Бяцхан үрээ сурагч болсны дараагаас эхлэн эцэг эх, хүүхэд, багш нарын дунд багагүй асуудал үүсдэг. Ээж, аавдаа эрхэлж, эрх дураараа байсан хүүхэд гэнэт л хариуцлага үүрч, хичээл хийх хүндхэн даваатай тулгардаг. Ийнхүү шинэ орчин, шинэ хамт олон, шинэ багштай танилцаж, амьдралд нь хувьсал гарах үед хүүхдийн сэтгэл зүйд өөрчлөлт ордог байна. Мөн хүүхдийнхээ даалгаврыг хийлгэж, хичээнгүй, нямбай сурагч болгохын тулд эцэг, эхчүүд ч багагүй бэдэрдэг. Тиймээс хүүхдийнхээ онцлог, шинж чанарыг таньж, хичээлийг нь хэрхэн үр дүнтэй хийлгэж, зөв төлөвшүүлэх талаар “Шинэ үе” сургуулийн бага ангийн багш, Боловсролын тэргүүний ажилтан Г.Энхтунгалагаас тодрууллаа. Тэрбээр бага ангийн багшаар 20 орчим жил ажиллаж буй юм.

-Хүүхэд бүхэн өөрийн гэсэн онцлогтой бөгөөд сурах арга барил нь ч харилцан адилгүй. Тиймээс хүүхдээ анзаарч, онцлог, сонирхол зэргийг нээж, илрүүлэх нь чухал. Тухайлбал, логик сэтгэлгээ сайтай хүүхдүүдийн төвлөрөх хугацаа нь урт байдаг. Мөн сууж зураг зурах, зургийг өнгө өнгөөр будах дуртай. Энэ төрлийн сурагчид даалгавар, хичээлээ гүйцэтгэл сайтай хийх чадвартай байх нь элбэг. Харин хөдөлгөөнтэй, анхаарал нь хурдан сарнидаг бол сургалтын үйл ажиллагаанд чиглүүлэхийн тулд эцэг эх, багш сайн анхаарах хэрэгтэй. Гэхдээ хөдөлгөөнтэй хүүхдүүд сэтгэн бодох чадвар сайтай байдаг. Багшийн өгсөн даалгаврыг олон талын өнцгөөс хардаг зэрэг давуу талтай. Ийм онцлогтой хүүхдүүдийн хичээлийг хөдөлгөөнтэй байдлаар хийлгэвэл илүү үр дүнтэй. Энийг тэнд очиж хийгээрэй, тийшээ очоод энийг гүйцэтгэ гэх зэргээр төвлөрүүлэх хэрэгтэй юм.
-Төрөлхийн дотогшоо буюу интроверт хүүхдүүд байдаг шүү дээ. Энэ төрлийн сурагчтай хэрхэн ажилладаг вэ?
Дотогшоо, бүрэг хүүхдэд эцэг эхийн дэмжлэг илүү хэрэгтэй байдаг. Мөн зэмлэж, шүүмжилж болдоггүй. Харин магтаал, урамшууллын аргаар сургах нь оновчтой юм. Би хүүхдүүдээрээ зураг зуруулж явуулаад “ээж, ааваараа зургийн тайлбар бичүүлж ирээрэй” гэж хэлдэг. Ингэхээр ээж, аавтайгаа зургийн талаар ярилцаж, санаа бодлоо илэрхийлнэ. Гэхдээ эцэг, эхчүүд “ээжид нь даалгавар ирсэн байна. Чиний тусламж надад хэрэгтэй юм байна” гэж хандвал тэд урамтай, нээлттэй ярилцана.
-Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхдээ эцэг, эхчүүд ихэвчлэн ямар гаргадаг вэ?
Эцэг, эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа бол хүүхэдтэйгээ хамтарч суралцдаггүй явдал юм. Хүүхдийнхээ даалгаврыг хийлгэхдээ энийг бичээд, тэрийг зураарай гэж хэлээд орхичихдог. Энэ хугацаандаа өөрсдөө утас, зурагт үзэх жишээтэй. Ингэхээр хүүхдийн анхаарал төвлөрдөггүй бөгөөд аав, ээж дуртай зүйлээ хийж байхад би энийг хийх шаардлагагүй гэж ханддаг. Мөн тодорхой хугацаа заахгүй орхичихлоор хүүхдийн сурах чадвар ахихгүй.
-“Хэрэв чи хичээлээ сайн хийвэл шагнана, муу дүн авбал шийтгэнэ” зэрэг аргаар хүүхдээ сургадаг ээж, аав цөөнгүй. Энэ хэр оновчтой арга барил вэ?
