Г.Байгалмаа: 5 хувь зөвхөн иргэнээ дэмжсэн бодлого, эндээс хэн ч ашиг хийхгүй

УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаатай ярилцлаа.

-5 хувийн хөтөлбөрийг зогсооё гэвэл хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай-

-Ипотекийн 5 хувь хэрэгжиж эхэллээ. Маш их хүлээлт үүсгээд байсан. Гэсэн ч зөвхөн хөдөө орон нутаг болон нийслэлийн алслагдсан дүүрэгт гэх байдлаар тодорхой бүс нутагт л хэрэгжиж байна. Хотын төвд байр авсныхаа төлөө яагаад өндөр хүү төлөх ёстой гэж, яагаад ингэж ялгавартай хандах болов гэдэг нь иргэдийг бухимдуулж байна? 

-Бид тодорхой байршил зааж өгсөн нь хот төлөвлөлтийн бодлоготой уялдсан.  21 аймаг, алслагдсан гурван дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүсүүдэд зээлийн хүүг бууруулж байгаа. Хоёр үндсэн нөхцөл, шаардлагын улмаас байршлуудыг тогтоож өгсөн. Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд барилгын норм, дүрэм хэр хэмжээнд хэрэгжиж, хэчнээн их осол, эндэгдэл гарсан билээ. Монгол улсын хүн ам зөвхөн Улаанбаатарт төвлөрөх нь алдаа юм. Нийслэлийн агаар, хөрсний бохирдол их байна.

Шоу гэдэг бол тодорхой хугацаатай. Нэг өдөр, нэг орой ч юм уу үргэлжлээд л тодорхой хугацааны дараа дуусна. Шоу бол шоу шүү дээ. Гэхдээ бид шоудаагүй

Тийм учраас хотын төвлөрлийг багасгах, алслагдсан дүүрэг орон нутгийг хөгжүүлэх, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцанд таван хувийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр агаарын бохирдолыг бууруулах бодлого баримталж байна. Энэ бол хүндээ л хандсан бодлого. Түүнээс хүн болгоний хүртэх ёстой юмыг хязгаарлаж, ялгаварласан зүйл огтхон ч  байхгүй. Гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдаад дуусахгүй. Цаашид өөр ямар бүс, байршилд таван хувийн зээлийг хэрэгжүүлэх вэ гэдгийг судалж байна. Жишээ нь Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууц, барилгууд бий. Тэнд шинээр байшин баривал зээлийн хүүг бууруулж болно гэх концепц яригдаж байна. Энэ хүрээнд 2000 гаруй өрх бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой. Гэхдээ үүнээс өмнө бид энэ бодлогынхоо мөн чанарыг зөвөөр ойлгож, хүлээн авах ёстой. 

-Гэхдээ анхнаасаа “тодорхой хүрээнд хэрэгжинэ шүү” гэж ярьж болоогүй юм уу?

-Өнөөдөр орон сууцны эрэлт хэрэгцээ их байна. Хүн бүр боломжийн байршилд, хямд үнэтэй орон сууцанд амьдрахыг хүсч байна. Ийм хүсэлт, эрэлтийг хангах ямар гарц, гаргалгаа байж болох вэ? гэдгийг бид судалсан. Эдийн засаг хүндэрч байна, хүмүүсийн гар дээрх мөнгө санхүү багасч байгаа энэ үед банкны зардал буюу хүүг яаж бууруулах нь зүйтэй юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Тэр хийсэн ажлаа ард түмэндээ танилцуулсан. Судалгааны явцад эдийн засгаа, хүмүүсийн эрэлт хэрэгцээ, бодит нөөц боломжоо харсан. Ингээд эхний ээлжинд тодорхой байршлуудыг тогтоогоод, цаашдаа шат дараатайгаар хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн. Үүнийг мэдээлэх нь бидний үүрэг. Мөн хэрэгжүүлэх нь ч үүрэг. Төр иргэндээ боломжийг олгох үүрэгтэй. Тийм учраас шийдвэрийг гаргаад явж байна.

-2016 он бол сонгуулийн жил. Тийм учраас сонгуулийг угтсан түр зуурын бодлого, шоу байх вий гэх болгоомжлол байсан. Одоо ч гэсэн байх шиг л байна. Сонгуулийн дараа таван хувийн зээл зогсчих юм биш үү?

