Тугал хариулж яваа Эрдэнэбатууд

Өнөөдөр сайд асан Эрдэнэбатын давж заалдах шатны шүүх хурал болно. Ингэж хэлбэл, “Аль Эрдэнэбатынх нь вэ” гэж асуух хүн олон. Учир нь, өнөөдөр сайд асан гурван Эрдэнэбат “аавынд” сууж байна.

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг. Нэгэн цагт туг барьж явсан гурван амьдаа нэг цаг үед тугал хариулж яваа нь сонин тохиолдол. Тэд бол бараг нэгэн зэрэг ял сонссон Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Түлш, эрчим хүчний сайд асан Б.Эрдэнэбат нар.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхад нь буюу өнгөрсөн зургаадугаар сарын 13-нд саатуулан баривчилсан. Өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг барьж хорьсон тохиолдол гарч байлаа. Харин шоронд сууж байхдаа ялалт байгуулсан анхны тохиолдол нь Ж.Эрдэнэбат болсон юм. Тэрээр Сэлэнгэ аймагт нэр дэвшиж хамгийн олон саналаар УИХ-д сонгогдсон. Гэсэн ч түүнийг анхан шатны шүүх хурлаас гэм буруутайд тооцсон учир УИХ-ын гишүүний тангаргийг нь өргүүлээгүй. Улмаар долоодугаар сарын 26-нд анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь мөн зургаан жилээр хасав. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр ялласан юм. Харин өнөөдөр Ж.Эрдэнэбатын давж заалдах шатны шүүх хурал болно. Удахгүй амьдаа нарынх нь шүүх хурал ч болох биз ээ.

Тугал хариулж яваа дараагийн Эрдэнэбат бол УИХ-ын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд асан "Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат. Ж.Эрдэнэбатын шүүх хурлаас хэдхэн хоногийн дараа буюу өнгөрсөн наймдугаар сарын 7-нд Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болсон юм. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн долоон жилийн хорих ял оноосон. Харин эхнэрийг нь гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн цагаатгасан юм. Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум зургаан сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэсэн.

Хоёр амьдаагийнхаа араас “аавынд” очсон хүн бол Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат. Түүнийг хамаарал бүхий хүмүүсийнх нь хамт шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 27-нд шийдвэрээ танилцуулсан. Шүүхээс Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон юм.

Ийнхүү төр түшилцэж УИХ, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд гээд хүссэн аавын хүү хүрээд байдаггүй албан тушаал хашиж явсан Эрдэнэбатууд нэгэн зэрэг тугал хариулж явна. Тэд ямар хугацаагаар тугал хариулах нь шүүхийн эцсийн шийдвэрээр тодорхой болох биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дунд талын халзан, үрчгэр ч их гарын хулгайч даа. Ханана гэж үгүй. Адгийн шаар.

    0 0 Хариу бичих