Боловсролын салбарын бодлого, чиглэл улсын хөгжилд чухал нөлөөтэй. Харин тус салбарын тулах багана нь ур чадвартай боловсон хүчин юм. Гэтэл манай улсад чанартай боловсрол олгох тогтолцоо гажуудалтай, чадалтай багш нарын хүрэлцээ хангалтгүй байна. Үүний улмаас боловсролын чанарын үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд сүүл мушгисаар байна.

Багш бэлтгэдэг сургуулийн босго нам байна

Их, дээд сургуулийн босго оноо 560 байсныг 2016 оноос хойш 400 болгож бууруулсан. Ингэснээр элсэлтийн ерөнхий шалгалтад нийт ажлынхаа дөнгөж 20 хувийг хийхэд л босго оноог нь давах боломж бүрдэх юм. Хэдий олон хүүхэд дээд сургуульд суралцаж буй сайшаалтай ч бага, дунд боловсрол бүрэн эзэмшээгүй хүүхдүүд оюутан болж, их сургуульд ч гавьтай сурдаггүй, ажлын байран дээр ч бүтээмжтэй ажилладаггүй байна.

Багш бэлтгэдэг сургуулиудын босго бүр ч нам. Багшийн мэргэжил эзэмших сонирхолтой хүүхдүүд цөөхөн, элсэлтийн өрсөлдөөн бага учир босго оноогоо давсан хэн бүхэн тэнцдэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс хүссэн сургуулиа авахад оноо нь хүрээгүй хүүхдүүд багш бэлтгэдэг сургуульд элсэх тохиолдол элбэг. Ийнхүү муу сурлагатай хүүхдүүд багш болж, тэднээр хичээл заалгаж буй хүүхдүүд бүр ч муудаж буй нь нууц биш юм. МУБИС-ийн Байгалийн ухааны тэнхэмийн төгсөгч А.Ядамсүрэн “Би хуульч болохыг хүсдэг байсан ч МУИС-ийн хууль зүйн сургуульд элсэж чадаагүй. Тиймээс ээж, аавынхаа зөвлөгөөг дагаж, багшийн сургуульд орсон. Сургуулиа төгсөөд нэг жил мэргэжлээрээ ажилласан ч хүсэл, сонирхол нийцээгүй болохоор ажлаасаа гараад хувиасаа хувцас, эсгүүрийн бизнес эрхэлж байна. Манай ангийн ихэнх хүүхэд өөр мэргэжлээр суралцах хүсэлтэй байсан ч хүссэн сургуульдаа элсэж чадаагүйн улмаас багшийн сургуульд орсон байсан” гэлээ.

Багш нарын дундаж цалин олон улсын дунджаас 18 хувиар бага

Багшийн сургуульд сурах сонирхолтой хүүхэд цөөхөн байгаа нь нийгэмд буй үнэлэмж, цалин хангамж, ажлын нөхцөлтэй холбоотой. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бага, дунд сургуулийн багш нарт ихээхэн анхаарал тавьж, хамгийн өндөр цалинг тэдэнд олгодог. Тиймдээ ч багшийн мэргэжил нэр хүндтэй,  мэргэжлийн ур чадварын өрсөлдөөн ихтэй байдаг. Гэтэл манайд уг байдал мөн л эсрэгээрээ байна. Тухайлбал, Монголын багш нарын дундаж цалин олон улсын дунджаас 18 хувиар бага. Тиймээс бага цалинтай, ажлын ачаалал их учир сурлага сайтай хүүхдүүд багш болохыг төдийлөн хүсдэггүй аж. Үүний улмаас багш нарын чадвар сул байгааг МУБИС-ийн клиник профессор, “Гурван тамир” олон улсын сургуулийн олон улсын хөтөлбөрийн менежер А.Хишигням хэллээ. Тэрбээр “Би хорь дугаар зууны багш. Миний үед хамгийн онц сурлагатай хүүхдүүд багшийн дээдэд ордог байлаа. Гэтэл сүүлийн үед багшийн мэргэжил үнэгүйдэж, хүүхдүүд багш болох сонирхолгүй болж байна. Үүний улмаас ЭЕШ-ийн оноо багатай, сургуульгүй үлдсэн хүүхдүүд багшийн сургуульд элсдэг болсон. Энэ нь багш нарын ур чадварт чухал нөлөө үзүүлж байна” гэв.

Орон нутгийн багш нар ажлын талбарт хөгжих боломж алга

Нийслэлийн сургуулиудын нэг анги 30-50 сурагчтай. Ийм олон хүүхэд нэг давчуу ангид шахцалдан суухаар багшийн заасныг бүрэн дүүрэн ойлгож, сурлага, хичээлдээ толгой цохино гэдэг амаргүй. Багш нар ч хүүхэд болгонтой тулж ажиллахад бэрх. Харин хөдөө, орон нутагт сурагчид цөөхөн ч багш нарын хүрэлцээ хангалтгүй. Мөн ажлын талбарт өсөх боломж орон нутгийн сургуулийн багш нарт хязгаарлагдмал байдгийг Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэллээ. Тэрбээр “Орон нутагт нэг математикийн багш, нэг монгол хэл, уран зохиолын багш 20-30 хүүхдэд хичээл зааж байна.Суралцах, үлгэрлэх нэг мэргэжлийн өөр хүн байхгүй учир багшийн чадвар ахихгүй. Тиймээс сум болгонд 12 жилийн сургууль байх шаардлагагүй гэж боддог. Бүс дунд нэг 12 жилийн сургууль байгаад хоёр багш бие, биеэсээ суралцдаг байвал хэрэгтэй” гэв.

Мөн улсын болон хувийн сургуульд багшлах нь ачаалал, сэтгэл ханамж, цалин хөлс гээд олон зүйл газар тэнгэр шиг зөрүүтэй аж. Хувийн сургуулиуд багш нарыгаа хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд онцгой анхаардаг бол улсын сургуулийн багш нар тэднээс 3-6 дахин их ачаалалтай ажилладгаас өөрийгөө ч хөгжүүлэх цаг гардаггүй. Тиймээс чадвартай, их сургуульдаа толгой зохиж байсан оюутнууд хувийн сургуульд багшлах сонирхолтой байдаг аж.