-Шоу гэдэг бол тодорхой хугацаатай. Нэг өдөр, нэг орой ч юм уу үргэлжлээд л тодорхой хугацааны дараа дуусна. Шоу бол шоу шүү дээ. Гэхдээ бид шоудаагүй. Өнөөдөр хийж байгаа ажлуудыг ямар нэгэн хууль эрх зүйн үндэслэл, гарц гаргалгаагүй, дараа дараагийн үе шатгүй, судалгаа, шинжилгээгүйгээр эхлүүлсэн бол, харин шоу болно. Бид хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд, боломж, гарц гаргалгааг нь бусад улс орны жишгийн дагуу хийгээд, өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн найман хувийн зээлийн алдаа, оноон дээр тулгуурлаад, маш олон сарын судалгааны үр дүнд шийдвэр гаргасан. Тэгэхээр Ардчилсан нам магадгүй ирэх дөрвөн жил засгийн эрх барихгүй байх нөхцөл үүслээ гэхэд энэ зогсоно гэсэн зүйл байхгүй. Хэрвээ үнэхээр зогсооё гэвэл хуульд өөрчлөлт оруулж байж зогсооно. Гэхдээ хуульд  өөрчлөлт оруулах  эрх нь тухайн үеийн Их хуралд  байгаа  гэдгийг мартаж болохгүй.

-Ипотекийн таван хувийн зээл иргэндээ боломж олгосон. Мэдээж сонсоход сайхан л байгаа. Гэхдээ нөгөө талаас эдийн засгийн бодит бололцоо маань хэр байгаа юм бэ. Таван хувь чинь дахиад л өр юм биш үү? 

-Энэ бол иргэдээ дэмжсэн, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн хөтөлбөр. Хэн нэгэн хүн, эсвэл аль нэгэн арилжааны банк үүнээс ашиг олохгүй. Энэ бол бодлогоор төр иргэдээ дэмжиж байгаа хэлбэр. Иргэдээ дэмжиж байгаа учраас энэ хөтөлбөр сайн хэрэгжих нь дамжиггүй. Бид дургүйд хүчгүй гэгчээр, дургүй юмыг хүчээр тулгаж үүнийг хийгээгүй, хийлгэхгээгүй. Зөвхөн  боломжийг бүрдүүлж өгсөн. Зээлд хамрагдах, хамрагдахгүй байх эрх нь нээлттэй. Зах зээлийн  хуулийн  дагуу зээлээ чөлөөтэй сонгох боломжийг нээж өгсөнөөс бус заавал  хамруулах гээгүй шүү дээ. Өнөөдрийн суурь, нөхцөл байдалдаа тулгуурлаж хэрэгжүүлж байгаа хөтөлбөр. Энэ хөтөлбөрөөс хэн нэгэн арилжааны байгууллага, эсвэл аль нэгэн байгууллага ашиг олохгүй.

-5 хувийн зээлд төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй-

-Таван хувийн зээл хэрэгжлээ гэхэд эдийн засгийн эрсдэл хэр байх вэ. Тухайлбал, иргэдийн зээлийн төлөлт буурах, эсвэл дөнгөж босч ирж буй ипотекийн зах зээлээ нураах вий гэх зэрэг болгоомжлол байна?   

-Зээлийн хүүгийн хэмжээг инфляцийн төвшинтэй уялдуулан  тогтоодог учраас эрсдэл бий болохгүй. Хөтөлбөр хэрэгжих үндсэн тулгуур, нөлөөлөх хүчин зүйл нь юу гэхээр тухайн зээлдэгч. Тэгэхээр зээлдэгч буюу иргэн ажилтай, орлоготой байх ёстой. Ажилгүй хүн орлогогүй, орлогогүй хүн байрныхаа зээлийг төлж чадахгүй.

ипотекийн зах зээлд тийм зүйл байхгүй. Энэ өөрөө бүтэн циклтэй тогтолцоо. Хэн нэгэн хүн, байгууллага, улсын эдийн засагт нөлөөлөхгүйгээр урсгалаараа явж байгаа учраас ямар нэгэн дарамт учрахгүй. Энэ тогтолцоо зогсвол харин дарамт учирна

Ипотекийн тогтолцоо хүмүүсийн үрж байгаа үргүй хөрөнгийг хуримтлал болгодог. Энэ утгаараа тухайн гэр бүлд маш зөв зохион байгуулалт, хариуцлагыг төлөвшүүлдэг. Нөгөөтэйгүүр гадагшаа гардаг мөнгөний урсгалыг дотоодын хуримтлал болгож, үл хөдлөх хөрөнгөтэй болох нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Ипотекийн зах зээлд  байрны үнийн  уналт, ажилгүйдлийн нэмэгдэлт, урьдчилгааний төлөлтийн бууралт эрсдэл үүсгэх  гол  хүчин  зүйлс болохоос биш 5 хувийн  хүү  буюу хүүгийн бууралт  төдийлөн  эрсдэл үзүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, 5 хувийн хүүтэй зээлээс эрсдэл хайх биш сая миний нэрлэсэн  гурван  хүчин  зүйлээс үүдэх эрсдэлээс  болгоомжлох  хэрэгтэй.

