ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төсөл хөдөллөө гэж хэлж болно. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт олон жилийн турш ярианы түвшинд байсан төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичигт хоёр талаас гарын үсэг зураад байна. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурсан бөгөөд уг компани Эрдэнэс Монгол нэгдэлд хамаарахаар болсон.
Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг алхам урагшиллаа хэмээн Хийн хоолой байгуулах төслийнхөн хэлж байлаа. Уг төслийг Монголын талаас Шадар сайд ахлан ажиллахаар болжээ. Мөн ойрын хугацаанд “Газпром” НХН болон “Эрдэнэс Монгол” ХХК хооронд нууцлалын гэрээг байгуулах юм байна.
БНХАУ энэ төслийг юу гэж үзэж байгаа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Урд хөрштэй бодлогын төвшинд тохиролцохгүйгээр асуудлыг ингэж оруулж ирэхгүй хэмээн “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал П.Ганхүү хэлсэн. Тэрээр, Байгалийн хийн 1000 гаруй км хоолой манай улсын нутаг дэвсгэрээр дамжина. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад мэдээж хугацаа орно. Манай улсын хувьд олон улсын жишгийн дагуу төлбөр авна” гэлээ.
Чиндао хотод 2018 оны 6 дугаар сард болсон гурван улсын төрийн тэргүүн нарын IV уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ «Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад, Оросыг холбосон байгалийн хий дамжуулах хоолой барих тухай Монголын талын саналыг чухалчлан үздэг. Энэ асуудлаар гурван тал үргэлжлүүлэн ярилцаж, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг ул суурьтай судлахыг санал болгож байна» гэж байр сууриа илэрхийлсэн билээ.
Оросын тал ч мөн адил асуудлыг нухацтай авч үзэж байгааг уулзалтууд харуулж байгаа юм. 2019 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.Путин “Газпром” -ын гүйцэтгэх захирал А.Миллертэй уулзахдаа Ямалийн хойгоос Хятад руу нийлүүлэх хийг Монголоор дамжуулах асуудлыг судалж үзэхийг даалгасан бол энэ оны 3 дугаар сард “Газпром”-ын захиралтай дахин уулзаж, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгажээ. Гэхдээ энэ нь хийн хоолойг Монголын нутгийг дайруулан тавих эцсийн шийд биш бөгөөд зөвхөн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахыг зөвшөөрсөн хэрэг хэмээн судлаачид бичжээ. Удалгүй 5 дугаар сарын 18-нд "Газпром"-ын захирал хэлэхдээ “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажил эхэлснийг мэдэгдсэн байна.
ТЭЗҮ боловсруулах компанийг байгуулах ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэхдээ,Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг амжилттай хэрэгжүүлвэл энэ нь Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Иймд манай Засгийн газар энэ төслийг онцгой анхаарч, холбогдох дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана. Бид 2021 онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэхүү түүхэн ойг уг төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн байдлаар тэмдэглэхийг та бүхэнд санал болгож байна… гэсэн юм. Үүнээс харвал мэргэжилтнүүд 2021 онд ТЭЗҮ-ийг дуусгана хэмээн тооцоолсон бололтой.
Уг төслийг хэрэгжүүлэх ажлыг ОХУ-аас "Газпром” НХН, БНХАУ-аас “CNPC” корпораци тус тус хариуцан ажиллаж байна.
Хийн хоолойг барих ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1300 гаруй хүн ажлын байртай болно гэсэн тооцоог Оросын “Русиа петролиум” компани бүр 2000 онд хийснийг дипломатч Л.Хангай дурдлаа. Түүний хэлснээр, хийн салбар дахь нэг ажлын байр нь бусад салбарт 4-6 ажлын байрыг бий болгодог ажээ. Үүнээс гадна, хийн хоолой тавьснаар Сүхбаатар, Дархан, Улаанбаатар, Сайншанд хотуудын агаарын бохирдлыг 90-ээс дээш хувиар бууруулах боломжтой ажээ.