Улстөрчид сонгуульд ялахын тулд бүтэх, бүтэхгүй юу ч хамаагүй амладаг, RP-ыг нь хариуцаж буй зөвлөхүүд нь ч ингэж зөвлөдөг дампуу байдал бий болоод удаж байна. Сонгогчдыг ингэж хуурах арга заль нь улам бүр нарийсч байгаа нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тод харагдлаа. УИХ-ын сонгуулийн үеэр олон жилийн турш үргэлжилсэн бүтээн байгуулалтын ажлыг гэнэтхэн бүрэн дуусгаж тууз хайчилдаг. Мөн зарим бүтээн байгуулалтын шавыг тавьж, газар шорооны ажлыг нь эхлүүлдэг. Улмаар ашиглалтад оруулах хугацааг нь бүр сар өдрөөр нь зарладаг. Харамсалтай нь, ялсан ч бай, ялаагүй ч бай сонгуулийн маргаашнаас эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа эзэнгүй орхидог. Иргэд ч өмнөх амлалтыг нь мартдаг. Энэ байдал саяхан болсон УИХ-ын сонгуулиар ч давтагдлаа. Тухайлбал, "Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх 7.2 километр явган хүний болон дугуйн замыг зургаадугаар сарын 10-нд гэхэд ашиглалтад оруулна. Цаашлаад Маршалын гүүрнээс Ярмагийн гүүр хүртэлх дугуйн замыг есдүгээр сард ашиглалтад оруулна" гэж сонгуулийн өмнө амлацгаасан. Гэвч дугуйн замын бүтээн байгуулалт Маршлын гүүр-Улиастайн гүүрнээс цааш үргэлжилсэнгүй. Олон нийт ч амлалтыг нь мартсан бололтой. Одоогийн байдлаар Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх дугуйн замын бүтээн байгуулалт авто замын хужуугаар шороо овоолсон байдалтай л байна.

Мөн УИХ-ын сонгуулийн өмнө гэр хороолол дахь хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдана гэсэн сурталчилгаа явуулж тус дүүргийн  22 дугаар хороо, Тахилтын “Цагдаа” толгой орчмыг цэцэрлэгт хүрээлэн  болгон тохижуулахаар шороо бужигнуулж эхэлсэн. Харамсалтай нь, сонгууль дууссаны дараа энэ бүтээн байгуулалт тэгэсхийгээд зогссон. Магадгүй бүтээн байгуулалтын ажлуудаа зогсоосон нь улс төрийн зорилготой байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь, удахгүй бүх шатны ИТХ-ын сонгууль болох гэж байна шүү дээ. Тэр үеэр зарим бүтээн байгуулалтаа дуусгаж, заримыг нь үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байхыгы үгүйсгэхгүй. Ямартай ч дараа жилийн зун гэхэд дугуйн замтай болсон байна л гэж найдъя.