Төрийн бодлогын гадна орхигдсон сонсголгүй иргэд дахин төрдөө хандлаа
29-р тусгай сургуулийн сургалтын асуудлаар Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо БШУС-ын яаманд хандлаа. Тэд 56 жилийн туршид сонсголгүй хүүхдүүдэд аман арга зүйгээр хичээл зааж ирсэн гажиг тогтолцоог засаж, сургуулийг мэргэжлийн сонсголгүй хүнээр удирдуулахыг хүссэн байна.
2017 анх 29-р тусгай сургуулийн сурагчид сургалтын чанар муу байгаагаас чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байгаагаа илэрхийлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй улам дордож багш нар дүлий хүүхдүүдэд аман байдлаар хичээл орсоор байгаа юм байна. Тиймээс сургуулийн удирдлагыг сонсголгүй хүнийг зовлонг мэдэх буюу сонсголгүй хүнээр сольж өгсөх шаардлагыг монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо салбар яаманд тавилаа.
Монголын сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төвийн гүйцэтгэх захирал Т.Долгорсүрэн “Дээр үеийн оросын аргазүйгээр аман ярианы хичээл явуулж байгаа учраас дохионы хэлний чадварыг сайжруулах хэрэгтэй байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд бичих чадвар сайн биш байгаа. Дээрээс нь нийгмийн харилцаанд орж чадахгүй, сайн чанартай боловсрол авч чадахгүй байгаа болохоор бид бухимдалтай байгаа. Эдгээр гомдлыг авч үзэж бид байгууллагууд нэгдээд Боловсролын яам руу шаардлага хүргүүлсэн. Энэ асуудлыг Боловсролын яам анхаарлаа хандуулж өгөөч ээ гэж хүсэж байна”
Олон жил хүсэлт тавиад шийдэгдээгүй гажиг тогтолцоог засах эцсийн алхам нь сургуулийг сонсголгүй мэргэжлийн хүн удирдах гэж тэд үзжээ. Учир нь 1964 онд байгуулагдсан тус сургуулийг өнөөдрийг хүртэлх 56 жилийн хугацаанд сонсголтой хүмүүс удирдаж, дүлий хүүхдүүдэд аман байдлаар хичээлийг оруулж иржээ. Үүнээс болж тус сургуулийн төгсөгчид чанартай боловсрол эзэмшиж чадаагүйгээс нийгмийн хамгийн эмзэг бүлэгт харьяалагдах болсон. Угтаа дохионы хэл бол сонсголгүй хүмүүсийн эх хэл нь юм.
А.Энхбаатар: Энэ онд 29-р сургуульд шинээр орсон 18 багш бүгд дохионы хэлгүй байсан
ХЭҮК-ын референт А.Энхбаатар “Энэ жил шинээр 18 багшийг ажилд авсан байдаг. Гэтэл 18 багш бүгд дохионы хэлгүй өөрөөр хэлбэл сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд үндсэн өөрийнх нь хэлээр тухайн хичээлийг заах гэж орж байгаа багш нар бол тэр хэлний мэдлэггүй байх нь хүүхдийн сургалтын агуулга ямар түвшинд хэрэгжих нь ойлгомжтой”
2016 онд УИХ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн тухай хуулийг баталсан бол үүнээс 3 жилийн дараа буюу 2019 онд ХБХХГ-ыг байгуулсан байх. Харин БШСЯ түүхэндээ анх удаа энэ онд ТХБ-ын хэлтсийг байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох асуудлыг тусад нь анхаардаг болсон байна.
Монгол төр баталсан хуулиа хэрэгжүүлж чадахгүй, хүсэхгүй байгаа нь ганц энэ жишээгээр тодорхой харагдах. 56 жил биш юм аа гэхэд сүүлийн 3 жилд хангалттай анхаарлыг нь татсан сонсголгүй хүүхдийн сурах эрхийг хангах асуудалд салбар яам өнөөдрийг хүртэл ямар алхам хийсэн талаараа ам нээхээс зайлсхийж байх юм.