Сонгуулийн дараа засгийн эрх нэг намаас нөгөөд шилжсэн тохиолдолд төрийн байгууллагын удирдлагууд бүгд солигддог. Харин энэ удаад МАН үргэлжлүүлэн засгийн эрхийг барихаар болсон. Гэсэн хэдий ч Засгийн газрын харьяа агентлаг, бусад төрийн байгууллагын удирдлагууд солигдсоор байна. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар Ц.Нацагдолгорыг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Бямбасүрэнг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Э.Тамирыг томиллоо. Ийнхүү УИХ-ын сонгуулиас хойш 16 агентлагийн даргыг шинээр томилоод байна. Гэхдээ ингэлээ гээд төр бүрэн цэгцэрсэнгүй. Тухайлбал, одоогийн байдлаар Үндэсний статистикийн хороо удирдлагагүй байна. Тус хорооны дарга А.Ариунзаяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон. Тэгэхээр намрын чуулган эхэлтэл Үндэсний статистикийн хороо албан ёсоор удирдлагагүй байна гэсэн үг.
Мөн дунд шатанд “эзэнгүй айл” олон бий. Тодруулбал, Улаанбаатар хот, Баянгол, Багануур дүүрэг, Дорноговь, Орхон, Өмнөговь, Төв, Өвөрхангай аймаг УИХ-ын сонгуулиас хойш албаны ёсны удирдлагагүй байна. Дарга нар нь УИХ-д сонгогдсон эдгээр “айл”-ууд ирэх аравдугаар сарын 15-нд болох аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дараа л албан ёсны даргатай болно. Тэр болтол бүтэн дөрвөн сарын турш даргагүй байна гэсэн үг. Энэ дөрвөн сар бол хамгийн их ажил ундардаг сарууд. Наадмын дараа намар гэж үг байдаг даа. Эдгээр саруудад өвөлжилтийн бэлтгэлээ базаахаас эхлээд аймаг орон нутгийн удирдлагуудад удирдан зохион байгуулах ажил их. Дээрх аймаг, дүүрэг болон нийслэлийг орлогч дарга нар нь удирдаж байгаа ч бүрэн дүүрэн хариуцлага хүлээх хүмүүс биш.