Нобелийн Энхтайвны шагналт  Аун Сан Су Чи тэр жил ирэхдээ “Монголд дүр эсгэсэн ардчилал байна” гэж хэлчихээд явж билээ. Үүнд бид уурлах хэрэггүй. Өнгөрсөн 30 жилд өмнөө тулгарсан саад бэрхшээл, шийдвэр зохих асуудлуудад хэрхэн хандаж ирснийг харахад үнэн л хэлсэн байна.

Ямар, ямар асуудал тулгараад, яаж шийдсэнийг тодорхой бичээд үзье.

Их өр

Шинэ тутам улсаа байгуулж, ардчиллын замаар замнаж эхлэхдээ бид эхлээд хуучин нийгмээс үлдсэн “Их өр” хэмээх баасаа цэвэрлэх ёстой байсан. Гэтэл П.Очирбат Ерөнхийлөгч өр тэглэх алтан боломжоо алдсан. Уг нь тэрээр Орост Б.Ельцинтэй уулзахдаа “ЗХУ Монголын байгаль орчинд их хохирол учруулсан, цэргээ байлгаж байсан” гэж тайлбар тавьсан юм билээ. Харин Б.Ельцин “Тэр бол ЗХУ байсан. Одоо ЗХУ гэж улс байхгүй” гэсэн гэдэг. Тэр үед “Тэгвэл одоо БНМАУ гэж байхгүй. Бид ЗХУ-д өртэй байсан болохоос ОХУ-д өргүй” гэчихсэн бол асуудал шийдэгдэх байсан гэж олон хүн ярьдаг. Хожим Н.Энхбаяр энэ өрийг “Тэглэсэн” гэж зарласан ч 180 сая ам.доллар дутуу төлсөн байсан нь хожим гарч ирсэн. Монголын улс төрд ажил хийгээгүйгээ уран гоё үгээр халхавчилдаг, хэлбэрддэг үе эндээс эхэлдэг.

Улс төрийн тогтворгүй байдал

Улс төрийн тогтворгүй байдал нь Монголд тулгамдаад байгаа гол асуудал гэдэгтэй бүгд санал нийлдэг. Гадныхан ч хэлдэг. 30 жилд бараг 20 удаа Засгийн газраа сольсон. Гэвч шийдээгүй. 2004 оны сонгуульд МАН ялсан бол дараалж засгийн эрх барьсан анхны тохиолдлыг үүсгэх байсан ч дарга Н.Энхбаяр нь сонгуулийн өмнө “Их өрийг тэглэсэн” гэж худал хэлсэн. Цаана нь “хэлээгүй” 180 сая ам.долларын өр байсан гэдгийг дээр хэлсэн. Үүнийг нь мэдсэн ч юм уу, 2004 оны сонгуулийн дүнд АН, МАХН ижил суудал авсан юм. Ингээд Засгийн газрын бүрэн эрхийг хоёр, хоёр жилээр ээлжлэхээр болж, Засаглалын тогтворгүй байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх нь тэр ээ. Энэ нь цаашдаа сонгуульд ялалт байгуулсан улс төрийн нам доторх фракцууд хүртэл Засгийн газрыг хоёр, хоёр жилээр ээлжилдэг гажиг тогтолцоо руу түлхсэн байдаг.

Хүн амын хэт төвлөрөл

Дэд бүтэц муу хөгжсөн, олон жил дараалж зуд турхан болсон зэргээс үүдэж 1990-ээд оны дунд үес хөдөөгөөс хот руу чиглэсэн их нүүдэл эхэлсэн. Шийдэл нь: Эхлээд юу ч хийгээгүй, дараа нь шилжилт хөдөлгөөнийг хориглоод санаа амарсан. Гэсэн ч бодит амьдрал дээр нүүдлийг сааруулах талаар юу ч хийгээгүй. Хотын хүн ам цаасан дээр хэвээрээ үлдсэн ч үнэндээ нүүдэл зогсоогүй. Түгжрэл, утаа /хөдөөнийхөн хотод ирээд ихэнхдээ гэр хороололд суурьшдаг/ гэх мэт дараагийн бэрхшээлүүд эндээс эхтэй.

Хотын түгжрэл

Зам дээр яваа машиныг дугаараар хязгаарласан ч импорт дээр дорвитой арга хэмжээ аваагүй. Автомашин болон жолоочоод бүх төвшинд  татвар, торгууль авахыг илүүд үзсэн. Энэ чигээрээ явсаар автомашиныг дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дээр тулж ирсэн. Энэ нь асуудлыг шийдэх нэг арга мөн боловч баян хоосны ялгааг дэвэргэсэн, цаашдаа улам их машин орж ирэхийг уриалан дуудсан арга гэдэг нь тодорхой байна.

Хотын утаа

Хотын утаа нэг хэсэг гамшгийн хэмжээнд хүрсэн. Гэсэн ч эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаанаар орон сууцжуулах талаар дорвитой ажил хийгээгүй. Ардчилсан нам л “Бүтээсэн баялгаа мөнгөжүүлэх ёстой” гэсэн онолд үндэслэж эх үүсвэрээ арай өөр аргаар бүрдүүлж нэг хэсэг явсан ч МАН гарч ирээд зогсоосон байдаг. Түүхэнд утааг хамгийн ихээр бууруулсан хоёр хүн бий. Нэг нь хотын дарга асан Су.Батболд. Тэрээр агаарын чанарыг зарлахдаа тухайн үеийн максимум буюу хамгийн дээд хэмжээг биш, өдрийн дунджаар тооцож зарлах шинэ журам нэвтрүүлсэн. Ингэснээр агаар дахь хорт утааны хэмжээ буурсан. Гэхдээ харамсалтай нь цаасан дээр л буурсан нь ойлгомжтой. Хоёр дахь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэрээр Су.Батболдоос ялгаатай нь хотын утааг бодитоор бууруулсан.

Улс хөгжихийн тулд асуудлаа бүрэн дүүрэн, цогцоор нь шийдэж явдаг бол бид цаасан дээр төвлөрөл бууруулж, цаасан дээр утаагүй өвөлжиж, цаасан дээр улс төрөө тогтворжуулж явсаар өнөөдрийг хүрчээ. Тодруулбал, "Дүр эсгэж" ирсэн байна. Энэ байдлаараа цааш явбал цаасан дээр тусгаар тогтносон улс болоход ойрхон иржээ.