Бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж, найман хувь болголоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралджээ. Хурлаар мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр буулгаж, найман хувь болгох шийдвэр гаргажээ. Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж хоёр шийдвэр гаргалаа. Нэг нь Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, найман хувь болголоо. Эдийн засаг санхүүгийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны нөхцөл байдлыг харгалзан ийм шийдвэр гаргалаа. Мөн УИХ-аар баталсан зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх хүрээнд мөнгөний бодлогын хүүг бууруулахаар болсон" гэсэн юм.  

Тэрбээр үргэлжлүүлэн "Жилийн инфляц 2020 оны наймдугаар сард улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.7 хувь хүрч буурсан. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч өнөөгийн бага түвшинд хадгалагдах, ирэх жилүүдэд Төв банкны зорилтот түвшингээс давахааргүй төлөвтэй байна.

Эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан нь сүүлийн 20 гаруй жил тохиолдоогүй хамгийн өндөр агшилт болов.  Гэвч сангийн болон санхүүгийн зохистой зохицуулалт, макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, гадаад орчны сэргэлттэй холбоотойгоор энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн уналт саармагжиж, эргэн сэргэх төлөвтэй байна. Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 4.9 хувиар уналаа. Эхний хагас жилд дэлхийн эдийн засаг унасны дараагаар гуравдугаар улиралд сэргэлт бий болж эдийн засгийн суурь бүтэц тогтворжих хандлагатай байна. Хөрөнгийн зах зээлийн үнэ, эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны идэвхжил зэргээс бүрэн харагдаж байна. Гэвч гадаад, дотоод эдийн засгийн цаашдын төлөв вирусийн тархалтыг хяналтдаа авахаас бүрэн хамаарч байгаа тул тодорхой бус байдал цаашид үргэлжлэх хандлагатай байна" гэсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)