ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг номын сангаар нь дамжуулан түрээслэх ажил хоёр жилийн өмнөөс яригдаж, өнгөрсөн жилээс ажил болж хэрэгжсэн. Тодруулбал, 2019 онд Азийн хөгжлийн банкны найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2.6 сая сурах бичиг шинээр хэвлэсэн. Гэхдээ сурагчид түрээсийн сурах бичиг тараагдахыг хүлээсээр өнгөрсөн намрыг үдсэн билээ. Сургуулиуд номоо хүлээж аваад удаагүй байтал хөл хорио тогтоосон учир сурах бичгийн асуудал намжсан.

Нийт сурагчдын 50-70 хувийг л түрээсийн сурах бичгээр хангана

Өнгөрсөн намрын турш багш, сурагч, эцэг эхчүүдийг багагүй тэвдүүлсэн сурах бичгийн асуудал өнөө жил ч мөн тэдний толгойн өвчин болж байна. Учир нь өмнө жилийн хэвлэж, тараасан ном дунд, ахлах ангийн бүх сурагчид хүрэлцэхгүй байгаа тул байгаа сурах бичгээ хэнд, хэрхэн тараахаа сургуулийн ажилчид хэлэлцэж буй аж.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгэн сургуулийн бүлэг тус бүр 25 багц сурах бичгийн нормтой. Гэтэл нэг ангид 30-45 хүүхэд суралцдаг. Тиймээс сурагчдын 50-60 хувь нь сурах бичгээ түрээсэлж, үлдсэн хүүхдүүд худалдаж авах шаардлагатай юм. Ангийн багш нар өрхийн орлого, амьжиргааны түвшин зэргийг нь харгалзаж тараах уу, түрээсийн төлбөрөө түрүүлж хийсэнд нь өгөх үү гэдгээ тооцоолж буйгаа хэлж байлаа. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн нэгэн сургуулийн номын санч  сурах бичиг хүрэлцээгүй байгааг хэлсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн жил сурах бичиг ирсэн ч бүх хүүхдийн хэрэгцээг хангахгүй байна. Манай сургууль бусад ЕБС-ийг бодоход арай олон сурах бичиг авч чадсан. Гэхдээ л нийт сурагчдын 70 хувийг л сурах бичгээр хангах боломжтой. Үлдсэн хувь нь номоо худалдаж авах, цахим ном ашиглахаас өөр гарцгүй” гэсэн юм.

Сурагчдад худалдаалах сурах бичиг алга

Сурах бичиг авах сугалаа, болзлыг хангаагүй хүүхдүүд хичээл, даалгавраа хийхийн тулд номоо худалдаж авахаас өөр аргагүй. Гэтэл номын хүртээмж хомс учир 2000 төгрөгөөр хэвлэгдэж буй номыг хоёр дахин өндөр үнээр авдаг. Гэхдээ энэ жил худалдаж авъя гэсэн ч худалдаалах номын хүрэлцээ муу байгааг номын худалдаачид хэлж байлаа. МУБИС-ийн урд байрлах номын дэлгүүрийн худалдагч Ш.Чойндонгарав “Жил бүхэн ном хэвлэж, бизнес хийж байгаа явдал хэрээс хэтэрлээ. Үүний улмаас л сурах бичгийн хомсдол бий болж, сурагч, эцэг эхчүүд хохирч байна. 2018 онд хэвлэж, худалдаалсан ном 2019 онд хэрэгцээгүй болчихдогийг огт ойлгохгүй байна. Бид сурагч байхдаа ах, эгчийнхээ номыг ашиглаад л сурдаг байсан шүү дээ. Шинээр үйлдвэрлэж буй номуудаа номын худалдаачдад олгодоггүй. Тэгэхээр хүүхдүүд ном авах гэсэн ч бидэнд зарах сурах бичиг байхгүй байна. Багш нар нь заавал 2019 оны хэвлэлт авч ир гэдэг. Аргагүй шүү дээ. Доторх агуулга, дэс дарааллыг нь өөрчилчихсөн юм чинь. Нийт сурагчдын 50 хувийг түрээсийн сурах бичгээр хангахаар 50 хувь нь номгүй хоцорно. Тэдгээр хүүхэд худалдаж авъя гэсэн ч бид 10 хувийн хэрэгцээг нь ч хангаж дийлэхгүй” гэсэн юм.

Сургуульд сурах бичиг тараах ажлын дүүргийн боловсролын ажилтан хариуцна

Сурах бичгийн хүрэлцээний талаар Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн П.Наранжаргалаас тодруулахад “Бид хүүхэд бүрийг сурах бичгээр хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Нийт сурагчийн 60 хувийг түрээсийн сурах бичгээр хангана. Харин үлдсэн 40 хувьд нь үнэ төлбөргүй сурах бичиг ашиглах ёстой. Хэрэв аль нэг сургуульд сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байгаа бол тухайн дүүргийн боловсролын мэргэжилтэнтэй холбоотой. Учир нь боловсролын газар хуваарилалт хийдэггүй. Аймаг, дүүргийн боловсролын хэлтэс аль сургуульд, хэдэн ном өгөхөө шийддэг” гэсэн юм.