Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлнэ. Тус сонгуулийн 8169 суудлын төлөө өрсөлдөх 17161 нэр дэвшигч өнөөдөр харьяа аймаг, нийслэл, сум, дүүргийнхээ Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 816 суудлын төлөө 1901, нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын 291 суудлын төлөө 639 нэр дэвшигч, 330 гаруй сумын ИТХ-ын 7062 суудлын төлөө 14388 нэр дэвшигч өрсөлдөхөөр нэр дэвшээд байна. 2012, 2016 онд НИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулж байсан бол энэ удаад бүх шатны ИТХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулж байна. Тиймээс сонгогч саналаа өгөхдөө хоёр шатны ИТХ-д төлөөлөгчөө сонгох юм. Нийслэлд амьдарч буй сонгогч харьяалагдах дүүрэг болон НИТХ-д төлөөлөгчөө сонгоно. Харин орон нутагт амьдарч буй сонгогч сум болон аймгийнхаа ИТХ-д төлөөлөгчөө сонгох юм.
УИХ өнгөрсөн нэгдүгээр сард Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ач холбогдлыг бууруулсан нэлээд хэдэн заалт оруулсан. Мөн ИТХ-д ажиллаж байгаа хүмүүсийн саналыг нь сонсохгүйгээр хуулиа баталсан юм. Уг нь энэ хуульд ач холбогдол өгч одоо ажиллаж байгаа ИТХ-ын төлөөллөгчдийг хуулийн төслийнхөө дэд ажлын хэсэгт оруулах гэх мэтээр тэдний саналыг авч болох байлаа. Гэвч ёс болгож НИТХ-ын ганцхан төлөөлөгчийг л хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгтээ оруулсан юм. Ядаж Улаанбаатар хоттой ойрхон сумын нэг ИТХ-ын даргыг оруулж тулгарч буй бэрхшээлийг нь хуульд хэрхэн тусгах ёстой талаар байр суурийг нь сонссон бол зүгээр байв.
Ирцийн бас сонгогдох босгогүй ИТХ-ын сонгууль
Мөн ИТХ-ын сонгуулийн ач холбогдлыг үлэмж хэмээгээр бууруулж ёс төдий процесс болгох заалтуудыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын тухахй хуульд багтаасан. Тодруулбал, бүх шатны ИТХ-ын сонгуульд анх удаа 50 хувь дээр нэмэх нь нэг гэсэн ирцийн босго тавихгүй байхаар болсон юм. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 20, 30 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн ч тухайн сонгууль хүчинтэйд тооцогдоно гэсэн үг. Герман, Япон, БНСУ, Сингапур зэрэг 10 гаруй оронд ийм зохицуулалт үйлчилдэг гэсэн үгээр шүүмжилсэн хүмүүсийн амыг таглаад л хуулиа баталчихсан. Улсынхаа хөгжил, сонгогчдынхоо боловсролыг дээрх улсуудтай харьцуулж шийдвэр гаргах нь өрөөсгөл. Гэвч шийдвэр гэнэт гарчихсан. Ирэх сарын 15-нд болох ИТХ-ын сонгууль ирцгүйн улмаас хүчингүй болно гэсэн ойлголт байхгүй. Мөн нэр дэвшигчид авах ёстой саналын доод босго тавигдаагүй. Тухайн тойргийн нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө гэхэд тухайн санал хураалт хүчинтэйд тооцогдохоос гадна нэр дэвшигч санал өгсөн нийт сонгогчдын 50 хувийн саналыг аваагүй байлаа ч хамгийн олон санал авсан нь сонгогдоно гэсэн үг. Ингээд зогсохгүй нэгэнт ирц 50-иас дээш хувьд заавал хүрэх шаардлагагүй учраас санал хураалт явуулах цагийг богиносгосо. Өмнө нь ИТХ-ын сонгуулийн санал хураалт 07.00 цагаас эхэлж 22.00 цагт хаагддаг байсныг 20.00 цаг болгож наашлуулсан. Энэ мэтээр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг шалгуур багатай ёс төдий зүйл болж хувиргасан юм. Өөрөөр хэлбэл, сонгууль зохион байгуулахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй байх хялбарчилсан байдаар хуульчилсан юм.
Хоёр ИТХ-д зэрэг суух боломжтой
Аймаг, сумын ИТХ, нийслэл, дүүргийн ИТХ-д давхар нэр дэвшиж болох зохицуулалтыг батлав. Өмнө нь байсан энэ зохицуулалтыг дахин сэргээж хуульчилсан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, нэг нэр дэвшигч сумын болон аймгийн, дүүргийн болон нийслэлийн ИТХ-д зэрэг сонгогдох боломжтой гэсэн үг.
Ийнхүү ИТХ сонгууль, ИТХ гэдэг институцийн ач холбогдол энэ удаагийн сонгуулиас эхлээд буурч байна. Цаашдаа ч буурах хандлага ажиглагдаж байна. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг батлах явцад ИТХ-ын сонгуульд төрийн бус байгууллагууд нэр дэвшүүлж оролцдог болох саналыг зарим нам болон улстөрчид гаргаж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Энхболд “Орон нутагт улстөржилтийг багасгах нэг арга бол хууль ёсны төрийн бус байгууллагаас орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад нэр дэвшүүлэх боломжийг бий болгох явдал. Ингэвэл улстөржилтийг багасгах нэг бодитой алхам болно. Одоо бол улс төрийн намаас, эсвэл бие дааж нэр дэвшинэ гээд заачихсан. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлбэл ёстой жинхэнэ улстөржилтөөс ангид байж орон нутагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр санаа оноогоо нэгтгэсэн төрийн бус байгууллагууд гишүүдээ нэр дэвшүүлж ажиллах боломж бүрдэнэ. Ингэвэл зөвхөн орон нутгийн хөгжил ярих хүмүүс бүрдэнэ гэж бодож байна” гэсэн юм. Түүний энэ санал Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд багтаагүй ч ирээдүйд биелэлээ олох магадлал өндөр байна. Учир нь, ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд сумын ИТХ-д сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт багтаад байгаа юм.