Боловсрол бол аливаа тэгш бус байдлыг арилгах хамгийн гол гарц гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа хөгжингүй улс орнууд тэртэй тэргүй өдрөөс өдөрт илт болж буй баян хоосны ялгааг бага ч  атугай сааруулахын тулд боловсролын салбартаа хөрөнгө оруулж, тэгш хүртээмжтэй түгээхийг эрмэлздэг юм. Гэтэл манай улс зөвхөн боловсрол ч бус олон салбарт  баян хоосны ялгааг улам дэвэргэх зүгт явж байгаа нь харамсалтай.

Авто замын хөдөлгөөний ачаалал дийлдэхээ болилоо гээд хэдэн жилийн өмнөөс дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцдог болсон. Энэ бол үнэндээ дахиад нэг машин аваад уначих бэлтэй хэсгийг дэмжсэн шийдвэр болсон. Одоо дахиад түгжрэл нь дийлдэхээ болиод дугаарын тэгш сондгойгоор зорчуулах асуудал яригдаж буй. Хоёр машин сэлгэж унах чадвартай нөхдүүд энэ хуулийг хүлээж байхад хөл дүүжлэх ганц унаагаа тордож яваа хэсэг бүлгийн эрх ашиг хохирч байгааг хэн ч ярихгүй л байгаа шүү дээ.

Нийт сурагчдын 10 хувийг тусгайлан дэмжих нь үүнтэй л ижил. Ялгарлыг л дэвэргэнэ. Монголын боловсролын салбарт бодит үнэлгээ гэж байхгүй. Тухайлбал, Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуулийн ахлах ангийн жилийн төлбөр 73 сая төгрөг. Гэтэл дэлхийн шилдэг сургуулийн нэг Оксфордын Их сургуулийн жилийн төлбөр 53 сая төгрөг байгаа юм. Тэгсэн хэр нь олгож байгаа боловсролын хувьд, англи хэлний хувьд л давуу болохоос бусдаараа энгийн ЕБС-иас ялгаа бага гэдгийг багш нар хэлдэг.

Кембриж, одоогийн Монгол хөтөлбөр адилдаа адил, годилдоо годил

Хэдхэн жилийн өмнө дөө. Их Британийн нэгэн судалгааны агентлаг дунд сургуулийн сурагчдаас мэдлэгийн түвшин тогтоох судалгаа аваад цочирдон гайхмаар үр дүнтэй учирсан тухай мэдээлэл цацагдаж байж билээ. Англи хүүхдүүдийн олонх нь Дэлхийн I, II дайн гэж байгаагүй, Уинстон Черчилль, В.И.Ленин, А.Гитлер гэж хэн болохыг мэдэхгүй байсан бөгөөд харин Толины вант улс гэж үнэхээр байдаг, Харри Поттер бол бодит хүн гэж итгэдэг болох нь дээрх судалгаагаар ил болсон гэдэг. Энэ асуудал Английн Засгийн газар боловсролын тогтолцоогоо эргэн харахад хүртэл нөлөөлсөн юм. Европын сургалтын стандарт үнэхээр “асуудалтай” болсныг энэ судалгаа олон нийтэд илчилсэн гэдэг. Учир нь Европ стандартын сургалт нь хүүхдүүдэд бие дааж хөгжих бололцоог илүү хангаж өгсөн байдаг. Ингээд бие дааж хөгжих гэтэл Холливудын киночид  англи хүүхдүүдийн тархийг угааж орхисон нь энэ аж.

Тэгвэл бид яг энэ “асуудал үүсгэдэг” тогтолцоог нэвтрүүлээд яваа билээ. Энэ тогтолцооны онцлог нь хүүхдийн боловсролд орчноор нь асар ихээр нөлөөлдөг.  Эхэнд өгүүлсэн судалгааны дүнгээс энэ байдал харагдсан болов уу. Эндээс харахад, Кембрижийн тогтолцоо шилдэг бус, харин Англид мөнгө, эрх мэдэл байгаа учраас бусад нь дагаж байгаа /Үнэндээ дагахыг тулгаж байгаа/ гэдэг нь л ортой.

Тиймээс бид одоо энэ сэдвийг хөндсөн дээрээ англичуудаас сургамж авч, уламжлалт ёс заншил, үндэстний онцлогийг тусгасан бусад хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт түлхүү оруулж өгөх ёстой юм байна. Тэгэхгүй бол таван хошуу малаа зөв нэрлэж чадахгүй хүүхдүүд олширч байгаагийн шалтгаан нь мөн л орчинтой холбоотой.