-Таван хувийн зээлийн санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа юм бэ. Найман хувь байсан хүү таван хувь болж байгаа. Гурван хувийн зөрүүг хэрхэх вэ. Зөрүүг нөхөх гэж байна гээд дахиад өр тавих бус уу?  

-Өмнө нь манай улсын орон сууцны санхүүжилтийн зах зээл маань хуримтлал дээр суурилж байсан. Хэдий хэмжээний мөнгө цуглуулсан байна, түүгээрээ шууд орон сууц авдаг тогтолцоо. Харин өнөөдөр бид орон сууцны хоёрдогч зах зээлийг бий болгож байгаа. Хэрвээ зээлдэгч зээлээ төлж чадаж байгаа тохиолдолд хаана ч өр үүсэхгүй. Иргэн хүн банкнаас зээл авна. Арилжааны банк зээл олгоно. Олгосон зээлээ МИК рүү үнэт цаас болгож худалдана. Тэр үнэт цаасыг МИК хөрөнгийн зах зээл рүү гаргадаг. Хөрөнгийн зах зээл дээр энэ үнэт цаасыг ипотекийн зах зээлд оролцогсод худалдаж авдаг. Энэ бол бүх улс оронд хэрэгждэг банк, санхүү, эдийн засгийн тогтолцоо. Түүнээс биш халамж биш. Магадгүй халамжаар 21000 төгрөг тараавал “Хаанаасаа мөнгө олчихов оо, яагаад тарааж байгаа юм бэ” гэж асууна. Эргээд хувь хүнд болон энэ улс, байгууллагад ямар дарамт очих вэ гэж асууна. Харин ипотекийн зах зээлд тийм зүйл байхгүй. Энэ өөрөө бүтэн циклтэй тогтолцоо. Хэн нэгэн хүн, байгууллага, улсын эдийн засагт нөлөөлөхгүйгээр урсгалаараа явж байгаа учраас ямар нэгэн дарамт учрахгүй. Энэ тогтолцоо зогсвол харин дарамт учирна. Тийм учраас үүнийг улсын өр, өрийн дарамт, мөнгөний бодлоготой хольж, хутгах хэрэггүй. Магадгүй улсын төсвөөс мөнгө аваад энэ тогтолцоо руу оруулбал, цаашдаа яах вэ гэх асуулт гарч ирж болно. 

-Төсвөөс мөнгө гаргахгүй...?

-Төсвөөс мөнгө гаргаагүй. Тусдаа бонд гаргаж, санхүүжилт, эх үүсвэрээ олоод, түүгээрээ өөрөө өөрийгөө тэжээгээд л явж байгаа тогтолцоо.

-Таван хувь халамжийн бодлого уу, эдийн засгийн бодлого уу?

-Эдийн засгийн бодлого.

-Тодорхой хүрээнд хэрэгжиж байгаа учраас зарим талаараа халамж ч юм шиг харагдаад байгаа юм? 

-Энэ бол цэвэр эдийн засгийн бодлого. Халамжийн бодлого биш. Халамж гэдэг бол хэн нэгэн хүнд улсаас мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр үнэгүй юм өгөхийг л хэлнэ. Харин ипотек бол хувь хүн өөрөө 30 хувийн урьдчилгаа төлбөрөө төлөөд, үлдсэн 70 хувьд нь арилжааны банкнаас зээл авч байгаа. Тэр 70 хувийн зээлээ тухайн хүн зөвхөн өөрөө л төлнө. Улс хэнд ч үнэгүй юм өгөөгүй. 

-Өр авах нь асуудал биш, харин өрийн менежмент чухал-

-Өр гэснээс улс орон өрийн дарамтанд орлоо гэх шүүмжлэл их яригдах боллоо. Ардчилсан нам засаглаад, улсыг өрөнд орууллаа гэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Өнөөдөр айл өрхүүд ч бас зээл авдаг шүү дээ. Цалингаас цалингийн хооронд, цалин буутал хэдэн төгрөг зээлээч л гэж явдаг. Улс ч бас яг адилхан. Өр тавьж байж, хийх гэсэн юмаа хийгээд, эргэн төлөлт нь харин хэзээ хэрхэн хийгдэх вэ гэдэг нь тодорхой байх ёстой юм. Хүн бүр улс болгон өр тавьж байж л аливаа зүйлийг хийж, бүтээдэг. Өрөө яаж зөв зарцуулах вэ, хугацаандаа хэрхэн төлөх вэ гэдэг дээр анхаарах ёстой. Түүнээс биш “Өр тавьж болохгүй” гэх шаардлагагүй.  Өрөөс  айж бүтээн  байгуулалтгүй, хөгжил дэвшилгүй  суух  биш  хэрхэн  зөв менежменттэй ажиллах  вэ  гэдэгтээ санаа зовох  хэрэгтэй. 

