Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт барьж эхэлсэн. Шахмал түлшний үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралт, цахилгаан хангамжийн ажил 60 орчим хувьтай байна.

Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх сард бүрэн ашиглалтад орох юм. Сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн  бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэх аж.

"Ингэснээр цагт 30 мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Дараагийн ээлжийн A, B блок үйлдвэрүүд ирэх аравдугаар сарын дундуур ашиглалтад орохоор төлөвлөжээ. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг ээлжид 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэнэ" хэмээн Зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан  хэллээ.

Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн. Мөн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болно гэв.