Хоёр улсын удирдагчид даваа гарагт Сочи хотноо уулзан хэлэлцээр хийсний дараа Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко үндсэн хуулийг өөрчлөх төлөвлөгөөтэй байгааг ОХУ-ын зүгээс батлав.
26 жил Беларусийн засгийн эрхийг барьж буй Лукашенко хэдэн жилийн өмнөөс үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хөндөж эхэлсэн.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Лукашенко үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаагаа баталсан. Ерөнхийлөгч нар бараг дөрвөн цаг ярилцаж хэлэлцээр бүтээлч, үр дүнтэй болсон" гэлээ. Песков нэмж хэлэхдээ "Беларусь улсад болж хэрэг явдал Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлого гэж харж байгаа. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой" гэжээ.
Беларусийн Ерөнхийлөгч шинэчлэл хийх талаар бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн ч нарийн тодорхой зүйл тайлбарласангүй. Гэхдээ шүүгчдийг томилох Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгахыг санал болгожээ.
Александр Лукашенко өмнө нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор үндсэн хуульд өөрчлөлт оруулсан юм. Сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийг анхны хэлбэрт нь буцаан оруулахыг хүсч байгаа боловч Лукашенко энэ нь ухарсан алхам болно гэж мэдэгджээ.
Өнгөрсөн ням гарагт Беларусь даяар засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулагдаж 774 хүнийг цагдаа нар баривчлан саатуулжээ. Нийслэл Минск хотод жагсагчдын тоо 100 мянга хол давсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.