Хичээлийн шинэ жил эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Энэ үед орон нутгийн оюутнууд хотыг зорин ирж хичээл сургуулийн бэлтгэлээ хангаж хөл хөдөлгөөн ихэсдэг. Харин энэ жилийн хувьд хөл хорио тогтоосонтой холбогдуулан их, дээд сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сараас эхлэн цахимаар хичээллэж, аравдугаар сарын 5-наас танхимаар хичээллэх шийдвэр гарсан. Мөн дотуур байранд орох хүсэлтэй оюутнуудыг аравдугаар сарын 1-5-нд хүлээж авах шийдвэр гараад байна. Үүнтэй холбогдуулан оюутны дотуур байрны үнэ ханш, хүрэлцээ, халдвар хамгааллын дэглэмийн бэлтгэл ажил ямар байгаа талаар сурвалжлахаар оюутны байруудыг зорилоо.
Эхлээд МУБИС-ийн дотуур байр ороход багш нь хуралд явсан учир мэдээлэл өгөх өөр хүн байхгүй хэмээн жижүүр эгч хэлэв. Тус сургууль нь оюутны дөрвөн дотуур байрнаас гадна “Оюутны өргөө 1, 2”-ыг хариуцан ажилладаг. Нийт 1800 гаруй оюутныг хүлээн авах хүчин чадалтай аж. Тус сургуулийн оюутны 1, 2, 4 дүгээр байрны төлбөр 430 мянган төгрөг байна. Тавдугаар байр нь тус сургуулийн гадаад оюутнууд хоёроороо амьдрах зохион байгуулалттай бөгөөд төлбөр 2 сая 640 мянган төгрөгийн ханштай байна.
Бидний хэлж заншсанаар 1000 оюутны байр буюу Оюутны өргөөнд очлоо. Үүдээр оронгуут л гар ариутгагч, зай барих шугам, халдварын талаарх мэдээллүүд, цэвэр саруулхан орчин угтлаа. Оюутны өргөө II байрны багш Д.Оюунцэцэг “Манайх энэ жилийн хувьд 960 хүүхэд авах төлөвлөгөө гаргасан. Сүүлийн гурван жил манай байрны төлбөр нэмэгдээгүй, сарын 85 мянган төгрөг. Эхний сар хичээл орохгүй учраас төлбөрөө есөн сараар бодож авна. Манай бүртгэл хараахан эхлээгүй байна. Одоогоор засварын ажил дуусч, халдваргүйжүүлэлт хэд хэдэн удаа хийлгэсэн. Ковид-19 халдвартай холбогдуулан тусгаарлах өрөө гаргасан. Халуурсан, халдварын бусад шинж тэмдэг илэрсэн оюутнуудыг тус өрөөнд тусгаарлана. Есдүгээр сарын 20-ноос эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна” гэлээ.
МУИС нь оюутны зургаан дотуур байртай бөгөөд жилд дунджаар 1600 орчим оюутан хүлээн авдаг байна. Энэ хичээлийн жилийн бүртгэл наймдугаар сарын 20-ноос эхлэн есдүгээр сарын 4 хүртэл цахимаар бүртгэх аж. Харин төлбөрийн тухайд орчин нөхцөл, тохижилтоосоо шалтгаалаад нэг жилийн 450-650 мянган төгрөг байна.
Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутны дотуур байрны багш Г.Нарантуяа “Бүртгэл наймдугаар сарын 24-нд эхэлсэн. Одоогийн байдлаар бүртгэл 20-30 хувьтай явагдаж байна. Орон нутгийн оюутнууд заавал хотод ирэх шаардлагагүй цахим бүртгэл хийж байгаа нь тэдэнд илүү хялбар байгаа. Манай дотуур байр өмнө жилүүдэд өөрийн сургуулийн оюутанг эхэлж бүртгээд сул орон тоо үлдвэл өөр сургуулийн оюутан авдаг. Харин энэ жилийн хувьд өөр сургуулийн оюутан авахгүй. Төлбөрийн хувьд нэмэгдээгүй, сүүлийн гурван жилийн турш 680 мянган төгрөг байна. Халдварын энэ үед хоёр удаагийн ариутгал хийсэн. Аравдугаар сараас эхлэн оюутнуудаа авахаас өмнө ахин ариутгал хийх төлөвлөгөөтэй байна”гэв.
БШУЯ Дээд боловсролын газрын даргын албан үүргийн түр орлог гүйцэтгэгч Г.Батнэмэх “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12.8 мянган оюутан хүлээн авах бэлтгэл хангагдсан. Үүнээс Нийслэлд 39 дотуур байранд 11.8 мянган оюутан, орон нутагт 12 дотуур байранд 1.1 мянган оюутан хүлээн авна. Дотуур байранд амьдрах оюутан, суралцагчдыг цахимаар бүртгэж, ирэх аравдугаар сарын 1-5-нд дотуур байранд хүлээж авахаар болсон. Цар тахлын энэ үед хичээл сургууль орох болсонтой холбогдуулж “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай” таван сайдын тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан түр журам батлагдсан. Хичээлийн жил эхлэхээс өмнө ариутгал хийх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар байрны дотоод болон гадаад орчныг халдваргүйжүүлэлт хийлгэх, дотуур байрны нийтийн эзэмшлийн талбай болох номын сан, ариун цэврийн өрөөнд амны хаалт тогтмол зүүх, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн оюутанд анхан шатны тусламж үзүүлэх түр тусгаарлах өрөөг бэлдсэн байх гэх мэт зүйлсийг түр журамд баталсан байна. Үүний хэрэгжилтийг хангах талаар ажиллаж, оюутны дотуур байруудад хяналт шалгалт хийж байна” гэлээ.