Хүүхдийн EQ өндөр байх эсэх нь гэр бүлээс шалтгаалдаг

EQ буюу Emotional Quotient гэдэг нь тухайн хүний сэтгэл хөдлөлийг бусад хүний сэтгэл хөдлөлтэй харьцуулж ойлгох чадварыг илэрхийлдэг. Харин IQ нь Inteligence Quotient гэсэн утгатай бөгөөд хүний оюун ухааны чадварыг илэрхийлнэ. Нэгэн үе IQ буюу оюуны чадамж өндөртэй хүмүүсийг хамгийн мундаг нь гэж дүгнэдэг байсан. Тэгвэл өнөө үед EQ чадвар өндөртэй хүмүүс эрэлттэй байх болжээ. Учир нь ийм хүмүүс бусдын сэтгэл хөдлөлийг ойлгон, идэвхжүүлж чаддаг бөгөөд амжилтад хүрэх нь ч илүү байдаг аж. Тиймээс хүн бүрт заавал байх ёстой, шаардлагатай ур чадварын нэг болох EQ-ийн талаар сонирхуулъя. 

Америкийн сэтгэлзүйч Дэниел Гоулманы 1995 онд бичсэн Emotional Intelligence (заримдаа Emotional Quotient гэж нэрлэдэг) ном 80 долоо хоногийн турш шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байжээ. Эл бүтээл нь IQ-гийн ойлголтыг эрс шинэчилж EQ хэмээх чухал ойлголтыг гаргаж ирсэн юм. Тэрбээр EQ-г “Өөрийнхөө болон бусдын ашигтай үйл ажиллагааг бие махбодтой биш сэтгэлтэй нь харьцан зохицуулах, удирдах мөн хүмүүсийг идэвхжүүлдэг, тэднийг чин сэтгэлээсээ ойлгодог чадвар юм” хэмээн тодорхойлжээ. Тухайн хүний EQ хөгжин төлөвшихөд гэр бүлийн оролцоо чухал байдаг аж.

Тэгвэл эцэг, эхчүүд энэ чадварыг хөгжихөд ямар алдаа гаргадаг вэ. Хүүхдээ юу мэдэрч байгааг огт анзаардаггүй, асуудал тулгарсан үед нь өөрөө мэдэг хэмээн орхидог, хүүхдийг буруутгасан байдлаар харьцдаг. Тухайлбал, хүүхэд ямар нэг зүйлээс айснаа хэлэхэд “Иймхэн юмнаас юунаас нь айдаг юм” гэх мэтээр хариу хандлага гаргадаг. Ийм хандлага хүүхдэд EQ төлөвшихөд сөргөөр нөлөөлдөг байна. Хүүхдүүд багаасаа олон даваа, саадтай тулгардаг. Тэр бүхнийг гэр бүлийнхэн нь нээлттэй ярилцаж, сэтгэлийг нь чөлөөлөх хэрэгтэй байдаг аж. Эс бөгөөс хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох чадамж султай болдог. Тиймээс тухайн хүүхдийн EQ өндөр байх эсэх нь гэр бүлээс шалтгаалдаг байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)