-Багаас нь барьцаалах аргаар сургасан хүүхэд бүх зүйлийг аваа, өгөөжтэй хийдэг болчихдог. Ийм аргаар хүүхдээ өсгөсөн эцэг, эхчүүд дунд ангид ороход нь “хүүхдээ дийлэхээ больчихлоо” гэдэг. Энэ нь сурах үйл явцад ч, танин мэдэхүйн чадварт ч муугаар нөлөөлнө. Түүнчлэн хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд насанд хүрсэн үед нь ч энэ араншин арилдаггүй.
-Онц сурахын үндэс нь сууж сурах гэдэг шүү дээ. Сүүлийн үед хүүхдээ сууж сургана, оюуны чадамжийг нь сайжруулна гэх зорилгоор ухаалаг төхөөрөмжтэй багаас нь нөхөрлүүлдэг болсон. Утас, зурагттай ойр өссөн хүүхдийн сэтгэн бодох болон анхаарал төвлөрөх чадвар илүү байдаг уу?
-Дэлгэц удаан ширтэх нь ухамсаргүй анхаарал төвлөрөлт юм. Өөрөөр хэлбэл, сууж сурах, анхаарал төвлөрдөг болох зэрэгт эерэг нөлөө үзүүлэхгүй. Мөн ухаалаг төхөөрөмжтэй урт хугацаанд хяналтгүй “нөхөрлөсөн” хүүхдүүд донтдог. Утсаар тоглоод сурчихсан хүүхдийн гар нь зүгээр байж чадахаа больчихдог юм билээ. Гараа удирдаж чадахаа больчихсон гэсэн үг. Гэхдээ гар утсаар тоглодог хүүхдийн сэтгэхүй, аливааг ажиглах чадвар, ой тогтоолт зэрэг нь бусдаас арай илүү байдаг.
-Гар утас сууж сурахад нөлөөлдөггүй болж таарлаа. Тэгвэл хүүхдээ хэрхэн сууж сургах вэ, мөн төвлөрөх чадварыг нь ахиулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Бүх зүйлийг хугацаатай хийж сурсан хүүхэд сууж сурдаг. Тухайлбал, 10 минут зураг зураад, 10 минут будаарай гэх зэргээр ажиллах хэрэгтэй юм. Даалгаврыг нь ч мөн завсарлагатай хийлгэнэ. Монгол хэлний даалгавраа 15 минут хийгээд, 10 минут тоглочих зэргээр хандана гэсэн үг. Шагнал, зэмлэлээр барьцаалах бус цагаар барьцаалах нь үр дүнтэй. Яг энэ аргыг хоёр сарын турш өдөр бүр хэрэглэхэд дадал болж, хичээл хийх тийм ч хэцүү зүйл биш болно.
-“Анхаарал төвлөрөлт муутай, шүлэг цээжилдэггүй хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ” гэх асуулт манай редакцид ирсэн?
-Хүүхдээ томоотой суулгаж байгаад, дагаж хэлүүлэх аргаар шүлэг, дууг цээжлүүлэх нь үр дүн муутай байдаг. Түүний оронд тоглох үед нь хамтарч цээжлэх, машиндаа явж байхдаа уралдаж унших зэрэг бүтээлч, хөгжилтэй аргаар ажиллавал үр дүнтэй. Мөн эрвээхий, эрвээхий нис нис гэж хэлэхийн оронд гараа далавч болгож хөдөлгөөд уншина. Ер нь албадаж бус тоглоомын аргаар сургавал хүүхэд халширч, залхдаггүй.
Л.Болортуяа: Хайрлагдах мэдрэмж дутагдахаар хүүхэд хөдөлгөөнтэй, зүггүй болдог

-Охиноо таван настай байхад нь сургуульд оруулчихсан юм. Одоо дөрөвдүгээр анги. Ангийнхнаа хүүхдүүдээс сурлагаараа тааруу, өөрийгөө илэрхийлэх чадвар сул. Саяхан надад “намайг зургаан нас хүрэхээр сургуульд оруулах байсан юм” гэж бухимдсан. Өөрөөсөө ах хүүхдүүдтэй суралцах сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг бололтой. Ямар арга хэмжээ авах вэ?
Сургуульд элсүүлэхийн өмнө хүүхдийн сэтгэл зүйн байдал сурагч болоход бэлэн эсэхийг тусгай зориулалтын тест ашиглан оношилдог. Зургаан нас хүрсэн хүүхэд бүхэн суралцах бүрэн боломжтой гэдэг өрөөсгөл ойлголт юм. Дөрвөн настай ч сэтгэл зүй, оюун ухааны чадамж нь сурагч болж болохоор хүүхэд байхад долоон настай хэрнэ сургуульд сурахад бэрх хүүхэд бий. Энэ нь хүүхдийн онцлог, хүмүүжлийн арга барил, өссөн орчин зэрэг олон зүйлээс шалтгаалдаг. Тиймээс хүүхдийн сурлагад нас нөлөөлж байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Тиймээс эхний ээлжид сурлага муу байгаа шалтгааныг нь тогтоогоорой. Үнэхээр сэтгэл зүйн өөрчлөлтөд орсон бол мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөмж авах хэрэгтэй. Мөн багштай нь сайн харилцаж, анги дээрээ ямар зан үйл гаргаж, юунд их цагаа зарцуулж байгааг нь тандаарай.
