Гэнэтийн мөнгөний шаардлага хэзээ ч гарахгүй юм шиг л бид өдөр бүрийг урсгалаар нь өнгөрүүлдэг. Түрийвчинд мөнгө байвал үрнэ, байхгүй байвал аргална, эсвэл хэн нэгнээс зээлнэ. Гэтэл нэг л өдөр нөүтбүүк маань шатах, машин маань гэнэт тар тар хийж эхлэхэд бид таарч болох эрсдлүүдэд бэлдэх хэрэгтэй байснаа ухаардаг. Гэсэн ч тэрүүхэн үедээ “За одооноос л хуримтлалтай болъё” гэж боддог ч, хэд хоногийн дараа “Ямар олон амьдрах биш дээ” гэж бодоод байгаагаа бүгдийг нь дуусгаж байж л санаа амардаг. Магад зарим нь бага цалингаасаа юуг нь хураах вэ дээ гэж эндүүрдэг. Гэтэл хадгалах мөнгө хэзээ ч багаддаггүй. Өөрөө тэвчээртэйгээр сар бүр бага ч гэсэн тодорхой хуримтлал үүсгэж чадвал энэ нь маш том амжилт юм шүү.
Хуримтлал яагаад чухал гэдгийг ухамсарлах
Эхлээд үнэхээр хуримтлал үүсгэж, ирээдүйн хэрэглээндээ хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна уу хэмээн өөрөөсөө асуу. Сар бүрийн орлогоо ямар ч дорвитой зүйл болгож чадалгүйгээр үрж дуусгачихаад байгаа өөртэйгээ “тооцоо бодох”-оор шийдсэн бол мөнгөндөө хянамгай хандахад сэтгэл зүйгээ сургаарай. Хуримтлал нь чамд цаашид юу ч тохиолдсон сандарч, байдгаа зарж, өндөр хүүтэй зээл авах шаардлага гаргахгүй санхүүгийн эрх чөлөөг олгодог юм. Заавал эрсдэлд бэлтгэж биш, ирээдүйд хийх зүйлдээ зориулж мөнгөө хураасан ч болно.
Эхлээд наад зах нь сарын турш орлого зарлагаа хөтөл
Төсвийн дэвтэр хөтлөх ердөө ч хэцүү биш. Зүгээр л мөнгө орж ирэх, мөнгөө үрэх тоолондоо түүнийгээ гар утасныхаа note дээр юм уу, дэвтэр дээрээ тэмдэглэхэд болно. Сарын сүүлд өөрийн зарлагыг төрөл төрлөөр нь ангилаад (бензин, такси, гар утасны төлбөр г.м) юунд хамгийн ихийг зарцуулж байгаагаа хараарай. Аль төрлийн зарлагыг танаж болохоор байгааг харчихвал чи хуримтлуулах хугацаандаа юунаас өөрийгөө хорьж, хязгаарлах ёстойгоо мэдээд авна. Нэгхэн сар хөтлөөд болих биш, цааш нь заавал үргэлжлүүлж хөтлөөрэй. Тэгэхгүй бол хуримтлал үүсгэх бодол ч бас нэг мэдэхэд замхарчихна.
Юунд зориулж хуримтлуулахаа ол
Хуримтлал ирээдүйн байрны урьдчилгаа болох ёстой юу? Хоёр жилийн дараа докторт суралцахад чинь хэрэг болох уу? Эсвэл ирэх зун гадны улс орноор аялахад чинь зориулагдах уу? Их хэмжээний мөнгөн хуримтлалдаа томоохон зорилго тавь. Тэр зорилгынхоо төлөө өдөр бүр зүтгэ, хүс, тэмүүл. Авах байрныхаа зургийг утас эсвэл компьютерынхоо дэлгэцэн дээрээ тавь, хоёр жилийн турш докторт явах бэлтгэлээ хангаж сургуулиа судла, эсвэл аялах улс орныхоо талаар мэдээлэлтэй болж аяллын компаниудынх нь веб сайтаар хэс. Ингэх нь сар бүр огтхон ч эргэлзэлгүйгээр, үрчих сэдэлгүйгээр мөнгөнийхөө тодорхой хувийг дансандаа хийхэд туслах болно.
Амьдралын хэв маягаа болго
Аливаа зүйлийг 49 хоногийн турш хийвэл зуршил болдог гэдэг. Өдөр бүр төсвөө хөтөлж орлого зарлагаа тооцсоноор өөрөөсөө харамладаг “нарийн” болчихгүй. Энэ нь зүгээр л чамайг ямар нэг хэрэгцээгүй зүйлд хэт их мөнгө үрэхээс сэргийлж, өөрийнхөө түрийвчинд орж гарч байгаа төгрөгт хариуцлагатай хандахад л сургаж байгаа юм. Тиймээс дансандаа мөнгө хийх, төсвөө хөтлөх, зорилгоо өөртөө сануулах зэргийг амьдралынхаа хэв маяг болго. Хамгийн боломжийн хүүтэй банкнуудаас гэртэйгээ ойр, харих замд таардгийг нь сонго. Мөн анхлан хуримтлал үүсгэх гэж байгаа хүнд хүүгээс хүү боддог зарчимтай хадгаламж таалагдана. Жилийн дараа гэхэд санаанд оромгүйгээр өссөн байх мөнгөнийхээ хэмжээг хараад шагнал авсан юм шиг л мэдрэмж төрөх болно.
Хуримтлалаа өөртөө дарамт болгож болохгүй
Хуримтлал нь жаргал байх ёстой болохоос дарамт болох ёсгүй. Хэрэв сар бүр дансандаа мөнгө нэмэх нь төвөгтэй санагдаж байвал, энэ үйлдлээ өөртөө аль болох хялбархан болгох хэрэгтэй. Данснаас чинь шууд суутгагддаг хэлбэрийг сонгож болно. Сар бүр 100 мянгыг хийхэд бусад хэрэгцээ чинь хангагдаж хүрэхгүй байвал, хуримтлуулах хэмжээгээ цалин нэмэгдтэлээ 70 мянга болгож бууруулж ч болно. Хуримтлал жаргалтай байх боломжоос хороогоод байгаа юм шиг мэдрэмж төрөх л юм бол дахин хураах сонирхолгүй болно. Тиймээс дансандаа хийх 100 мянгаас чинь гадна, “Бусад” гэсэн шошгон дор төсөвлөж тооцсон 50 мянган төгрөгний нөөц байх ёстой юм. Тэр мөнгөөр тухайн сард болох найзын төрсөн өдөр, ангийн гэнэтийн уулзалт, бэлэг сэлтээ “зохицуулах” хэрэгтэй. Хуримтлуулна гэдэг хэрэгцээгээ хасна гэсэн үг биш байгаа биз? Зөвхөн дэмий урсаж байгаа мөнгийг, хаачсан нь мэдэгдэхгүй алга болохоос нь өмнө дансанд хийгээд авах ёстой л гэсэн санаа юм.
Хуримтлал үүсгэхээр шийдсэн үү? Танд амжилт хүсье!