Энхийн цагт эх оронд минь томчуудын буруутай үйлдлээс болж бяцхан зүрхнүүд дахин цохилохгүй амьсгал хураасаар байна.

Тун ойрын таагүй тоо мэдээ хүргэе.

  • 2020 оны аравдугаар сарын 07.  08.19 цагт Хан-Уул дүүрэг Яармагийн замд гарцаар гарч явсан арван настай хүүхдийг Honda CRV маркийн машинтай жолооч мөргөсөн осол гарч, хүүхэд хөнгөн бэртсэн.
  • 2020 оны аравдугаар сарын 05.  16:48 цагийн орчимд Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарц дээр “BMW X3” маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөж, ослын улмаас таван настай Б амь хохирч, 9 настай О хүнд гэмтсэн.

Ойрмогхон ноцтой зам тээврийн ослууд гарсан Яармагийн замын нөхцөл байдлыг сурвалжиллаа.

"Хүннү молл"-оос "Нисэх"-ийн аюулгүйн тойрог хүртэлх 6.6 км зам аж. Дээрх зам дагуу ерөнхий боловсролын 34, 60, 118-р сургууль,  болон "Шинэ монгол Харума Фүжи", “British School”, “Сакура” гэм мэт хувийн сургуулийн сурагчид зургаан эгнээтэй өргөн замаар гэрлэн дохиотой, дохиогүй, гарцаар амь дүйн гарч байгаа нь харамсалтай.  Тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хурдны хязгаар нь  60 км/цаг хэмээн дүрмэндээ зааж өгсөн ч жолооч нар дүрмээ баримталдаггүй. Хяналтын камер тавьж торгууль бичигдэж байгаа ч эрсдэлд орох хүүхдийн тоо буурахгүй байна.

Биднийг сурвалжлагаа бэлдэх явцад уг замаар ойролцоох сургуулийн зургаадугаар ангийн хүүхдүүд харгалзах хүнгүй зам гарч байгаатай таарсан юм. Хүүхдүүд аав, ээж нь ажилтай завгүй, учраас өөрсдөө гэртээ харихаар зам хөндлөн гарч байгаа гэлээ. Тухайн үед ТЦА-ны алба хаагч хүүхдүүдэд зөвлөмж өгөн хөтлөн зам гаргасан. Гурван эгнээтэй замын нэг, хоёрдугаар эгнээнд яваа жолооч нар зам тавьж өгөхөд гуравдугаар эгнээнд яваа тээврийн хэрэгсэл цагаан утаа савсуулан арай хийн зогссон юм.

Э.Энхболд: Дүрэм зөрчөөд байгаагийн хор уршиг нь хүүхдийн амь, нас эрүүл мэндээр хохирч илрээд байна

Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдтой ярилцлаа.

-Яармагийн замын нөхцөл байдлыг тодруулахгүй юу?

-Яармагийн зам буюу Наадамчдын гудамж бол нэг чиглэлд гурван эгнээгээр зорчдог зургаан эгнээтэй голдоо тусгаарлагч, хоёр талдаа явган хүний замтай. Энэ замын зарим гарц гэрлэн дохиогоор зохицуулагддаг, зарим гарц нь анхааруулсан тэмдгээр зохицуулдаг. Энэ зам дээр гарсан ослуудыг замаас болсон гэхээсээ илүүтэйгээр хотын төвөөс зайдуу хэсэгт байрладаг учраас жолооч нар хурд хэтрүүлж явах гээд байдаг. Ялангуяа Нисэх чиглэлд явж байгаа хөдөлгөөний ачаалал байдаггүй учраас жолооч нар маш их хурдтай явдаг. Энэ нөхцөл байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлдөг. Яармагийн замд автомашины хурдыг хэмжихийн тулд зөөврийн хурд хэмжигч болон цагдаагийн албан хаагч нар  үе үе хяналт тавьж ажилладаг. Хотын төвийн түгжрэлийн асуудал байгаа учраас гарц болгон дээр цагдаагийн албан хаагч ажиллуулах боломж бололцоо, хүн хүч хүрддэггүй.

-Жолооч нар гэрлэн дохиогүй явган хүний гарц дээр явган зорчигчдод зам тавьж өгөх ёстой байдаг. Гэвч дүрмээ биелүүлэхгүй байгаа нь осол гарахад нөлөөлж байна уу?