-Хүү маань одоо нэгдүгээр анги. Би уг нь багш мэргэжилтэй ч хүүхдийнхээ учрыг нэг л олохгүй байна . Тэгш, сайхан бичээсэй гээд хэдэн үг хэлэхээр “та өөрөө сургуульд яв, би цэцэрлэгтээ явмаар байна, гар, хуруу өвдөөд” гэх зэргээр эсэргүүцэх юм. Сүүлдээ үг авахаа ч байлаа. Яаж дуулгавартай болгох вэ?
Хүүхэд заавал тэгш сайхан бичих албагүй. “Алдаа гаргаж болно, алдаанаасаа ичих хэрэггүй” гэх ухагдахууныг ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, хичээлдээ ч дуртай болдог. Гар, хуруу нь өвдөж байхыг үгүйсгэх аргагүй. Гэнэт их ачаалал авахаар хүүхэд ядарч, залхана. Энэ насны хүүхдийн гэрийн даалгаврын ачаалал 25-40 минутаас хэтрэхгүй байх ёстой.
Хүүхдээ дуулгавартай болгоно гэдэг нь сэтгэл зүйн далд хэлбэрийн хүчирхийлэл юм. Харин ямар үед дэг журамтай, ямар үед эрх дураараа байж болохыг ойлгуулах хэрэгтэй. Үглэж, унтууцахын оронд яагаад хичээл хийх хэрэгтэйг ойлгуулах нь чухал. Мөн хичээлээ хийсний дараа “чи сайн байлаа, их хичээлээ, дараагийн удаа илүү сайн байна гэдэгт итгэж байна” зэрэг урмыг үг хэлээрэй.
-Хүүхдийнхээ хичээлийг хийлгэх гэж орой бүхэн хэрүүл болдог боллоо. Аав, өвөө, эмээ нь “заавал онц сурах албагүй, хүүхэд битгий шахаад бай, чи өөрөө тийм мундаг байсан юм уу” гэх зэргээр хүүхдийн дэргэд элдэв үг хэлж, муухай аяглах юм. Үүнийг нь сонсоод надтай муухай харьцаж, хичээлээ хийхгүй, сургуульд сурахгүй гэдэг болсон. Яавал дээр вэ?
Гэрийн даалгавраа хүүхэд өөрөө л хийх ёстой. Томчууд чадахгүй, ойлгохгүй зүйлд нь дэмжлэг үзүүлнэ. Өөрөө бие дааж хийхээр удна, дэвтэр, балаараа тоглох, завааруулах тохиолдол ч гарна. Зэмлэх хэрэггүй. Дахиж алдаа гаргахгүй байхыг сануулаад өнгөр. Хүүхдийнхээ дэргэд маргалдахаар анхаарал сарниж, хичээл хийх сонирхол нь буурдаг. Тиймээс хичээл хийх үед нь гэр бүлийн маргаангүй, утас зурагт унтраалттай байх хэрэгтэй.
-Хүү минь маш хөдөлгөөнтэй. Хичээл дээрээ зодоон, цохио хийнэ. Ангийнхаа охидыг шоглоно. Бал үзгээ хаяж гээнэ. Хүүхдийнхээ хандлагыг хэрхэн өөрчлөх вэ?
Хайрлагдах мэдрэмж дутагдсан үед хүүхэд хөдөлгөөнтэй, зүггүй болдог. “Хөөе намайг анхаарч, би хайрлуулмаар байна” гэдгээ үйлдлээрээ илэрхийлж буй нь тэр юм. Гэхдээ гэр бүлийн орчин, эцэг эхийн гень зэргээс хамаарах нь ч бий. Мөн бага насны хүүхдэд энергийн хуримтлал үүсдэг. Үүнийгээ гадагшлуулахын тулд зохих хэмжээний хөдөлгөөн хийнэ. Хэт хөдөлгөөнтэй байхыг хэвийн бус, эмгэг гэж нэрлэдэг. Түүнчлэн том хүн шиг томоотой, суугаад байх нь ч хэвийн бус шинж юм.
Ямартай ч хүүхдээ хэнтэй ч харьцуулахгүйгээр байгаагаар нь хайрлаж, бусдаас онцгой чадваруудыг нь хэлж, урамшуулах хэрэгтэй. Мөн анх төрөхдөө ямар байсан, өвөө эмээ нь хэрхэн хайрладаг байсан зэрэг чанартай яриа өрнүүлж, хүүхдэдээ чанартай цаг гаргах нь чухал юм. Яваандаа хүүхэд өөртөө итгэлтэй, тайван, дөлгөөн болж эхэлнэ.