Моторт парапланаар хэдэн зуун фут өндөрт ниссэн Жорж Штайнмэц дэлхийн хамгийн алслагдсан газруудыг гэрэл зурагт буулгажээ. Сүүлийн дөчин жилийн хугацаанд Штайнметц Намибийн цөлөөс Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юнань мужийн будааны тариалангийн талбай хүртэлх зургуудыг авчээ.
Очсон газар бүр өвөрмөц сонин боловч Штайнметц нийтлэг нэгэн зүйлийг анзаарсан нь хүмүүс бид хүрээлэн буй орчиндоо нөлөөлсөн байлаа. Тэрбээр хамгийн алслагдсан газрууд хэрхэн ашиглагдаж байгааг, зэрлэг ан амьтад олноороо устаж үгүй болсныг харж байв.
"Нью Йорк Таймс" сэтгүүл түүнийг цаг уурын өөрчлөлтийг баримтжуул гэж тив бүр рүү илгээсэн 2018 оны даалгаврын дараа Штайнметц карьераа бүхэлд нь энэ сэдэвт зориулж ном гаргахаар шийджээ. "Human Planet" гэх тус бүтээлд хүмүүсийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, хэрхэн шийдвэрлэх шийдлүүдийн талаар өгүүлдэг аж.
Калифорнид төрж өссөн Штайнметц 1979 онд коллежоо геофизикийн мэргэжлээр төгсөөд Африк тивийг унадаг дугуйгаар тойрохоор шийджээ. Ингэж аялахдаа гэрэл зураг авах дуртай болов. Ачааны машин, галт тэргээр явж байхдаа дээрээс зураг дарах санаа гэнэт төрсөн гэдэг.
1997 онд Штайнметц анхны мотортой парапланаа худалдаж аваад Сахарын цөлийн зургийг авахаар хөдөлж байжээ. Өдгөө 62 настай Штайнметц дэлхийн хамгийн элсэрхэг цөл бүхий газруудаар 15 жил нисчээ.
Тэрбээр очих газрынхаа ой, далай, хот, тариалангийн талбайг судалж, зураг авахдаа эхлээд газрын зураг дээр сонирхолтой шинж чанаруудыг нь хайж, дараа нь НАСА-аас өгсөн хиймэл дагуулын мэдээллийг ашигладаг байжээ. Дэлхийг шувууны нүдээр харсан энэ аяллууд Штайнметцэд хүн төрөлхтний гариг дэлхийг хэрхэн өөрчилснийг гэрчлэх, баримтжуулах боломжийг олгожээ.








