БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал эхэллээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал эхэллээ. Айлчлалын бүрэлдэхүүн Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан байна. Энэхүү айлчлал нь цар тахлын үеийн хорио цээр, Өвөрмонголчуудын хэл бичгийн асуудал дэгдсэн энэ үед болж буйгаараа ихээхэн онцлогтой.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-д болсон ШХАБ-ын орнуудын сайд нарын уулзалтад оролцоод буцахдаа манай улсад айлчлал хийж буй нь энэ.

Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах явдал энэхүү айлчлалын зорилго гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр хоёр улсын сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийх аж.

Ковид-19 цар тархалтаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд гарч буй ахицыг бататгах нь айлчлалын үеэр болох уулзалт, хэлэлцээний гол сэдэв байх юм. Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор болсон байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай Элчин сайд Цай Вэньруй хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)