АН засаглахаар эдийн засаг хямарч, хүндэрдэг нь үнэн. Яагаад гэвэл бид дотоодынхоо нөөц, бололцоог ашиглаж, хэрхэн, яаж хийж бүтээх вэ гэдэгт анхаардаг. Өнөөдөр эдийн засаг хямарчихлаа гэдгийг хүмүүсийн түрийвч доторх мөнгөөр хэмжиж болохгүй

-Өрөө хэрхэн зөв төлөвлөж, зарцуулах вэ гэдэг нь чухал гэж байна. Тэгвэл улсын хувьд энэ төлөвлөлт муу байгаа юм биш үү?

-Хувь хүн зээл авлаа гэхэд авсан зээлээ шоудаад дуусгачихвал бас асуудал. Харин улсын хувьд авсан зээлээ халамжийн бодлогоор хувь хүмүүст тараачихвал энэ эргэн төлөгдөхгүй. Өнөөдөр авсан зээлээрээ бүтээн байгуулалт хийж, эргээд улсдаа төлөгдөх, татвар, шимтгэл нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох төслүүдэд зарцуулж чадсан уу, үгүй юу гэх асуудал бий. 

-Тэгж ярихаар жишээ нь автозам бариад, буруу юм хийлээ гэж байгаа?

-Улс хоёр, гурван жилийн хугацаатай өр авдаггүй. Стратегийн, дунд болон богино хугацааны төлөвлөлттэйгөөр өр авдаг. Авсан зээлээ юунд зарцуулаад, хэдий хугацаанд төлөх вэ гэдгээ манай эдийн засагч нар холбогдох байгууллагууд нь төлөвлөсөн байдаг. Зам тавьсан нь өнөөдөр зөв л ажил болсон. Хөдөө орон нутаг руу хүн бүр өвөл зуны улирал харгалзахгүйгээр богино хугацаанд явж чаддаг болсон. Зам дагаж хөгжил гэдэг. Зам тавьснаараа бусад салбар, үйлчилгээ, аялал жуулчлалын бизнес илүү хөгжих боломжийг нээж өгч байгаа. Зам хөрөнгөө удаан нөхдөг нь үнэн. Гэхдээ зам сайтай байж гэмээн тухайн бүс нутагт бизнесүүд хөгжиж, тэр хэмжээгээрээ эргээд улсын төсөвт татвар төлөлт нь нэмэгдэж, иргэдийн амьдрал ч сайжирдаг. Тэгээд ч зам дэд бүтцээ сайжруулах, бүтээн  байгуулалтаа дэмжих нь төрийн хийх л ёстой ажил.

-Монгол Улс 2017 онд том хэмжээний өр төлөх ёстой. Гэтэл одоо болтол яаж төлөгдөх нь ойлгомжгүй л байгаа юм биш үү?  

-Тодорхой байна гэдгийг хүн бүр мэдэх албагүй. Үүн дээр эдийн засагч нар л ажиллана. Тодорхойгүй байгаа бол илүү сайн толгойгоо ажиллуулж, ямар гарц гаргалгаа байж болох вэ гэдэг дээр холбогдох хүмүүс нь анхаарах ёстой. Түүнээс биш хүн бүр санаа тавиад байх шаардлагагүй. Хүн бүр юунд санаа зовох вэ гэвэл “Би хэрхэн, яаж ажилтай, орлоготой байх вэ” гэх асуудал.  

-АН-ын үед эдийн засаг хямардаг нь үнэн, гэхдээ...-

-Хүн бүр төрөхдөө хүртэл өртэй төрж байна гээд айлгаад байхаар өр гэж дааж давшгүй юм болчихсон юм шиг л хараад байх шиг байна. Дараагийн асуудал АН дөрвөн жил засаглалаа. АН засаглахаар л эдийн засаг хямарчихаад байх юм. Танай нам муу засаглаад байна уу, эсвэл... 

