-IV бүлгийн 97-128 дугаар хуудас үргэлжилнэ. 15 хуудас химийн хичээл үргэлжилсээр 53 дугаар хуудаснаас эргээд уран зохиолын хичээл үргэлжилж байх жишээтэй. Энэ мэт хэвлэлийн компанийн хяналт муугаас алдаатай сурах бичиг хэвлэгдэх нь их болсон талаар номын санч хэлж байлаа.

Сурах бичгийн агуулгад өөрчлөлт орсон  эсэх талаар Боловсрол шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2019-2020 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөртөө сайжруулалт хийсэн. Энэ сайжруулалтыг хийх явцад зарим хичээлийн агуулгад анги хооронд шилжиж, зарим нь нэгтгэгдсэн байгаа” гэх тайлбарыг өгч байна.

Түүнчлэн тэрээр 2019-2020  оны хичээлийн жилд Засгийн газрын тогтоолоор бүх сурах бичгийг тухайн сургуулийн номын сангаар дамжуулж сурагчдад түрээслэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд 78 нэр, төрлийн 780 мянга орчим буюу нийт сурах бичгийг хэвлэж, орон нутаг болон нийслэлд хүргүүлсэн. 2020-2021 оны хичээлийн жилд ЕБС-д 680 мянга орчим хүүхэд суралцана гэсэн судалгаа гарсан. Энэ нь өмнөх жилээс 45 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хэрэв тухайн сургуульд сурах бичиг дутаж байгаа бол тоогоо буруу өгсөн гэсэн үг. Ийм сургуулиудад сурах бичиг илүү гарсан сургуулиас хангалт хийх боломжтой” хэмээн ярьсан байдаг.

Хотын төвийн сургуулиудын хувьд түрээсийн сурах бичиг хангалттай тараагдан илүү гараад байгаа. Бид хотын захын хороололд байрлах Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн номын санчтай утсаар холбогдон сурах бичгийн хангалт ямар байгааг тодруулахад "Бага ангийн сурах бичгийг 100 хувь олгосон. Ахлах, дунд ангийн түрээсийн сурах бичиг 20 гаруй хувийн үлдэгдэлтэй байгаа. Түрээсийн сурах бичгийн хүрэлцээ хангалттай байгаа" гэлээ. Мөн тэрээр алдаатай хэвлэгдсэн сурах бичгийг багш нар хичээл дээрээ анхааруулаад засаад явдаг, хүүхдүүд ч алдаатай хэвлэлийг номын сан дээр бариад ирдэг гэв.

Сурах бичиг одоо ч бүрэн багц болж хүрч чадаагүй талаар цахим орчинд эцэг эхүүд гомдоллож байгаа ч бодит байдал дээр эсрэгээрээ сурах бичиг хангалттай байгааг албаныхан ийнхүү онцоллоо.