Манай улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэн билээ. Тэрбээр ХӨСҮТ-д хоёр сарын хугацаанд эмчилгээ хийлгэж, эдгэрээд эх орон руугаа буцсан. Гэвч сүүлийн өдрүүдэд “Анх-Отгон” нутагтаа очоод шинжилгээ өгөхөд эсрэг биет илрээгүй тул Монгол улсын Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд тараад байна.

Энэ талаар “ХӨСҮТ”-ийн захирал Д.Нямхүү Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр тайлбар хийлээ. Тэрбээр “Франц иргэн бидэнтэй холбогдож, талархаж буйгаа үргэлж илэрхийлдэг. Өнгөрсөн өдрүүдэд цахим хуудсаар тархаад буй ташаа мэдээллийн дараа бид өөртэй нь холбогдож тодруулсан. Тэрбээр нутагтаа очиж шинжилгээ өгсөн нь үнэн. Гэхдээ 78 хувийн эсрэг бие илэрсэн талаараа хэлж, эмнэлгийн бичгийнхээ зургийг явуулсан. Худал мэдээлэл тарааж, олон хүний нойр хоолгүй ажиллаж буй хичээл зүтгэлийг үгүйсгэж буй нь бусармаг үйлдэл юм. Энэ худал мэдээ франц иргэний болон эмч нарын сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна” гэв.