
Долоо хоног тутмын Үндэстний ТОЙМ сэтгүүлийн 453 дахь дугаар уншигчдын гар дээр очиж байна. ТОЙМ сэтгүүлийн шинэ дугаарын нийтлэлүүдэд хөндсөн онцлох 10 санааг хүргэе.
Санаа 1. Дэлхийн жишгээ дагаж эрчимжсэн мал аж ахуй эрхлэх шаардлага үүссэн.

Дэлхий чинээндээ тулчихаж, харин Монгол яах вэ?
Дэлхий дээр мал аж ахуйн салбар ийнхүү хурдацтай хөгжиж, чинээндээ тулахад ойртож байна. Гэвч энэ нь Монгол Улсад боломж байхгүй гэсэн үг биш юм. Харин ч зам товчлох, илүү хурдан ахих бололцоо бүрдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан судалгаанаас харахад дэлхийн махны хэрэгцээний ихэнхийг гахай (нийт хэрэглээний 36 хувь), тахиа (33 хувь) бүрдүүлж, манайд байдаг үхэр (24), хонь, ямаа (5 хувь) багахан хувийг эзэлж байгаа. Энэ нь бас л манайд боломж байхгүй гэсэн үг биш. Байгаа нөөц бололцоо нь л ийм гэж ойлгох хэрэгтэй юм. Тиймээс манайд зах зээл хангалттай гэсэн үг.
Нийтлэлч Х.Батсайхан
“Хүмүүн төрөлхтний дотроос хөөрхий монгол малчид” нийтлэлээс
Санаа 2. Хос хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлье.

Сонгуулийн сурталчилгааны материалаа казахаар бэлтгэн шүүмжлэлд өртсөн эмэгтэйгээс гадна казах хүүхдүүд “АХА” тэмцээнд оролцож, асуултыг ойлгохгүй, бүдэрч буй бичлэг цахим орчинд тархаж багагүй шуугиан тарилаа. Сонгогчдодоо үзэл, санаагаа ойлгуулахын тулд сурталчилгааны хуудсаа төрөлх хэлээрээ бичсэн нэр дэвшигч, мянга сонсож, зуу давтсан ч монгол хэл, соёл гадарлахгүйн гайгаар асуултад бүдэрч буй хүүхдүүдийн алийг нь ч буруутгахад бэрх. Харин дээрх үйл явдлууд боловсролын жигд хүртээмж болон 2014 оноос хойш яригдсан хос хэлний бодлогын хэрэгжилтэд дүн тавилаа.
Нийтлэлч О.Даваасүрэн
“Монгол хэл мэддэггүй монгол” нийтлэлээс
Санаа 3. Агуулга бүтээгчдийг дэмжих төрийн бодлого байхгүй.

Монголын төр агуулга бүтээгчдээ дэмжих зорилгоор гаргах гэж буй анхны хууль иймэрхүү шатандаа явна. Энэ бол зөвхөн киноны салбар биш агуулга бүтээгчдийн анхаарлыг татаж буй хууль гэдгийг Соёлын шинэхэн сайд маань анхаараасай билээ. Цаашид соёлын салбарыг дэвшүүлэх, уруулах эсэх нь эндээс хангалттай харагдана.
Монголд агуулга бүтээгчдийг дэмжих төрийн бодлого байхгүй. Хуучин дэмждэг байсан нь догматик системээ дэмжүүлдэг үзэл суртлын дуу хоолой болохоор нь л тэжээдэг байсан хэрэг. Зохиолчид хэвлэлийн газар, кино бүтээгчид, мэргэжлийн студи, кино театр, зураач, куратор, галерейн харилцаа бол соёлын маш чухал хэсэг. Учир нь, тэд хоосноос агуулга бүтээж, агуулгаараа баялаг бүтээдэг маш чухал үйлдвэрлэгчид. Гэтэл манайд тэд импортоор оймс, шоколад оруулж ирдэг тэрбумтнуудтай адилхан зарчмаар татвар төлж байна. Татвар нь мөлжлөгийн шинжтэй. Ийм учраас түгээгчид, бүтээгчдээс бүтээлийг нь татаас багатай авч түгээх боломж хумигдаж байгаа юм. Түгээлтийн дараа дараагийн бүтээлээ санхүүжүүлэх ашиг гардаггүй учраас ялангуяа монгол кинонд ахиц гарахгүй байгаа хэрэг.
Агуулга бүтээгчдээ дэмжиж, татвараас чөлөөлж, импортын тэрбумтнуудаас ялгаж салгаж хардаг болохоос нааш Монгол Улсад соёлын тухай яриад хэрэггүй.
Нийтлэлч Я.Баяраа
“Соёлын сайдаас хүсэх ганц зүйл” нийтлэлээс
Санаа 4. 11 Элчин сайд гадаадад “гацаад” байна.

