Тус улсад коронавируст халдварын хоёр дахь давалгаа эхэлснийг Австрийн канцлер Себастьян Курц мэдэгдлээ. Шинээр бүртгэгдсэн халдваруудын бараг тал хувь нь нийслэл Вена хотоос илэрчээ.
Хоёр долоо хоногийн өмнө өдөрт 350 орчим халдвар илэрч байсан бол өнгөрсөн амралтын өдрөөр 850-д хүрсэн байна. Удалгүй энэ үзүүлэлт өдөртөө мянгаар тоологдох түгшүүртэй байгааг канцлер санууллаа.
Канцлер иргэдэд хандан хамгаалалтын арга хэмжээнд анхаарлаа хандуулахыг уриалсан байна. Түүний хэлснээр “хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа” ч зөвхөн ирэх зунаас байдал хэвийн болно. Харин намар өвөл хүнд байх аж.
Австрид коронавирусийн халдвартай өвчтнүүдийг нохдоор үнэрлүүлж илрүүлэх сургуулилалтыг өнгөрсөн долоодугаар сард эхлүүлсэн бөгөөд цаашид ийм сургуулилалт албаны нохой бүрт заавал хийгдэх байна.
Олон улсын Worldometer статистикийн албаны мэдээгээр ням гарагийн байдлаар Австрид халдварын нийт бүртгэгдсэн тохиолдол 33 159 болсноос 756 хүн өвчнөөр өнгөрч харин 26 760 хүн эдгэрчээ.