Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчийн үлгэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон улстөрчид ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэв. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд л гэхэд Их хурлын түшээд горилсон 22 хүн нийслэлчүүдийг төлөөлөх өрсөлдөөнд оролцох нь одоогоор мэдэгдээд байна.
Хэдийгээр хүний сонгох, сонгогдох эрхийн асуудал ч гэлээ гуравхан сарын өмнө Улсын Их Хуралд сууж, хууль тогтоох нь зөвхөн өөрийнх нь хийж чадах ажил мэт сурталчилж явсан хүмүүс одоо орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа нь ИТХ-ыг буцахдаа залж байгаатай агаар нэг буюу.
Угтаа Их хурал, ИТХ хоёр асар их ялгаатай байгууллагууд. УИХ нь хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй. Харин ИТХ нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулах учиртай байгууллага. Өөрөөр хэлбэл, чиг үүргийн хувьд Их хурлын гишүүн болоогүй хүмүүсийн буцахдаа залрах тухтай суудал нь ИТХ биш л дээ.
Гэтэл УИХ-д нэр дэвшээд өвдөг шороодсон ч нийслэл, дүүргийн ИТХ-д давхар нэр дэвшиж байгаа хүн ч байна. Мөн УИХ-д аймгаас нэр дэвшсэн хүмүүс гурван сарын дараа нийслэлчүүдийг төлөөлөхөөр ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Энэ мэт ИТХ-ыг буцахдаа залрах зөөлөн суудал гэж үзсэн хүн олон бий.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам, Гэр хорооллын хөгжлийн нам, Монголын социал демократ нам, Ногоон нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Зүй ёс нам оролцохоор батламжаа авсан. Тэднээс АН, МАХН, ШИНЭ нам харилцан санал хуваахгүйгээр сонгуульд оролцох санамж бичиг байгуулж, албан бус эвсэл байгуулж буй. Ингэхдээ АН-аас 37, МАХН-аас найман хүн өрсөлдүүлэхээр Сонгуулийн хороонд бүртгүүлээд байна. Харин ШИНЭ намын дөрвөн хүн АН-ын гишүүн болж, ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Одоогийн байдлаар НИТХ-д өрсөлдөх МАН, ХҮН, АН, МАХН-ын нэр дэвшигчдийг олон нийтэд зарлаад байгаа юм.
Харин нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд 60 бие даагч оролцохоор нийслэлийн Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Үүнээс хоёр бие даагч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсан байна. Улмаар нийслэлийн Аудитын газар 58 бие даагчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гарган нийслэл дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна.
Ингээд УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодсон ч ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн хүмүүсийг танилцуулъя. Хэдийгээр нийслэлийн Сонгуулийн хорооноос тэднийг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэрийг албан ёсоор гаргаагүй ч нам, эвслүүд хуулийн шаардлага хангасан хүмүүсийг нэр дэвшүүлсэн нь лавтай биз ээ.
МАН-аас нэр дэвшигчид
Ж.Алдаржавхлан
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Ж.Алдаржавхлан ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болсныг олон нийтэд зарлаад буй. Тэрбээр Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан билээ.
АН-аас нэр дэвшигчид
Д.Пүрэвдаваа
ИТХ-ын сонгуульд нийслэлийн АН-ыг удирдан оролцож буй Д.Пүрэвдаваа УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргоос нэр дэвшсэн. Тэрбээр ИТХ-ын сонгуульд мөн л Баянзүрх дүүрэгт өрсөлдөх юм.
Т.Батцогт
Баянзүрх дүүргийн АН-ын дэд дарга, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшсэн. Тэрбээр ИТХ-ын сонгуульд ч Баянзүрх дүүргээс нэр дэвшиж буй.
Д.Энхтуяа
УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшсэн Д.Энхтуяа нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсныг намын удирдлагууд зарласан. Д.Энхтуяа нь ИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвших эрхээ авчээ.
Ц.Баттуяа
Өмнө нь УИХ-ын сонгуульд ялагдсан АН-аас нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болсон ШИНЭН-ын тодотголтой хэд хэдэн нэр дэвшигч бий. Тэдний нэг нь Ц.Баттуяа. УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн тэрбээр одоо АН-ын гишүүн болж, ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр эрхээ аваад байна.
Д.Энхсайхан
Мөн ШИНЭН-ын тодотголтой Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан Д.Энхсайхан УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж байв. Тэрээр одоо ИТХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм.
Г.Батзаяа
УИХ-ын сонгуульд ШИНЭ намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Г.Батзаяа АН-ын гишүүн болж, ИТХ-д нэр дэвшихээр болжээ. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын сонгуульд дахин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна.
М.Тулга
МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн М.Тулга энэ удаа намын гишүүнчлэлээ өөрчилж, ИТХ-ын сонгуульд хүч үзэхээр болсон байна. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших эрхээ авчээ.
Р.Ням-Очир
УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшсэн ч олонхын санал авч чадаагүй Р.Ням-Очир энэ удаа АН-аас нэр дэвшихээр болжээ. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших юм.
МАХН-аас нэр дэвшигчид
Э.Батшугар
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдсөн. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын энэ удаагийн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт дахин өрсөлдөж байна.
Б.Тулга
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж өвдөг шороодсон. Тэрбээр энэ удаа Сонгинохайрхан дүүргийн ИТХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд зэрэг нэр дэвшиж байгаа юм.
ХҮН-аас нэр дэвшигчид
Б.Найдалаа
ХҮН-ын дарга Б.Найдалаа УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн билээ. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын сонгуульд мөн Чингэлтэй дүүргээс нэр дэвшихээр бичиг баримтаа Сонгуулийн хороонд хүргүүлээд байна.
Б.Мөнхсоёл
УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн Б.Мөнхсоёл энэ удаа ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байна.
Г.Уянгахишиг
Г.Уянгахишиг нь УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн нэгэн. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын сонгуульд дахин Баянзүрх дүүргээс нэр дэвшиж байна.
Ж.Отгонбаяр,
УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Ж.Отгонбаяр нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байна.
Д.Түмэн-Өлзий
ХҮН-аас УИХ-ын сонгуулийн 26 дугаарт тойрог, Баянгол дүүрэгт нэр дэвшсэн хүмүүсийн нэг нь Д.Түмэн-Өлзий. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын сонгуульд дахин Баянгол дүүрэгт хүч үзэх гэж байна.
Д.Үүрцайх
УИХ-ын сонгуульд Баянгол дүүргийн 26 дугаар тойргт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн хуульч Д.Үүрцайх ИТХ-ын сонгуульд мөн л Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр болсон байна.
Ж.Золжаргал
Ж.Золжаргал УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог, Баянгол дүүрэгт нэр дэвшиж байсан. Одоо Баянгол дүүргээс нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.
Б.Амараа
УИХ-ын сонгуульд Завхан аймгаас нэр дэвшсэн Б.Амараа ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ.
Д.Гантулга
ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт нэр дэвшин өвдөг шороодсон. Тэрбээр одоо нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр болжээ.
П.Наранбаяр
УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшсэн П.Наранбаяр орон нутгийн сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж байна. Тэрбээр ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга юм.