Даши Намдаковын сахиусан тэнгэрүүд

Чита мужийн Укурик тосгоноос гаралтай, өдгөө дэлхий даяар алдар суугаа дуурсгасан Даши Намдаков саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Путиний зарлигаар тус улсын гавьяат уран барималч цол хүртсэн билээ. Намдаков саяхан ОХУ-ын Зэвсэгт хүчний гол сүмийн засал чимэглэлийн ажлыг удирдан гүйцэтгэжээ. Буриадын ардын зураач, Флоренцийн урлагийн академийн хүндэт академич энэ эрхмийн шинэхэн ярилцлагыг орчуулан хүргэе.

Даши, юун түрүүнд танд ОХУ-ын гавьяат зураач болсонд баяр хүргэе. Та өөрийгөө уран зураач гэж боддог уу, эсвэл уран барималч, уран барилгачин гэж боддог уу?

Уран зураач гэж боддог шүү. Урлаач хүн ер нь өөрийгөө зураач л гэж сэтгэдэг. Урлаач баримал бүтээж байна уу, барилга цогцлоож байна уу, графикаар ажиллаж байна уу гэдэг нь тэгтлээ их нөлөөлөхгүй. Урлаачийг зураач, барималч гэж ангилах нь ер утгагүй мэт санадаг. Леонардо да Винчи, Микеланжело нар бүгдээрээ л зураач байсан. Гэлээ гээд байшин ч барина, зураг ч зурна, баримал ч бүтээдэг байлаа.

Таны сүүлийн “Дотроосоо” үзэсгэлэнд олон улс үндэстний өв соёлыг тусган харуулсан. Бүтээлүүд нь урьд өмнөхөөсөө эрс ялгаатайгаас үзэхэд таныг тив дэлхийн иргэн болжээ гэж дүгнэж болох уу?

Болох л юм. Одоо би өөрийгөө яг энэ мөчид яаж мэдэрч байгаагаа урлагаар дамжуулан бусдад харуулж байна. Миний уг үндэс, Байгал далайн өнгө үзэсгэлэн, Европын соёл уламжлал энэ бүхэнд уусан шингэсэн. Урьд нь өөрийгөө Евразийн хүн гэж боддог байлаа. Үнэндээ бол тийм шүү дээ. Би ардын сэтгэхүй, өв соёл эрч нөлөөгөө алдаагүй байсан тэр л цагт Ази тивд төрсөн. Эрэл хайгуул хийх дуртай болохоор баруун руу, Европ руу тэмүүлсэн. Итали, Англид олон жил амьдарсан азтай хүн.

Азид төрсөн хүнийг баруунд юу тэгтлээ их татав? Сонирхол шохоорхолдоо хөтлөгдөв үү?

Италид бол сонирхлоороо биш ажлын шаардлагаар очсон гэх үү дээ. Третьяков, Эрмитаж, дэлхийн том том галерейнүүдэд уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн гаргасны дараахан бүтээлүүдийг маань хүмүүс сонирхож, европчууд, америкчууд худалдаж авах нь нэмэгдсэн. Улмаар нэр хүндтэй урлаг судлаачид урын хувьд ярих юмгүй ч хүрлийн чанар тааруухан байна гэсэн л дээ. Орост би сэтгэлдээ хүрсэн хүрэл олж чадаагүй болохоор Европоор хайсан. Хайснаа Италийн Пьетрасантаас олсон юм. Пьетрасантаа одоо миний төрсөн тосгоноос ялгаагүй. Хүрэл баримлуудаа арав гаруй жил тэнд цутгаж байна. Лондонгийн урланд хийсэн хэвээ тийш нь зөөж аваачдаг. Би Англид зургаа дахь жилдээ ажиллаж амьдарч байна. Хаашаа л харна гайхалтай сайхан орчин үеийн урлан, музейтэй энэ орчин цаанаа л нэг сэтгэл татам онцгой. Миний хувьд орчин үеийн урлаг ер хэнд хэрэгтэй юм гэж бодох үе байсан нь үнэн. Гэлээ ч он жил улирахын хэрээр Лев Николаевич Головницкийн хэлээд байсан тэр л зүйлийг ухаж ойлгосон. Багш намайг таван жилийн дараа ойлгоноо гэсэн нь үнэн байж. Яг одоо миний хувьд тун сонирхолтой амьдарч байна. Ахин давтагдашгүй баримал цутгаж байна. Өөрийгөө гээх ёсгүй ч шинийг эрж олох ёстойгоо ухаарч байна. Урлагт шинийг санаачилна гэдэг амаргүй. Сонирхолтой, өвөрмөц нэгэн зүйлийг олоод авчихсан бол өөрчлөгдөнө гэдэг хэцүү дээ.

Цагтаа дацанд лам болон сууж, бөөгийн хүчээр өвчин шаналлаасаа салсан тэр л буриад хүүгээс ер юм үлдэв үү танд?

