Уурхайд ажиллаж байсан иргэн амиа алджээ

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайд осол гарч, тухайн үед ажиллаж байсан 30 настай эрэгтэй амиа алджээ.

Тодруулбал, тус аймгийн Хулд суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд есдүгээр сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчим нуралт үүсэж, тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн иргэн М /30 настай, эрэгтэй/  20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан тухай мэдээллийг тус сумын хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт өгчээ.

Тухайн газрыг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдлыг үнэлсэн байна.

Орон нутгийн Онцгой байдлын байгууллага бие даан ажиллах боломжгүй байгаа тул Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид өчигдөр буюу энэ сарын 22-ны өдрийн 10:27 цагт Дундговь аймгийн Хулд сумын чиглэлд явж мөн өдрийн 15:20 цагт очин аврах ажиллагааг зохион байгуулж, 17:30 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)