Цахим, танхимын сургалт хосолсон хичээлийн шинэ жил

Долоон сар гаруй хөл хорионы дэглэмд байсан сургууль, цэцэрлэгүүд үүдээ нээж хичээлийн шинэ жил эхэллээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс өнгөрсөн өвөл улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож бүх шатны сургууль, сургалтын байгууллагын хичээлийг цахимаар зааж эхэлсэн юм.

Улмаар Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх шатны сургалтын байгууллагын 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлж 

-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 01
-Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл есдүгээр сарын 14
-Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх болсон. Ингэхдээ хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах юм. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулиуд долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гаргаад байгаа. Түр журам хүн ам төвлөрсөн аймгуудын сургуулиудад есдүгээр сарын 14-нийг хүртэл,  нийслэлд есдүгээр сарын 21-нийг хүртэл мөрдөгдөж, үүнээс цааш хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэх юм. Мөн нэг танхимд 20-иос бага хүүхэд хичээллэхээр танхимын сургалтыг зохион байгуулж байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн анги танхимд ариутгал, халдваргүйтгэлийн дэглэм мөрдөж, амны хаалттай хичээллэнэ.

Энэ жил улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 1449 цэцэрлэгт 199,181 хүүхэд хүмүүжинэ. 2020-2021 оны хичээлийн жилд 309,670 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байсан ч халдвар, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гарсан. Харин хоёр настнуудыг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаар төсвийн тодотголд тусгаад буй. Энэ жил 3, 4 настай хүүхдүүдийн 60 хувь, 5 настнууд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой аж. 

Ерөнхий боловсролын 820 сургуульд 650 гаруй мянган сурагч суралцахаас 75 мянга 886 нь сургуульд элсэн орж буй зургаан настан байна.

Тэгвэл 95 их, дээд сургуульд 150 мянган оюутан суралцахаас 120 орчим мянга нь бакалаврын түвшинд суралцах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)