Монгол соёлоо сурталчилж мэдэхгүй бол англи хэлээр яах билээ

Англиар ус, цас шиг ярьдаг ч Монгол ёс заншил үндэсний онцлогоо мэдэхгүй, эх орноо сурталчилж, хүнд ойлгуулчихаж чадахгүй бол гадаад хэлээр яах билээ. Сарлаг гэж юу байдгийг мэдэхгүй хүүхдүүд олон байна. Амьдралдаа нэг ч болов хараагүй амьтнаа яаж ч мэдэх билээ. Яг одоо Монголд Англид явуулсан шиг судалгаа авах юм бол үр дүн нь бас л базаахгүй гарна даа.

МҮОНРТ-ийн амралт чөлөөт цагт зориулсан танин мэдэхүйн “Аха” цэнгээнт нэвтрүүлэгт оролцож байгаа хүүхдүүд монгол ахуйтай холбоотой асуултуудад ихэвчлэн “унаж” байх юм. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд ч монгол ахуй, ёс заншлаасаа холдсон болох нь алхам тутамд мэдрэгдэх юм. Ном унших дуртай хүмүүс ховордож, олны жишгийг даган зүгээр л цуглуулдаг нь олон болжээ. Нэгэн үе Монголд ном уншдаг хүн үгүй болж, сод бүтээлүүдийг хуу хаман шатааж байв. Тэр үеийг бодвол одоо ядаж худалдаж авдаг болсон нь сайшаалтай ч үр дагавар нь илэрсээр байдаг байна.

Үндэсний онцлогоо бүдгэрүүлэх бус, тодотгох тогтолцоо л хэрэгтэй

Аливаа үндэстний хүлээн зөвшөөрөгдөх үндэслэл нь хэл, соёл байдаг. Кембрижийн стандарт хэрэгжиж англи хэл эзэмшсэнээр хүүхдүүд асар их мэдээлэл авах боломж бүрдэнэ. Тэр үед монгол үндэстний бусдаас ялгагдах шинж чанар, үндэсний онцлог бүдгэрэх вий. Дэлхий нийтээрээ улс үндэстнээрээ ялгарах, хэл соёлоороо ялгарахын чухлыг ойлгочихоод байхад бид эсрэг явах гээд байна.  Хамгийн гол аюул нь энэ. Тиймээс хүүхдүүддээ дэлхийн боловсрол олгоё, гэхдээ монгол хүн гэдгээ алхам тутамд мэдэрч байх орчныг бас бүрдүүлье. 40 сургуульд нэмж өгөх мөнгөө бүх сургуульдаа хуваарилж, багш нарынхаа цалинг нэмье. Тэгээд олигтойхон хөтөлбөр боловсруулаад тогтвортой мөрдөцгөөе.

Хөтөлбөр нь Кембрижийн хөтөлбөрөөс авахаа аваад хаяхаа хаясан, үндэсний онцлог шинжийг түлхүү оруулж өгсөн байна. Ер нь, энүүхэндээ ярихад, боловсролын тогтолцооны тухайд англичууд өөрсдөө ОХУ-ын академик загварыг ихэд үнэлж байгаа талаарх мэдээллийг интернэтээс олоод уншчих боломжтой. Тэгэхээр, олон жил энэ загвараар явсан бидэнд давуу тал байгаа гэсэн үг.

Сурах бичгийн бизнес хийхийн тулд муулж байгаад цөм хөтөлбөрийг өөрчилдөг, өөрчлөхдөө дараа дахиад өөрчлөхийн тулд заавал илүү дордуулж, согог үлдээдэг одоогийн тогтолцоог арилгаж, нэгмөсөн засах цаг болсон. Тэгэхээр, одоо сайжруулах гээд муулаад байгаа боловсролын тогтолцоог бий болоход нам, улс төр, албан тушаалын наймаа, “60 тэрбумын” хэрэг ч нөлөөлсөн гэдгийг хаа, хаанаа л ойлгоё. Цаашдаа яг тогтвортой хэрэгжүүлж чадахгүй бол энэ удаа ч бужигнуулах нь илүүц болтлоо хямарсан байгааг бид бүгд мэднэ шүү дээ.