Ипотекийн зээлийн хүүг аравдугаар сард зургаан хувь болгоно
Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлийн агаар, хөрсний бохирдол, замбараагүй төлөвлөлтийг шийдвэрлэх оновчтой бодлого нь айл өрхүүдийг орон сууцжуулах. Энэ бодлогын хүрээнд урт хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч хотын зах хүрээгээ тэлж, гэр хорооллын яндангийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Нэг талд борлуулагдаагүй орон сууц эзнээ хүлээсээр, нөгөө талд 30 хувийн урьдчилгаа, зээлийн хүүг бууруулахыг хүссэн иргэд зохицуулалт хүлээсээр өдийг хүрлээ.
Тэгвэл удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох нь. УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрт анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгохоор тусгасан. Энэ амлалтаа намрын чуулганаар батална хэлэлцэнэ гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн ирэх сард багтаан ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно гэдгийг мэдээлсэн бол намрын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байгааг Шадар сайд Я.Содбаатар хэлэв.
Улмаар Засгийн газрын түвшинд ипотекийн зээлийг зургаан хувь болгох шийдвэрийг дэмжсэн бөгөөд Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Монголбанкнаас Засгийн газартай хамтран ипотекийн зээлийг хүүг зургаан хувь болгож бууруулах асуудлыг судалж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийг хүүг зургаан хувь болгож бууруулах боломжийг судлах ажлын хэсгийг байгуулсан. Гэхдээ зургаан хувь болгох шийдвэр гаргаагүй. Монголбанк энэ оны тавдугаар сараас эхлээд арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зээл олгож байна. Одоогийн байдлаар 146.3 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоод байна. 2100 орчим иргэнд найман хувийн хүүтэй зээл шинээр олгосон гэсэн үг. Ипотекийн зээлийг хэрвээ зургаан хувь болговол 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна” гэсэн юм.
Харин шинээр зээл авах иргэдэд зургаан хувийн үйлчлэл хамаарах бөгөөд өмнө нь найман хувийн зээл авсан иргэдийн зээлийг хүүг бууруулахгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл ипотекийн зээл авсан нийт 80 мянган иргэний зээлийн хүүг бууруулахад гарах эрсдэл, хүүгийн зөрүүг судалж, тооцоолж байгааг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэв. Тэрээр нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа "Бид 80 мянган хүний зээлийг зургаан хувь болгоход ямар хэмжээний хөрөнгө нэмж шаардагдах, хэр хэмжээний зөрүү гарах, энэ нь эдийн засагт ямар эрсдэлтэй байх вэ гэдэг талыг нь судалж байгаа юм. Үнэхээр буулгах боломжтой гэж үзвэл асуудлыг шийднэ. Хэрвээ боломж муутай гэж үзвэл хэсэг бүлгээр ч юм уу, зорилтод бүлгээр авч үзэх тооцоолол хийнэ. Ажлын хэсэг, Засгийн газар дээр эцэслэн шийднэ" гэжээ.
Ипотекийн зээлийн хүүг бууруулснаар иргэдэд, худалдан авагчдад маш таатай нөхцөл бүрдэнэ. Хэдийгээр хоёр хувийн хүү ч гэлээ урт хугацаагаар асар их мөнгө иргэдийн халааснаас хэмнэгдэх юм. Энэ хэрээр урт хугацаандаа орон сууцанд орх иргэдийн тоо нэмэгдэж, агаар, хөрсний бохирдол, замбараагүй төлөвлөлт багасахад тун чухал нөлөөтэй.
Тэгвэл зээлийн хүүг зургаан хувь болгосноор МИК-ийн эрсдэлийн санд төвлөрүүлдэг хоёр хувийн хүүг байхгүй болгоно гэсэн үг. Энэхүү эрсдэлийн сан нь барилгын салбарыг томоохон уналтын хамгаалалт болдог. Тиймээс зээлийн хүүг зургаан хувь болговол цаашид барилгын салбарын уналтыг хамгаалах эрсдэлийн сангийн орлого энэ хэрээр буурна гэсэн үг.
Ипотекийн зээлээ хэвийн төлсөн иргэдийн зээлийн хүүгийн татаасыг хэзээ олгох нь тодорхойгүй байна
Коронавируст цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах тогтоолын төслийг УИХ-аар өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Ингэхдээ ипотекийн зээлийн төлөлтийг зургаан сарын хугацаагаар царцаах шийдвэр гаргасан юм. Харин ипотекийн зээлийн төлөлтөө хойшлуулаагүй иргэдийн зээлийн хүүг гурван сарын хугацаанд зургаан хувь болгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ одоогоор энэхүү шийдвэр хэрэгжээгүй байна.
Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “УИХ-аар баталсан тогтоолын дагуу Монголбанк, Сангийн яамнаас ипотекийн найман хувийн зээлтэй иргэдэд зээлийнхээ эргэн төлөлтийг зургаан сарын хугацаанд хойшлуулах боломж олгосон. Энэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 38 мянган иргэний хоёр их наяд төгрөгийн зээлийн төлөлтийн хугацаа аравдугаар сарын 1 хүртэл зогссон.
Үлдсэн 34 мянган иргэний хувьд УИХ-аас гаргасан тогтоол, хуулийн дагуу гурван сарын хугацаанд хоёр хувийн хүүгийн татаас олгохоор болсон. Үүнд 34 мянган иргэн хамрагдана” гэсэн юм.
Зээлийн хүүгийн татаасанд нийт долоон тэрбум төгрөг олгохоор болсон байна.
Харин одоо 34 мянган иргэний зээлийн хүүгийн татаасанд олгох мөнгийг яг хэзээ олгох нь тодорхойгүй байна. Энэ талаар Монголбанк, Барилга, хот байгуулалтын яамны эх сурвалжууд тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Түүнчлэн 2018-2019 онд ипотекийн зээл санхүүжилтийн улмаас бараг гацсан байв. Харин энэ онд 300 орчим тэрбум төгрөгөөр санхүүжилт гаргаж иргэдэд зээл олгож буй. Тухайлбал, Монголбанкнаас Цар тахалтай тэмцэх арга хэмжээний хуулийн хүрээнд ипотекийн зээлийг санхүүжүүлж эхэлсэн. Харин хуулийн үйлчлэл энэ онтой зэрэгцэн дуусах учраас цаашид хэрхэх нь тодорхойгүй байна.