Ерөнхий консулыг 2017 оноос өмнө гурван жилийн хугацаагаар томилдог байв. Харин тус онд Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулснаар дөрвөн жилийн хугацаагаар томилдог болсон юм. Хуулийн энэхүү өөрчлөлт нь 2017 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө томилогдсон Элчин сайд, Ерөнхий консулуудад үйлчлэхгүй байх нөхцөлтэйгөөр батлагдсан. Мөн Дипломат албаны тухай хуулийн 16.8-д “Ажлын шаардлага, томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан дипломат ажилтныг томилох эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 16.7-д заасан томилолтын хугацааг сунгаж болно” гэсэн заалт бий. Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаас өмнө томилогдсон, томилолтын хугацаагаа сунгуулах гавьяа байгуулаагүй 11 улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татахаар төлөвлөсөн. Гэвч дараагийн хүмүүс нь томилж чадаагүйн улмаас тэд иргэдийнхээ адил гадаадад “гацаад” байна.
Нийтлэлч С.Шийлэгтөмөр
“Гадаадад “гацсан” Элчин сайд нар” нийтлэлээс
Санаа 5. Дэлхийн улс орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ манай улсаас 10 дахин их.
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болсон байдаг. Хөдөлмөрийн хуулийн дагуу нэг хүн долоо хоногт 40 цаг ажиллах ёстой. Нэг сард дөрвөн долоо хоног буюу нэг хүн 160 цаг ажиллана гэхэд дээрх хэмжээгээр бол нэг цагийн хөдөлмөрийн хөлс нь 2625 төгрөг болж байгаа юм. Харин Төв банкны ханшаар өнөөдөр нэг ам.доллар 2854 төгрөгтэй тэнцэж байна.
Үндэсний статистикийн хорооны өгсөн мэдээллээр Монголд хөдөлмөр эрхэлдэг 1.1 сая хүн ажиллаж байгаагийн 80 мянга нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Тэгвэл дэлхийн улс, орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ манай улсаас 10 гаруй дахин их байна.
Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ
“Нэг доллар хүрэхгүй хөдөлмөрийн үнэлэмж Монголынх” нийтлэлээс
Санаа 6. Хурал үймүүлсэн гишүүнийг гурван удаа хуралд суух эрхийг хасна.

Дэггүй гишүүдийг дэглэх шийтгэлийг нарийвчлахаар хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Төсөлд хурал үймүүлсэн гишүүнийг танхимаас гаргахыг үүрэг болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр болон нэгдсэн хуралдаанд хамааралтай болох, гурван удаа хуралд суух эрхийг хасах зэрэг өөрчлөлтийг төсөлд тусгажээ.
Гэхдээ зөвхөн дэггүй гишүүдтэй холбоотой өөрчлөлтийг энэ хуулийн төсөлд тусгаагүй. Байнгын хороо нээлттэй, хаалттай хэлбэрээр хуралдах, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол УИХ-д өргөн мэдүүлээгүй хуулийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар тусгасан байна.
Нийтлэлч Б.Цэнд-Аюуш
“Дэггүй гишүүдийн дэгийг нарийвчлах нь” нийтлэлээс
Санаа 7. Трампыг коронавирусээр цохиж унагана гэх санааг ичгүүргүй, увайгүй гэж шүүмжлэхээс өөр аргагүй.

