Улаанбаатар хотын хэмжээнд нэг ангид 44 ба түүнээс дээш хүүхэдтэй 10 гаруй ЕБС байна
Монгол Улс 2018 онд Багшийн хөгжлийг дэмжих хуультай болсон. Багшдаа зориулсан хуультай болсон дэлхийн тав дахь улс боллоо гэж хууль баталж байх үедээ би зарлаж байсан. Тэгвэл хуулийн хэрэгжилт яг одоо ямар байгаа вэ. Хуулийн нэг л заалтыг жишээ болгоё. 44-өөс дээш сурагчтай нэг, хоёрдугаар ангид туслах багш ажиллуулна гэж хуульд заасан. Хуулийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн ч зарим зүйл заалтын хэрэгжилт өнөөдрийг хүртэл хангалтгүй байна.

Яагаад нэг, хоёрдугаар ангид туслах багш шаардлагатай вэ. Үүнд хариулт болгож нэгдүгээр ангийн нэг багшийн ажлын ачааллыг харья: Нийслэлийн Гуравдугаар сургуулийн багш Батчулуун 22 дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна. Даасан анги нь өдөр 13 цаг 30 минутаас хичээлтэй. Хичээлдээ бэлдэхийн тулд өглөө 9 цагийн үед сургууль дээрээ ирнэ. Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ, дэвтрээ засах, хүүхдүүдээ тосож авах зэргээс түүний ажил эхэлдэг. Хичээл тараад 40-өөс дээш хүүхдийн дэвтэр бүр дээр тоо үсэг зэргийг бичнэ. Ингээд 21 цагт харих нь олонтаа

Нийслэлийн гуравдугаар сургуулийн бага ангийн багш Х.Батчулуун “50 хүүхэдтэй байлаа гэхэд 50 хүүхдийн дэвтэр засан, бичилт хийнэ. Өдөрт тутам 50 хүүхдийн гарыг зүгшрүүлэх гэж хамгийн ойр ажилладаг нь бага ангийн багш. Өдөржин тойрч явсаар л дуусна. Хэрвээ туслах багштай бол тухайн 50 хүүхдийг эгнээ эгнээгээр нь аваад ажиллах боломжтой. Адаглаад л хүүхдийн хичээлийн бэлтгэлийг шалган дэвтэр нүүрлэнэ, хавтаслана. Биеийн тамирын хичээлд ороход хувцсыг нь өмсүүлэх, кейтыг нь үдэх, солих гээд наад захын ажлууд хийсээр багшийн цаг багтдаггүй” гэлээ.
Улсын хэмжээнд нэг, хоёр дугаар ангийн 620 гаруй бүлэгт туслах багш ажиллуулах шаардлагатай
Ийм л учраас хамгийн их ажиллагаа шаарддаг 6, 7 настнуудын ангид туслах багш шаардлагатай. 2019 оны судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд нэг болон хоёрдугаар ангийн 4400 гаруй бүлэг байна. Үүнээс 44-өөс дээш хүүхэдтэй 620 гаруй бүлэгт туслах багштай болгох хуулийн зохицуулалт хийсэн байдаг.

Улсын их хурлын гишүүн Н.Учрал “44-өөс дээш хүүхэдтэй бол туслах багштай болох, их дээд , сургуулиудад суралцаж байхдаа дадлагажигчаар ажиллан түүнийг нь кредит тооцох ийм сайхан бололцоо үүнээс бүрдэж эхэлсэн.

Хууль яагаад хэрэгжихгүй байна вэ. Үүнд БШУЯ-наас төсөв мөнгөтэй холбоотой гэсэн тайлбарыг утсаар бидэнд өгсөн. Энэ оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд л гэхэд 44-өөс дээш хүүхэдтэй 10 гаруй ЕБС байна. 1-2 дугаар анги хамгийн багадаа 8-10 бүлэгтэй. Бүлэг бүрд туслах багш ажиллуулья гэвэл нэг сургуульд 10-20 туслах багш шаардлагатай. Ингээд багш нарын цалин зэрэгт төсөв шаардлагатай учир хэрэгжилт хангалтгүй байгаа гэсэн юм.
Хуулийг хэрэгжүүлэхгүй юм бол ямар зорилгоор баталдаг вэ? асуултыг нээлттэй үлдээе.