-Ойр орчмын сургуулийн эцэг эхчүүд “School Police” ажиллуулдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д зааснаар гэрлэн дохио руу ойртож байгаа жолооч хурдаа хасаж явган зорчигчийг өнгөрөөх ёстой. Дээрээс нь гурван эгнээтэй зам дээр нэг, хоёрдугаар эгнээний жолооч нар явган зорчигчийг хараад зогсоож өгч байхад нөгөө захын эгнээнд явж байгаа жолооч хардаггүй, хурдаа хасалгүй орж ирдэг. Гэтэл Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дээр зэрэгцээ эгнээнд явж байгаа автомашинууд хурдаа хасаж байвал тухайн жолооч хурдаа хасаж явган зорчигчийг гарцаар гарган зам тавьж өгөх ёстой гэсэн заалт байдаг. Үүнийг жолооч нар биелүүлдэггүй.

Яармагийн зам угаасаа хүнгүй байдаг зэлүүд зам гэдэг байдлаар жолооч нар ханддаг. Гэтэл Яармагийн урд талд маш их орон сууцны хороолол, аж ахуйн нэгжүүд бий болон хөл хөдөлгөөн ихэссэн. Дээрээс нь Яармагаас хүүхдүүд хичээлдээ явахын тулд автобусаар үйлчлүүлж байна. Автобусаар үйлчлүүлэхийн тулд хүүхдүүд зайлшгүй зам хөндлөн гарч байгааг бодох ёстой. Ер нь хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маш хариуцлагагүй байна. Цагдаа торгохоор дэндүү их торгоод  байна гэж сошиал орчинд маш их бухимддаг. Гэтэл энэ торгууль, шийтгэл оногдуулж байгаагийн цаана хүний амь нас, эрүүл мэнд явж байдаг. Дүрэм зөрчөөд байгаагийн хор уршиг нь хүүхдийн амь, нас эрүүл мэндээр илэрч байна шүү дээ. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 317 хүний амь нас хохирсны 118 тохиолдол нь явган зорчигч байгаа. Явган зорчигч дундаа 66 тохиолдол нь Улаанбаатар хотод амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Явган зорчигч бол замын хөдөлгөөнд оролцдог эмзэг зорчигч байдаг.

Осол гараад хүн дайруулсан байлаа гэхэд хажуугаар нь гарахдаа хурдаа удаашруулан зургийг авч сошиал орчинд "Энд хүн дайруулсан байна, жолооч нараа хурдаа хасья, хүмүүстээ зам тавьж өгье" гэж уриалдаг. Гэтэл яг харж байхад тэр жолооч дараагийн гарц дээр хүүхдээ тэвэрсэн хүнд зам тавьж өгөхгүй урдуур нь дайрчих шахаад хараагаад өнгөрдөг. Иргэдийн ухамсар ийм түвшинд байна. Бүх зүйл замын хөдөлгөөний дүрэм, журмаар зохицуулагдсан. Хэрвээ явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигчийг та мөргөсөн бол жолоочийн 100 хувийн буруу учраас өөрийгөө өмгөөлөх, хамгаалах ямар ч шаардлага байхгүй. Хуулиараа та буруутай гэсэн үг. Явган хүний зохицуулдаггүй гарцгүй газраар явган зорчигч та зам хөндлөн гарах гэж байгаа бол ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлээч. Олон эгнээтэй өргөн замаар  зам хөндлөн гарах үйлдэл бүү хийгээч ээ. Хүний эрүүл мэндийг буцаагаад яагаад ч нөхөж болохгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Сая л гэхэд Яармагийн зам дээр ирээд анхааруулах сурвалжлага бэлдээд ажиллаж байхад нөгөө л тавдугаар ангийн хүүхдүүд харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гараад автобусанд суух гээд явж байна. Тэр хүүхдүүдийг замын цагдаагийн албан хаагч  харгалзаад гаргаад өгөх гэхэд жолооч нар зам тавьж өгөхгүй, ийм л танхай балмад жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байна. Хүүхдүүдийн эцэг эх ажил дээрээ амгалан тайван сууж байдаг. Үр хүүхэд нь ямар өндөр эрсдэлтэй замыг хөндлөн гарч байна гэдгийг болох хэрэгтэй.  Гол үерлэсэн байхад хэн ч хүүхдээ гол руу оруулдаггүйтэй адилхан төмөр урсгалын хурд дундуур үр хүүхдээ яаж зам хөндлөн гарч байгааг бодолцох хэрэгтэй байна. Тэгээд эцэг эхчүүд Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэггүй. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг заалтыг зөрчдөг. Мөн сургууль боловсролын байгууллагын багш, нийгмийн ажилчид 10 нас хүрээгүй  хүүхдийг 15-16 настай ах, эгч нь ирээд авахад өгөөд явуулдаг гээд дутагдалтай талууд байна. Ер нь бол эцэг, эх, насанд хүрсэн хүн ирж хүүхдээ авахгүй л бол тухайн хүүхдийг байлгаж л баймаар байгаа юм. Ингэж байж л тухайн хүүхдийн амь насыг хамгаална.

