Засаглалын үйл ажиллагаанд иргэдийг төлөөлөн оролцох хүмүүсийг сонгох өдөр аравдугаар сарын 15. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөө сонгох нь УИХ-ын гишүүнийг сонгохоос ч чухал байх учиртай. Яагаад гэвэл тухайн орон нутагт юу хийх, төсвөө хэрхэн зарцуулах гээд орон нутагт хамааралтай шийдвэрүүдийг гаргаж, иргэдтэй нягт уялдаатай ажиллах төлөөллийн байгууллага нь ИТХ юм.
Харин “Манай хороо, суманд зам тавиад өг. Худагтай болмоор байна. Харанхуй гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгомоор байна” гэх мэт ахуйн хүрээний санал, хүсэлтийг иргэд УИХ-ын гишүүнд нэр дэвшигчдэд хандан хэлэх нь олонтаа. Гишүүдийн үндсэн үүрэг нь худаг гаргах, гэрэлтүүлэг тавих биш ч сонгогчдын саналыг авахын тулд тойргийнхоо ахуйн ажилд анхаарна, хийнэ гэж амлахаас өөр аргагүй. Ингээд төсөв батлах үеэр гишүүдийн анхаарал улсын хөгжлийн нэгдсэн бодлогод бус гудамжны гэрэлтүүлэг, айлын хашааны худаг, хорооллын зам зэрэгт төвлөрөх нь тэр. Ийм л дүр зураг жилийн жилд бий болдог нь төсвийн зарцуулалт үр дүнгүй болоход нөлөөлж буй.
Нөгөөтэйгүүр зам нь эвдэрхий, гудамж нь гэрэлгүй байвал тойргоос сонгогдсон гишүүн нь ажлаа хийхгүй байгаатай холбон ойлгох нь ч түгээмэл. Уг нь энэ ажлыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагынхан буюу ИТХ нь хийх ёстой. Гэтэл нутгийн өөрөө удирдах байгууллагын ажил, үндсэн чиг үүргийг иргэд төдийлөн мэддэггүй нь судалгаагаар ч тогтоогдсон байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн хандлагын суурь түвшин тогтоох тухай судалгаагаар иргэдээс ИТХ-ын үндсэн чиг үүргийн талаар ямар ойлголттой болохыг тодруулан асуухад судалгаанд оролцсон нийт иргэдийн иргэдийн 25 хувь нь огт мэдэхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүн тутмын нэг нь “Мэдэхгүй, энэ талаарх мэдлэг огт байхгүй” гэж хариулсан байна. Байршлын хувьд Улаанбаатар хотын иргэд орон нутгийн иргэдээс ИТХ-ын талаарх ойлголт бага зэрэг илүү байсан аж. Харин бага зэрэг мэдээлэлтэй гэсэн нь судалгаанд оролцсон иргэдийн ихэнх нь байжээ.
Улмаар иргэд ИТХ-ын сонгуульд төдийлөн ач холбогдол өгдөггүй нь ИТХ-ын сонгуулийн ирц жил бүр хүрдэггүйгээс тодорхой харагдана. Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд хэнийг төлөөллөөрөө сонгох вэ гэдэгтээ анхаарал хандуулдаггүй, сонгуульд идэвхтэй оролцдоггүй, нэр дэвшигчдээс зүс таних хүнээ л сонгочихдог хайхрамжгүй, хариуцлагагүй иргэд ч олон бий.
Ингээд ИТХ-ын эрх үүргийн талаар мэдээлэл хүргэе. Эндээс ИТХ-ын сонгуульд яагаад анхаарах шаардлагатай вэ гэдэгт хариулт авах биз ээ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь томорч нэгжийн шат өсөх тусам сум, дүүрэг, аймаг, нийслэлийн эрхлэх асуудлыг иргэд нийтээр хуралдан шийдвэрлэх боломжгүй болдог. Тиймээс иргэд сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан засаглалын үйл ажиллагаанд оролцох “төлөөлөх байгууллага” шаардлагатай байдаг. Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал” хэмээн тодорхойлжээ.
ИТХ нь сонгогдсон нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудлыг ИТХ болон чөлөөт цагт Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлдэг юм. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнтэй тогтмол холбоотой ажиллан, санал гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэн, Засаг даргыг нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах болон Засаг дарга, тухайн нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээг үзүүлэх байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын бүрэн эрх
-Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ.
Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар:
Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар:
Орон нутгийн өмчийн талаар:
-Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.