Германы канцлер Ангела Меркель болон Европын холбооны удирдагчид БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй видео холбоогоор ярилцлаа. Энэхүү видео хурал нь Лейпцигт хийхээр төлөвлөгдсөн байсан дээд түвшний уулзалтыг орлож байгаа юм.
Хятад санхүүгийн жил дуусахаас өмнө ЕХ-той хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгуулах найдлага тээж байгаа. Тэгвэл Еврокомиссын дарга өнөөгийн нөхцөлд гэрээ харилцан ашигтай байж чадна гэдэгт итгэл муутай байгаа.
“Манай зах зээлийг нээх нь замын дундын уулзалт юм. Зах зээлээ хоёр талаас нээх асуудал үлдэж байна” гэж Урсула фон дер Ляйен хэлжээ.
ЕХ-ны удирдагчдын зүгээс исламын шашинт уйгаруудыг мөрдөн мөшгөж байгаа, Хонконг дахь хэлмэгдүүлэлт, Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын цэргийн ажиллагаа зэрэгт түгшиж буйгаа Хятадын даргад илэрхийлжээ.
“Хятад ЕХ-г бие даасан гэж үзэж холбооноос тийм байдлаа сахихыг шаардаж байгаа. Та бүгд дэлхийг геополитикийн нүдээр харахыг бид үл хүснэ гэх утгатай шаардлагыг Бээжин тавьж байгаа. Тэд Европ зөвхөн эдийн засгийн нүдээр хараасай гэж хүсч байна” хэмээн Брюсселийн шинжээч Тереза Фэллон хэлэв. Мөн Хятад өөрийн технологийн аварга Хуэвэй компанид ЕХ-нд тав дахь үеийн сүлжээгээ нэвтрүүлэх зөвшөөрөл өгөхийг хүсэж байгаа аж.
Энэ видео уулзалтаар талууд цар тахлын дэглэм сулрангуут дээд хэмжээний нүүр тулсан уулзалт хийхээр тохиролцжээ.