-ТЦА-наас осол гэмтлийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна?

-Цагдаагийн байгууллагаас осол, гэмт хэргийг бууруулах чиглэлээр явган хүний гарцыг гэрэлтүүлэгтэй болгох, тэмдэг, тэмдэглэгээг бүрэн болгох, явган хүний гарц дээр зам тавьж өгөхгүй байгаа жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д зааснаар 20 хүртэлх мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцдог. Энэ заалтыг нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ жилийн тухайд 13100 орчим жолооч  дээр Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д зааснаар давуу эрхтэй явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй гэж арга хэмжээ тооцсон байна. Гэсэн хэдий ч  жолооч нар сургамж авдаггүй. Чөлөөтэй зам харагдвал хурдлаад байхаас энэ замаар хүн явдаг юм шүү гэдгийг ойлгодоггүй байдал осол гарахад нөлөөлж байна.

-Энэ зам дээр иргэд нүхэн гарц, гүүрэн гарцтай больё гэдэг шүү дээ?

-Яармагийн замыг хүмүүс нүхэн гарцтай болгоё гэж ярьдаг. Гэтэл Яармагийн замтай адилхан зургаан эгнээтэй Зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэлх зам, 10 дугаар хорооллын зам байна. Энэ бүх зам тусгаарлах зурвастай. Эдгээр замуудад ойрхон хороолол байдаг учраас ойрхон уулзвар гарцууд байдаг. Яармагийн зам бол Туулын гүүрнээс эхлээд Нисэхийн уулзвар хүртэл үндсэн том уулзваргүй учраас жолооч нар хурдны эрчмээ сааруулдаггүй. Энэ байдал осол гарахад нөлөөлдөг. Бүх замд явган хүний  нүхэн болон гүүрэн гарам хийх боломжгүй. Гэхдээ бусдыгаа манлайлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, амжилттай яваа бизнесменүүд  нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан яагаад эрсдэл бүхий хэсэг дээр хотыг харалгүйгээр хүүхдүүдэд зам хөндлөн гардаг нүхэн гарам хийгээд өгч болдоггүй юм бэ. Магадгүй тухайн байгууллагын нэрээр нэрлье л дээ, Олимпын гүүр, Нарны гүүр гэдэг шиг тухайн аж ахуйн нэрээр нэрлээд явах боломжууд байна.

-Он гарсаар нийт хэчнээн хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдсан бэ?

-2019 онд зам тээврийн ослын улмаас 49 хүүхдийн амь нас хохирч 770 хүүхэд гэмтэж, бэртэж байсан. Энэ жилийн тухайд есөн сарын байдлаар 53 хүүхдийн ам нас хохирч 380 орчим хүүхэд гэмтэж, бэртээд байна. Хэдийгээр гэмтэж бэртэж байгаа хүүхдийн тоо 50 хувь буурсан ч нас барсан хүүхдийн тоо  10 орчим хувиар нэмэгдсэн. Амиа алдсан 53 хүүхдийн 22 тохиолдол нь нийтийн эзэмшлийн зам талбай биш гэр хорооллын хашаанд ээж, аав, эмээ , өвөө, асран хамгаалагч нар нь дайрч амь насыг нь хохироосон тохиолдол байна. Нийслэл хотод гурван хүүхдийн амь нас эрсдсэн. Үлдсэн нь хөдөө орон нутагт эцэг эхтэйгээ зорчиж яваад хамгаалалтын бүс, аюулгүйн судал хэрэглээгүйгээс зам тээврийн ослын улмаас амь нас нь эрсдсэн тохиолдол байгаа.