Малын тоо толгойн хэт өсөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн бэлчээрийн доройтол манай улсын эдийн засгийн хоёр гол тулгуурын нэг болох мал аж ахуйд /нөгөө нь уул уурхай/ ноцтой хүндрэл тулгарсан талаар бид өмнөх нийтлэлдээ /Малдаа дарлуулсан Монгол: Бэлчээрийн доройтол аюулын харанга дэлдэж байна/ хөндсөн билээ. Тэгвэл энэ удаа усны хомсдол аюулын харанга дэлдэж, асар өргөн уудам нутаг бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломжгүй болон эзгүйрч байгаа талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Говийн бүс нутагт хөрсний ус доошилж, гүний худгууд ширгэж байна
Хур бороо бага, гадаргуугийн ус ховор говь нутагт мал аж ахуйн усан хангамжийг гүний худгаар шийддэг. Тэгвэл өдгөө тус бүс нутагт байгаа худгуудын хөрсний ус доошилж, шүүрэлт нь илт багасаж, зарим нь бүрмөсөн ширгэжээ.
Нээлттэй эх сурвалжийн мэдээллийг харьцуулж үзэхэд хөрсний усны түвшин Өмнөговь, тэр тусмаа Оюутолгой, Тавантолгойн ордын орчимд мэдэгдэхүйц доошилсон байх магадлалтай харагдана. Энэ бүс нутагт 120 метрийн өрөмдлөгтэй худаг бүрэн ширгэсэн тохиолдол гарсан байна. “Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж тухайн үед энэ талаар хэвлэлд ярилцлага өгч байсан ч иргэд нийгмийн сүлжээнд өдөр тутам хаяж өгдөг “яс”-аа мэрээд анзааралгүй өнгөрөөсөн бололтой.

Тэрээр “Хэдэн хувь нь дэлхийн дулаарал, хэдэн хувь нь уул уурхайн үйл ажиллагаанаас болдог юм тэрийг хэлж мэдэхгүй юм. Гэсэн хэдий ч мэдэгдэм усгүй болж байна. Жишээ нь, манай компанийн ундны усны хэрэглээний гурван худаг гурвуулаа ширгэсэн. 120 метрийн гүний худаг л даа. Тиймээс газрын гадаргын буюу Орхон эсвэл Хэрлэн голын аль нэгийнх нь усыг үерийн түвшинд нь хуримтлуулж байгаад говийн бүс нутагт үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой. Гүний усаа ашигласаар байвал говь минь цөлжиж, байгаль нь улам их доройтож магадгүй. Татвар хамгийн их төлж байгаа ч байгаль экологи нь дордсон, хүмүүсийнх нь эрүүл мэнд муу аймгаар тодорч мэдэх нь” гэх зэргээр яг манай цуврал нийтлэлийн агуулгаар авч үзвэл маш ноцтой мэдээллийг өгч байжээ.
Монгол орны нутаг дэвсгэр хөрсний ус доошилсныг илтгэх ургамлаар дүүрч байна
Монгол орны нутаг дэвсгэрт ургамлын тархалт, бүтэц бүрэлдэхүүн хурдацтайгаа өөрчлөгдөж байна. Ингэхдээ ганд тэсвэртэй зээргэнэ, нарийн харгана, шүдлиг сонгино, шувуун хөл зэрэг ургамлын тархалт илт нэмэгдэж байна. Эдгээр ургамлууд нь тухайн газрын хөрсний бүтэц өөрчлөгдөж, хуурайшиж байгааг илэрхийлдэг ажээ.
Монгол орны ургамлын тархалт, бэлчээрийн төлөв байдлыг 1950 онд судалсан ЗХУ-ын эрдэмтэн А.А.Юнатов “Монгол орны хойноос урд хил хүртэл уудам нутагтай, жилийн 4 улиралд мал сүргийн тэжээл болдог тэргүүн зэргийн өвс ургамалтай, хааяагүй өтгөн ургана” гэж бичиж байжээ.
Тэгвэл Геоэкологийн хүрээлэн, Газрын нөөц, газар ашиглалтын салбараас /Д.Аваадорж С.Бадрах О.Хадбаатар/ хийсэн судалгаанд газрын гарц А.А.Юнатовын хийсэн судалгаанаас хойш үлэмж багассан болохыг тогтоосон байна. Тодруулбал, “Ургамлын төрөл зүйлийн бүрэлдэхүүн 2-4 дахин, ургамлын дундаж өндөр 10 гаруй дахин багасаж малд муу идэгддэг ургамлын эзлэх хувь 3 дахин ихэссэн” байна. “Өнөөгийн байдлаар бэлчээрийн дундаж ургац га-д 2,9 цн байгаа нь нэн доогуур үзүүлэлт бөгөөд бэлчээр нутаг нийтдээ доройтсоныг үзүүлж байна. Ийнхүү бэлчээрийн ургац, зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөөд зогсохгүй тэнд ургаж буй ургамлын экологийн бүлгийн харьцаа ихээхэн өөрчлөгджээ” гэж уг судалгааны тайлан илтгэлд онцлон тэмдэглэжээ. .
Бэлчээрийн доройтлыг илтгэгч ургамлууд
Хөрс хуурайшиж, гадарга нь халахад амьдрах чадвар сайтай дараах ургамлууд л тархаж ургах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, одоо танилцуулах ургамлууд нь тухайн газрын бэлчээр доройтсоныг илэрхийлж байгаа юм.
Leymus chinensis - Хиаглай түнгэ

Хиаглай түнгэ үндэслэг ишээр хөрсний өнгөн хэсгээр тархан үрждэг, бэлчээрийн талхлагдлыг илтгэгч ургамал
Caragana stenophylla – Нарийн харгана

Нарийн харгана ганд тэсвэртэй тул бэлээрийн талхлагдлын үед ч эзлэх хэмжээ нь буурдаггүй.
Ephedra sinica – Зээргэнэ

Зээргэнэ хуурайсаг олон наст ургамал малд муу идэгддэг бэлчээр талхлагдахад толбо үүсгэн ихэсдэг.
Allium bidentatum –Шүдлиг сонгино

Allium anisopodium – Шувуун хөл

Таана, сонгинын төрлийн ургамлууд зонхилон давамгайлж ургах нь хөрсний бүтэц өөрчлөгдөж буйг илтгэнэ