Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулах, аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулах тухай тусгасан. Энэ хүрээнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон дотоод, гадаадын жуулчид ихээр зорчдог улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадад гардуулан өглөө. Энэхүү пресслэгч машинийг хүлээлгэн өгч, шаардлагатай сургалтуудыг явуулснаар хуванцар хог хаягдлыг төвлөрүүлэн тээвэрлэхэд томоохон ахиц гарахыг албаны хүмүүс онцолсон юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь "Хоггүй цэвэрхэн Монгол" гэдэг уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын хэмжээнд жилд нийт 3.3 сая тонн хог хаягддаг бөгөөд үүний 1.4 сая тонн нь зөвхөн Улаанбаатар хотоос гардаг. Нийт хог хаягдлын 10-15 хувийг хуванцар хог эзэлдэг. Хэдийгээр хуванцар болон лааз, хөнгөн цагаанууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэй байдаг. Тийм учраас пресслэгч машин нэн шаардлагатай байсан. Өнөөдрийг хүртэл энэ машин байгаагүйгээс хуванцар, лааз, хөнгөн цагаан, цаасны хог хаягдлыг томоохон шуудай, саванд хийгээд олон удаагийн тээвэрлэлтийг хийж төдий хэмжээгээр зардал их хэмжээгээр гарч байсан. Тэгвэл өнөөдөр гардуулж байгаа энэхүү машины тусламжтайгаар энэ асуудал шийдэгдэх юм. Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан хогны менежментийг сайжруулах эхний алхам хийгдлээ гэж ойлгож болно. Цаашдаа хог боловсруулах үйлдвэр байгуулах, хогийг ангилан хог боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг болох ажлууд хийгдэнэ” гэжээ.

Хуванцар хог хаягдал нь байгальд 200-400 жилийн хугацаанд задарч, хэрвээ шатаах тохиолдолд агаарт маш олон төрлийн аюултай бодис ялгаруулж байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймд хог хаягдлын зохистой менежментийг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор нэвтрүүлж шинэ түвшинд гаргах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа юм. Хуванцар болон хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаас, цаасан бүтээгдэхүүнүүдий хаягдалууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэйгээс Улаанбаатар хотруу олон удаа тээвэрлэх шаардлага үүсдэг байна.

Уг хуванцар хог хаягдлыг нягтруулан шахах төхөөрөмжийг өнгөрсөн жил Хэнтий, Төв, Орхон, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудад хүлээлгэн өгсөн юм. Харин өнөөдөр үлдсэн 16 аймаг болон гадаад дотоодын жуулчид ихээр аялдаг улсын тусгай хамгаалалттай 6 газар нутгуудад гардууллаа. Пресслэгч машин тус бүрийг нэг тонн прессийн төмөр утас дагалдах бөгөөд энэ нь нэг жилийн хэрэгцээг бүрэн хангах юм.