Түгжрэл ганц Улаанбаатарын зовлон биш. Метрополитан хотууд бүгд л замын түгжрэлтэй тэмцэж байгаа. Гэхдээ манайхан шиг бүрхэг, тунхагийн шинжтэй, эсвэл төсөв нь дааж давахааргүй мөрөөдлийн жагсаалтаар биш хэрэгжүүлж болохоор, богино болон дунд хугацаанд үр дүнгээ өгөхүйц зохицуулалт, технологид суурилсан менежмент хийдэг байна. Хамгийн гол нь, дэлхийн хотууд албадлага, татварын хатуу бодлого хэрэгжүүлэхдээ манайхан шиг цааргалж, шийрэгнэлгүй, зоригтой ажиллаж, тодорхой төлөвлөгөө санал болгодог учраас түгжрэлээ бууруулж чаджээ. Гэхдээ буруу шийдэл хэрэгжүүлснээс болж түгжрэлээ нэгмөсөн гацаа болгож авсан гашуун туршлага ч бас байна.

ОНОО

СӨҮЛ 2004 оноос автобусны чиглэлүүдийг метроны системтэй уялдуулж, аль ч тээврийн хэрэгсэлд төлбөр хийх боломжтой нэгдсэн тээврийн карт гаргасан Цахилгаан автобусууд үйлчилгээнд гарч эхэлсэн.

Үр дүн: 2003 онд Сөүлийн оршин суугчдын 15 хувь нь автобус ашиглаж байсан бол 2012 онд энэ тоо 60 хувьд хүрчээ.

СТОКОЛЬМ Хотын төвөөр зорчих автомашины тоог багасган, нийтийн тээврийн хэрэгслийн тоо, чанарыг нэмэгдүүлж, төлбөртэй зам нэвтрүүлж, оргил цагаар хотын төвөөр зорчиход төлбөр авах болов. Гүүр, тээврийн хэрэгслийн хурд сааруулагч, гэрлэн дохио бүхий 12,5 мянга гаруй явган зорчигчийн гарц нэмж гаргажээ.

Үр дүн: Түгжрэл 25 хувиар буурч, нийтийн тээвэр ашиглалт 50 хувиар нэмэгдэж, явган зорчигчийн тоо нэмэгджээ.

МАДРИД Агаарын бохирдол, замын түгжрэлтэй тэмцэхийн тулд Мадрид хотын төв хэсгийн 5 хавтгай дөрвөлжин километр талбайд 2000 оноос өмнө бүртгэгдсэн бензин хөдөлгүүрт автомашин, 2006 оноос өмнө бүртгэгдсэн дизель машин зорчихыг хоригложээ.

Үр дүн: Нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурд 14 хувиар нэмэгдэж, түгжрэл 25 хувиар буурсан.

ЛЮКСЕМБУРГ 20 хүртэлх насны оршин суугчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог болов.

СИНГАПУР 1975 оноос дүүрэг хооронд нэвтрэхэд төлбөр авах болсон. 1990 оноос автомашин худалдан авч буй иргэдийг өмч эзэмших гэрчилгээгээр хянаснаар автомашины тоог хязгаарласан. 10 жилийн хугацаатай энэ гэрчилгээг сар бүр дуудлагаар худалддаг энэ бодлогоос шалтгаалан Сингапурт дунд зэргийн машин АНУ-аас 4 дахин өндөр үнэтэй байдаг. Мөн 1998 оноос Замын үнэ тогтоох цахим мэдрэгч системийг (ERP) ашиглаж эхэлсэн.

ЛОС-АНЖЕЛЕС Лос-Анжелест 30 гаруй жил 400 сая ам.доллар зарцуулж байж ухаалаг гэрлэн дохионы системтэй болжээ. Уулзварууд дээрх хөдөлгөөний нөхцөлийг секунд тутамд дамжуулдаг мэдрэгч төхөөрөмжүүдийн илгээсэн мэдээллийг хиймэл оюун ухаан хянан шийдлийг гэрлэн дохионд илгээх болсноор нийтийн тээврийн урсгал саадгүй болжээ.

Үр дүн: Нэг жилийн хугацаанд жолооч нар 1,3 тэрбум ам.долларыг хэмнэх болов.

ЛОНДОН 2003 оноос хотын оргил цагаар хотын төв рүү орохдоо төлбөр төлдөг болсон. 2018 оноос дөрвөөс дээш жилийн насжилттай, дизель машинууд, 13-аас дээш жил ашигласан бензин хөдөлгүүрт машинууд хотын төв рүү ороход төлдөг хураамж дээр нэмж өдөр бүр 12,5 евро төлөх болсон.

Үр дүн: 2017 оны судалгаагаар тус хотын төвийн замын түгжрэл 10 жилийн өмнөхөөс 22 хувиар буурч, нийтийн тээврийн ашиглалт 10,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

АЛДАА

БАНГКОК

Тайландын Засгийн газар 2012 оноос анх удаа машин худалдаж авч буй хүмүүсийг татвараас чөлөөлөх хуулийг баталсан. Үр дагавар: 10 минут туулах боломжтой замыг цаг агаарын таагүй нөхцөл болон ажлын оргил цагаар 1 цаг туулах болтлоо удааширдаг. Оргил түгжрэлд машины хурд 10 км/ц-аас хэтэрдэггүй. 4000 км урт зам дээр 3.2 сая машин байрлуулах боломжтой ч бүртгэлтэй машиных тоо 8,1 сая ажээ. Замын түгжрэлээс болж Бангкок хот жилд 10 тэрбум бат буюу монгол мөнгөөр 470 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг.

ХЬЮСТОН Түгжрэлээ бууруулахын тулд 2011 онд 2,8 тэрбум ам.доллараар “Katy Freeway” замыг 26 эгнээтэй болгон өргөтгөжээ. Үр дагавар: Өглөө зорчих хугацаа 30 хувиар, өдөр зорчих хугацаа 55 хувиар нэмэгдсэн.

ЛОНДОН Интернэт худалдаа, “Uber” зэрэг такси дуудлагын үйлчилгээ зэрэг шинэ үйлчилгээнүүд хүчээ авав. Үр дагавар: 2018 оны судалгаагаар Лондоны оршин суугчид жилд дунджаар 227 цагийг зам дээр өнгөрөөдөг нь тогтоогдож, дэлхийд зургаад жагсав.