Худалдан авсан бараа бүтээгдэхүүн тань таалагдахгүй, эсвэл чанарын шаардлага хангахгүй бол буцаах боломжтой гэдгийг та мэдэх үү. Гэхдээ тухайн бүтээгдэхүүнийг хэрэглээгүй, хаяг шошго бүрэн, хайрцаг баглаа боодол нь хэвээрээ байх шаардлагатай.
Зарим дэлгүүр, худалдааны төвүүд “зарагдсан барааг буцаахгүй, сонголтоо зөв хийнэ үү” гэсэн бичгийг наасан байдаг. Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл аж. Мөн “НӨАТ-ын баримт хэвлэгдсэн учраас буцаах боломжгүй” гэх тайлбар нь ч хууль зөрчсөн хэрэг юм. Тиймээс дээрх зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах ёстой болохыг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр ШӨХТГ-аас анхааруулсан.
“Хэтэрхий нэг талыг харсан шийдвэр”
Тус газраас торгуулийн арга хэмжээ ногдуулаад нэг сар болох гэж байна. Энэ хугацаанд “зарагдсан барааг буцаахгүй” гэх бичигдээгүй хуульд өөрчлөлт орсон эсэхийг сонирхлоо. Шангри-Ла Молл худалдааны төвийн хувьд зөрчлийг бүрэн арилгасан бололтой. Өмнө нь бараа бүтээгдэхүүн зардаг тасаг бүр дээр байдаг байсан бичиг нүдэнд харагдсангүй. Хоёр давхарт байрлах гоо сайхны бараа зардаг газраас авсан бараагаа буцааж болох эсэхийг тодруулахад “Та авч ирээд шалгуулаарай. Бид шалгаж үзэж байж буцаалт хийх эсэхээ шийднэ” гэв. 3, 4 хороололд үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвүүдэд дээрх зөрчил нилээдгүй ажиглагдаж байлаа. Сонголтоо зөв хийхийн тулд хүн бүр хичээж байгаа санагдана. Өөрт таалагдсан бараа бүтээгдэхүүнээ сайн гэгч нь ажиглаж, барьж үзээд буцаагаад байсан байранд нь тавих тохиолдол цөөнгүй ажиглагдав.
Дараа нь Алтжин бөмбөгөр худалдааны төвийг зорилоо. “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичиг наагаагүй мөртлөө худалдан авалт хийсэн бол бараагаа буцаах боломжгүй гэх тайлбарыг өгч байлаа. Хууль зөрчсөн үйлдэл гэдгийг нь хэлэхэд хувцасны лангуун дээр сууж байсан 40 орчим насны эмэгтэй “Хүн бүр авсан бараагаа буцаана гэвэл бид нар яаж бараагаа зарах юм. Өөрсдөө барьж, өмсөж үзэж авчихаад буцаана гэдэг утгагүй зүйл. Авсан хувцсаа хэдэн удаа өмссөнийг хэн мэдэх юм. Хүний өмссөн хувцсыг хэн ч авахыг хүсэхгүй. Бид л алдагдалд орно. Тэгэхээр анхнаасаа сонголтоо зөв хийх хэрэгтэй. Дараа нь хэн хэндээ төвөг учруулахгүй шүү дээ. Хэрэглэгчийн эрх ашиг гэж хэтэрхий нэг талыг харсан шийдвэр гаргах нь буруу” хэмээлээ.
Хүн бүр шаардлага тавих эрхтэй
Харин тус төвөөр үйлчлүүлж байсан иргэдийн хувьд зарагдсан барааг буцаах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Чингэлтэй дүүргийн иргэн Д.Солонго “Хүн зөвхөн өөртөө хувцас авахгүй шүү дээ. Хүүхдүүддээ, эсвэл хүний гуйлтаар хувцас авах тохиолдол цөөнгүй байдаг. Тэр үед хувцас багадах, томдох асуудал их гарна. Гэтэл тухайн газар нь бараагаа буцаахгүй гээд гүрийдэг. Манай улсад л ийм зүйл нийтлэг юм шиг санагдсан. Ямар нэгэн зохицуулалт ч байдаггүй байх. Уг нь гадаадын улсуудад гурав хоногийн дотор ч юм уу авсан бараагаа буцааж болдог юм байна лээ” гэв.
Лангуу бүр дээр байдаг “зарагдсан барааг буцаахгүй” гэх бичиг хуулийн заалт болтлоо сэтгэлд хоногшжээ. Тиймээс өдийг хүртэл ийм зүйл байдаг мэтээр тоохгүй явсаар ирсэн. Тэгвэл одооноос дэлгүүр, худалдааны төв, захууд бараагаа буцаахгүй гэвэл шаардлага тавиарай. Хүн бүр шаардлага тавих эрхтэй. Хэрвээ таны үгэнд орохгүй бол ШӨХТГ-т “хов” хүргээрэй.
Баримтаа бүртгүүлсэн ч буцаалт хийж болно
Дээрх зөрчил илэрсэн тохиолдолд ШӨХТГ-аас таван сая төгрөгөөр торгох юм. Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Худалдан авсан бараагаа буцаахыг хүсэж байгаа бол анхан чанараас нь дордуулж болохгүй. Тухайлбал, хаяг шошго аваагүй байх, задалсан тохиолдолд өмсөж хэрэглээгүй байх ёстой. Худалдааны байгууллагууд энэ мэт шаардлагыг дотоод дүрэм журамдаа тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Бүтээгдэхүүнээ авчихаад НӨАТ-аа уншуулсан бол бараа буцаахгүй гэдэг. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа бас нэг хэлбэр. Баримтаа бүртгүүлсэн хэдий ч тухайн сардаа НӨАТ-ын буцаалт хийж болно. Тиймээс худалдан авсан бараагаа буцаах бүрэн боломжтой. Дээрх зөрчил илэрсэн тохиолдолд манай байгууллагад хандаж болно” хэмээн ярилаа.
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль” 2003 онд батлагдсан байдаг. Энэ хуулийн 12.5-д “Үйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг хангасан бараа борлуулах үүрэгтэй. Чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч үнийг хэрэглэгчид олгоно” гэсэн байна. Бодит амьдралд биеллээ олоогүй дээрх хуулийн заалт 10 гаруй жилийн дараа ийнхүү хөрсөн дээр буув.