Үлдсэн л гэж найдах юм. Уг үндсээ тасдаж, урсаж байгаа цусаа солих аргагүй шүү дээ. Гэхдээ миний хувьд ямар замаар урагшлах нь маш сонирхолтой санагддаг. Уран бүтээлийн эрэл хайгуул минь аль болох урт удаан үргэлжлээсэй л гэж хүсэх юм. Арван жилийн дараа би юу бүтээх бол, юу туурвих бол гэж бодоход сонирхолтой. Ямар ч байсан байрандаа л эргэлдмээргүй байна. Болж буй бүхэн хүрэл барималд минь уусан шингэж хүмүүст хүрдэг дээ.

Танайхан одоо Италид амьдарч байна уу, Англид амьдарч байна уу?

Одоогоор би том хүүхдүүдтэйгээ Москвад байна. Бусад нь Лондонд суугаа.

Эх орноосоо алс байхад өвөг дээдсээсээ холдож хөндийрсөн шиг санагддаг уу? Эсвэл энд орон зай огтхон ч хамаагүй юу?

Миний хувьд хамаатай шүү. Тийм болохоор төрж өссөн Укурик тосгондоо байсгээд л очдог. Жилдээ бараг таван удаа очдог. Онгоцонд суугаад л хүрчих боломжтой болж дээ.

Та төрсөн тосгондоо хүүхдүүдэд зориулсан урлан байгуулахаар төлөвлөж байгаа гэж дуулсан?

Тийм ээ. Харамсалтай нь тосгон суурин маань жилээс жилд эзгүйрч, хүн ард нь амьдрал хөөн хот бараадах нь ихэссэн. Үүнийг тогтоон барих аргагүй ч төрөлх тосгоноо хадгалж үлдмээр санагддаг. Европоор аялж эрэл хайгуул хийх цаг ард хоцорч, өөрийгөө бусдад зориулах цаг нь ирж гэж санах юм. Укуриктээ хүүхдийн урлантай зуслан байгуулъя гэж санадаг. Буриад, Эрхүү муж, Алс Дорнодын хүүхдүүдэд урлаж бүтээх боломж олгоё гэж хүсдэг. Ганцаараа арай л хүчрэхгүй болохоор нутгийн захиргаатай хамтарч ямартаа ч газраа сонгосон. Хэдэн жилийн дараа хүсэл мөрөөдөл минь биелнэ ээ.

Энэ жилийн карантин танд яаж нөлөөлсөн бэ?

Нөлөөлөөгүй гэхэд болно доо. Энэ хооронд жил хагас хийсэн Зэвсэгт хүчний гол сүмийн дотор заслын ажлаа дуусгаж гэрээт хугацаанд нь хүлээлгэж өглөө. Завгүй л ажиллалаа.

Сүмийн засал чимэглэл таны сэтгэлд хүрсэн үү?

Одоо энэ тухай шууд хэлчих боломжгүй л дээ. Тодорхой хугацаа өнгөрч, тайвшрах хэрэгтэй. Тэгсэн хойно хийснээ хөндлөнгөөс харах боломжтой болно. Бодровтой хамт “Монгол” киноны зураг авалт дээр ажиллаад, дараа нь Берлиний кино наадмын үеэр киногоо үзэхэд зураг авалтын үйл явц нүдэнд харагдаад кинондоо төвлөрч чадахгүй байснаа санадаг. Ер нь аливааг тал талаас нь үнэлж дүгнэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй.

Бодровын “Монгол” кинонд та анх удаа зураглаачаар ажилласан байх аа?

Тийм ээ. Анхны бөгөөд эцсийн удаа.

Эцсийн удаа гэхээр та ахиж зураглаачаар ажиллах сонирхолгүй гэсэн үг үү?

Зүгээр л нэг удаа ажиллаад үзье гэж бодсон юм. Кино дэлгэцэнд гарсны дараа зураглаачаар ажиллах санал бишгүй олон ирсэн ч хүн чаддаг юмаа л хийх ёстой. “Монгол”-ын хувьд надад ойрхон санагдсан учраас ажилласан. Түүнээс биш кино урлагтай холбогдохыг тэгтлээ их хүсэхгүй байна.

ОХУ-ын Зэвсэгт хүчний гол сүмийн засал чимэглэлийн тухай ярилцъя. Та энэ саналыг шууд хүлээж авсан уу?

Тэгэлгүй яах вэ. Энэ төсөлд оролцох хувьтай төрсөндөө би талархаж явдаг. Ийм ажил хийнэ гэж ёстой төсөөлөөгүй. Шууд зөвшөөрсөн. Түүндээ ч харамсаагүй. Үүний ачаар буддын шашинтны хувьд үнэн алдартны арвин баялаг ертөнцийг өөртөө нээлээ.

Хүндрэлтэй зүйл байв уу?