Холливүүдийн нэрт жүжигчин, зүүний үзэлтэн Жэйн Фонда “Ковид-19 бол Америкийн зүүнтнүүдэд өгсөн бурхны бэлэг” гэж ярьсан нь нийгмийн сүлжээ даяар шуугиан тарилаа. АНУ-д хамгийн олон хүн коронавирусний халдвар авч, хамгийн олон хүн нас барсан. Доналд Трамп коронавирусний халдварыг үл тоомсорлож, тааруухан ажилласан гэж Ардчилсан нам буруутгаж буй. Яг үүнийг нь ашиглаад Трампыг ялчихъя гэж алдарт жүжигчин санал болгожээ. Дэлхий нийтээр тархсан цар тахалд зөвхөн Доналд Трамп буруутай юу? Европ тивийн улс орнуудад хүйтэн сэрүүний улирал эхэлж, халдварын тохиолдол нэмэгдээд эхэллээ. Хүн төрөлхтөн коронавирусний халдварыг бүрэн устгаж чадахгүй, өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдсэн бусад халдваруудтай адилхан зэрэгцэн оршихоос өөр аргагүй гэдгийг тэргүүлэх мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна. Дүр зураг ийм байхад Трампыг коронавирусээр нам цохиж унагана гэх санааг ичгүүргүй, увайгүй гэж шүүмжлэхээс өөр яах вэ.
Нийтлэлч Х.Ганбаяр
“Америкийн адармаат сонгууль” нийтлэлээс
Санаа 8. Луйс Глюкийн хүлцэхэд хэцүү хүнд гунигт дүрслэлүүд нь шүүмжлэгчдийг бишрүүлсэн.
Яруу найрагчийн уран бүтээлийн гол сэдэв нь хүүхэд ахуйн дурсамж, гэр бүлийн амьдрал, аав, ээж, ахан дүүс, эгч дүүсийнх нь хоорондын харилцаа. Эцэг хүүхдүүд, холын хамаатнууд, эхнэр нөхрийн харилцааны талаар тэрбээр гурав дахь буюу "Уруудсан хүн" түүвэртээ өгүүлжээ. Ном хэвлэгдээд удаагүй байхад яруу найрагчийн гэр орон галд хайлсан байна. Ингээд тэр эмгэнэлт үйл явдлаар сүлжсэн эртний грекийн домогтоо эргэн живж “Ахиллын ялгуусан ялалт” түүврээ бичив. Энэ түүвэр нь түүнд 1985 онд АНУ-ын Үндэсний номын шагнал авчиржээ.
Амьдралынх нь гунигтай эргэлтүүд Луйс Глюкийн уран бүтээлд хэзээд түлхэц өгсөн байна. Эцгийнхээ нас барсны дараа хэвлүүлсэн "Арарат" түүвэртээ яруу найрагч орь зовлонгийн дууч болж хувирна. Хүлцэхэд хэцүү тэр хүнд гунигт дүрслэлүүд нь шүүмжлэгчдийг бишрүүлсэн юм.
Нийтлэлч Ш.Мягмарсамбуу
“Эрс шулуун агаад яруу үзэсгэлэнт дуу хоолой...” нийтлэлээс
Санаа 9. Урлагийн сэтгэл засал нь хүүхдүүдэд асуудлыг даван туулах чадварыг суулгадаг ач холбогдолтой.

Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн аливаа эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, өөрийн сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжээ зөвөөр илэрхийлж сурах, өөртөө итгэлтэй байх дадал, зуршил, зан төлвийг ч урлагийн сэтгэл заслын олон аргаар дамжуулан хөгжүүлэх боломжтой. Урлагийн сэтгэл засал буюу арт терапи нь хүүхдүүдэд тухайн асуудлаа ойлгоход нь хамгийн аюулгүй бөгөөд асуудалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, даван туулах чадвараа хөгжүүлэх, асуудал шийдвэрлэгч байх олон ур чадваруудыг суулгадаг ач холбогдолтой. Энэхүү сэтгэл засал нь Их Британи, АНУ, Канад зэрэг улсуудад илүү хөгжжээ.
Нийтлэлч Г.Санжааханд
“Урлагаар сэтгэл засахуй” нийтлэлээс
Санаа 10. Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу нь ирсний дараа цолны үнэмлэх, тэмдгийг нь өгч болно.

-Допинг хэрэглэсэн нь илэрлээ гэхэд цолыг нь хураадаг. Харин тэр цолыг дагаж ирсэн бай шагнал, байр, машиныг нь өөрт нь үлдээдэг. Уг нь бүх шагналыг нь хурааж байж л жинхэнэ шийтгэл болно биз дээ. Ингэхгүй байгаа учраас допинг хэрэглэхээс айхгүй байгаа юм биш үү?
-Би хувьдаа үүнийг шийдэх гарц бий гэж боддог. Ямар гарц вэ гэхээр, допингийн хариу нь ирсний дараа цолны наадмаа хийдэг, бай шагнал өгөх хүмүүс нь ч гэсэн тэр хариу иртэл хүлээдэг болох хэрэгтэй. Үүнийг Ерөнхийлөгчийн зарлиг, эвсэл Үндэсний бөхийн холбооны шийдвэрээр зохицуулж болно. Тухайлбал, Ерөнхийлөгч наадмаар зарлиг гаргаж цолны үнэмлэх, тэмдгийг нь өгөх бус батламж олгоод допингийн хариу нь ирсний дараа зарлигаа гаргаж цолны үнэмлэх, тэмдгийг нь өгч болмоор санагддаг. Ингээд шийдчихвэл дараа нь хэн хэндээ харамсах зүйлгүй. Бай шагналыг нь ганц хоёр сарын дараа өгөх тэр дор нь өгөх хоёрын хооронд ялгаа байхгүй шүү дээ.
Нийтлэлч С.Шийлэгтөмөр
“Д.Анар: Санаандгүй байдлаар допингийн хэрэглэгч болно гэж байхгүй” ярилцлагаас
