Өнгөрсөн сард ажилгүй 4.9 мянган иргэн бүртгүүлжээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын 2020 оны нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны наймдугаар сард ажилгүй 4.9 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Харин бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод өнгөрсөн сард нийт 2000 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 362 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 13.3 хувь, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 29.2 хувиар буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн сарын эцэст 28 мянга, үүнээс 18.3 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.7 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Түүнчлэн нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин хоёрдугаар улирлын байдлаар нэг сая 261.3 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 100.1 мянга буюу 8.6 хувиар, өмнөх улирлаас 1.6  мянга буюу 0.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин энэ оны хоёрдугаар улиралд 2015 оны дөрөвдүгээр улирлаас 1.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 15.8 хувиар нэмэгджээ.

НДШ төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 81.3 мянга нь 420000 төгрөг хүртэлх, 143.1 мянга нь 420001-700000 төгрөг, 185 мянга нь 700001-1100000 төгрөг, 119.5 мянга нь 1100001-1500000 төгрөгийн цалинтай байна. Мөн 68.4 мянга нь 1500001-2000000 төгрөг, 47.6 мянга нь 2000001-3000000 төгрөг, 31.3 мянга нь 3000001 төгрөгөөс дээш цалинтай аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)