Хамгийн гол нь ажлаа цаг алдалгүй эхлэх шаардлагатай байсан болохоор сэтгэлзүйн хувьд хэцүүхэн байлаа. Надад маш олон хүн тусалсан. Миний үе тэнгийн эцэг Леонид аливаа юмны учрыг сайхан тайлбарлаж өгсөн. Сүмийн ерөнхий архитектор Дмитрий Смирновтой ч гар, сэтгэл нийлэн ажилласан. Энэ сүмийн ерөнхий төрхийг Сергей Шойгу гаргасан болов уу. Манай ажлыг маш их анхаарч үздэг байлаа. Шойгу тал талын авьяастай цул эрдэнэ шиг хүн дээ.

Сүм дуган гэдэг зуун зуунаар нүд баясгаж, сэтгэл цэнгүүлдэг эд. Эхэндээ мэдээж эмээж, сүрдэж байсан болов уу?

Урьд нь ямар нэгэн ажлаас сүрдэж байсан удаатай ч энэ удаагийнх шиг сүрдэж, догдолж байсангүй. Бидний урлаж буй сэрэг дүрүүдэд хүмүүс залбиран, тахиж дээдэлнэ гэж бодоход өөрийн эрхгүй сүрдсэн. Тэдний хувьд бидний бүтээл бурхны дүр дүрслэл болно шүү дээ. Тиймээс чадлаараа хичээх ёстой гээд зүтгэсэн. Хамгийн гол нь сэтгэлзүйн хувьд хүчтэй, тэнхээтэй байхыг хичээсэн. Ажлаа эхлүүлээд бие гэнэт муудсан. Би санамсаргүй тохиолдолд итгэдэггүй. Миний бие зүгээр ч нэг муудаагүй, нэг ёсны намайг ариусгаж бурхан шүтээнд ойртуулах үйл явц болсон юм уу даа гэж бодсон. 

Таны нэр Даши Нима, азтай нар гэсэн утгатай. Энэ нэр танд ач ивээлээ өгсөн үү? Та азтай хүн үү?

Тийм ээ, би азтай. Их хувь тохиолтой хүн. Залуудаа хүндээр өвдөж, амьдралын төлөө долоон жилд тэмцсэн. Хувь заяа минь ингэж эргэнэ гэж ёстой зүүдлээ ч үгүй явлаа.

Таны амьдралд ахиад огцом эргэлт гарах болов уу? Эсвэл тийм цаг үе ард хоцорсон уу?

Миний хувьд нас намбаа сүрхий мэдэрч эмзэглээд байдаггүй. Эрч хүчтэй, элдвийн санаа оноогоор бялхаж, адал явдалд үргэлж бэлэн байдаг (инээв). Үе тэнгийнхэн маань элэг бөөр өвдлөө гээд яриад эхэлбэл сонсохгүй яваад л өгдөг. Өвчин зовлон ярих дургүй.

Нэг ярилцлагадаа та галт тэрэгний машинч болохыг мөрөөддөг байсан гэж хэлсэн байдаг. Одоо та юу мөрөөддөг вэ?

Уран барималч хүний хувьд өөрийн хэлэмжээ олоогүй л гэж бодох юм. Эрсээр, хайсаар явна. Их ойртсоноо мэдэрдэг. Гэхдээ арай л олоогүй байна. Бурхны авралаар олоогүй л явна. Олчихвол галт тэрэг зогсоно. Уран бүтээлч мөхнө. 

Ольхон арлын хянга цавчим хадан хясаан дээр байрлуулсан таны бүтээсэн “Байгал далайн хамгаалагч” хүрэл баримлын тухай өдий болтол хүмүүс маргалддаг. Энэ баримал яг ямар утгатай вэ? Арлын сахиус уу, өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд өргөсөн өргөл үү? Уран бүтээлчийн хувь санаа юу?

Намайг тавь хүрэхэд гэрийнхэн маань бусдын л адил ойгоо яаж тэмдэглэх вэ гэж ярилцсан. Манайхан хэд хэдэн газар тарж суудаг болохоор нэг газар нэгдэж цуглах боломжгүйн учир цугларч тэмдэглэхгүйгээр шийдээд, оронд нь эх орондоо бэлэг барихаар сэтгэл шулуудсан. Байгал далай сүүлийн хорин жилийн турш маш их өөрчлөгдөж байгаад би хувьдаа их эмзэглэж явдаг. Энэ эмзэглэл, зовуурь миний бүтээлд туссан. Байгал далайн эцгийн тухай домог бий. Учир мэдэх улс далайгаа сэргээж, Байгал эцгийг сэрээх ёстой гэж хэлдэг. Тэгэхээр миний бүтээл Байгал далайн хувьд сахиус нь болсон гэх үү дээ. Үүнийг тэр бүр хүн ойлгоод байдаггүй нь харамсалтай. Бөө шүтлэгтэй холбоотой домог үлгэр юм даа. Юу мэдэрснээ л буулгасан.

Ярилцсанд баярлалаа.

Орчуулсан Бат-эрдэнийн Гэрлээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)