-АН засаглахаар эдийн засаг хямарч, хүндэрдэг нь үнэн. Яагаад гэвэл бид дотоодынхоо нөөц, бололцоог ашиглаж, хэрхэн, яаж хийж бүтээх вэ гэдэгт анхаардаг. Өнөөдөр эдийн засаг хямарчихлаа гэдгийг хүмүүсийн түрийвч доторх мөнгөөр хэмжиж болохгүй. Ямар байдлаар хямарсан бэ гэдгийг ойлгох ёстой. Бид 15 жил уул уурхайгаас хараат байж амьдарлаа. Уул уурхай гэдэг бол биднийг гараа эвхээд сууж байхад орж ирдэг л мөнгө. Бэлэн байгаа юмыг ухаж аваад, хил дээр аваачаад зардаг бизнес. Тэгээд дэлхий дахинд нүүрс, алт, зэсийн үнэ унахаар эдийн засаг муудах нь аргагүй шүү дээ. Уул уурхайн бизнес бол мөнгө орж ирдэг нэг суваг. Уул уурхайгаас мөнгө орж ирэх нь багасчихаар тэрийг нөхөх салбарыг л бий болгох ёстой. Уул уурхайн салбар хөгжиж цэцэглэж байх үед АН төр барьж байгаагүй гэдгийг санах  хэрэгтэй. Ер нь Монгол Улс ганцаараа ч хямарчихаад байгаа юм биш. Ардчилсан нам ч бас хямруулчихаад байгаа юм биш. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, улсын эдийн засгийн байдал ийм л байна.

-Таныхаар эдийн засаг хямарсан уу, хямраагүй юу?

-Бодит байдал дээр бол хямраагүй. Уул уурхай дагаж, уул уурхайгаас бий болдог байсан мөнгөний хэмжээ багассан болохоос яг эдийн засаг бодит байдалд тэгтлээ суларч, доройтсон зүйл байхгүй. Бид уул уурхайгүй бол тэрнийг нөхөх дараа, дараагийн салбарыг нь бий болгож, хөгжүүлэх ёстой. Тэрний нэг нь барилгын салбар. Би өөрөө барилгын салбарт дэд сайдаар ажилласан. Өнөөдөр ч барилгын салбарынхаа ажлыг хийгээд явж байна.

-МоАХ-ны гэдэг нэр маань “Ипотек” болж өөрчлөгдсөн-

-Одоо танай намын талаар ярилцъя. Ардчилсан нам фракцгүй нам болъё гэж байна. Та юу гэж бодож байна вэ?

-Ардчилсан нам гэж нэг намын туг дор нэгдэж байгаа. АН-ын баримталж байгаа үзэл баримтлал, бодлогыг хүлээн зөвшөөрсөн учраас хувь хүмүүс эвлэлдэн нэгдэж, намыг байгуулсан. Фракцуудын зөрчил, тэмцэл манай намыг ч, улс орныг ч сайн зүйлд хүргэхгүй. Тийм учраас одоо Ардчилсан намын туг дор нэгэнт явж байгаа бол намынхаа үндсэн чиг шугамыг л баримталъя гэж байгаа. Үүнийг намын дарга жилийн өмнө зарлан тунхагласан. Би дэмжиж байгаа.

-Та чинь аль фракцад харьяалагдаж байгаа билээ?

-Би Монголын ардчилсан холбоо буюу ардчиллын анхдагч байгууллагад 10 жил ажиллаж байна. Би МоАХ гэдэг фракцид харъяалагддаг. Яагаад гэвэл би энэ байгууллагад ажиллаж, энэ байгууллагын үзэл санааг дэмждэг.

-МоАХ-нд анхнаас нь явсан уу. Улс төрийн карьерын хувьд...

-Улс төрийн карьерын хувьд 2010 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдсөн. Энэ үеэс улс төрийн карьерын суурь, алхам тавигдсан гэж хэлж болно. Нийтэд танигдаж эхэлсэн. Өмнө нь би “МоАХ-ны” Байгалмаа гэх нэртэй байсан. Манайхан хүнийг тодотгодог шүү дээ. Тэр жишгээр Г.Байгалмаа гэхээр “МоАХ-ны юу...” гэж тодотгож асуудаг байсан. Сүүлийн үед “МоАХ-ны” гэдэг албан бус овог маань өөрчлөгдөж байх шиг байна. Байгалмаа гэхээр “Ипотек” Байгалмаа, “Барилгын” Байгалмаа гэж тодотгоод эхэлсэн байна билээ. 

-Ярилцсанд баярлалаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Yaj ediin zasag xyamraagui gej xelj bnaa amidralaas tasarchan xun bishuu ta

    0 0 Хариу бичих
  2. I know.

    0 0 Хариу бичих
  3. Жинхэнэ шоу

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