Гадаад харилцааны яамнаас цар тахлын үед олон улсын байгууллагаас авсан зээл тусламж, Ковид-19 халдварын эсрэг вакцин болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны олон талт хамтын ажиллагааны захирал Н.Гэрэлмаа “Ковид-19 цар тахал нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нэлээд хүндрэл бэрхшээл учруулж байна. Монгол улсад суугаа НҮБ-ын суурин зохицуулагчийн албанаас санаачлан Ковид цар тахал нь Монгол улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар томоохон судалгаа хийсэн. Судлаачид одоогийн байдлаар Монгол улсад цар тахлын нөлөө дусаагүй. Цаашид 2-3 жилийн турш энэ байдал үргэлжилнэ гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлсэн. НҮБ, Засгийн газартай хамтран ирэх хоёр жил хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулаад байна.
Дархлаажуулалтын тухай хуулиар Монгол улс нь ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хүнд хэрэглэнэ гэсэн хуулийн заалттай. Тиймээс Манай улс ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакцин хэрэглэнэ. Одоогоор туршилтын шатыг даван үйлдвэрлэлд шилжсэн нэг ч вакцин байхгүй гэж ДЭМБ-аас мэдэгдсэн байна" гэлээ.
Мөн энэ үеэр Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, дэд сайд Б.Мөнхжин нар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх боломжтой томоохон арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн. 2021 оныг Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил болгон зарлаж, энэ чиглэлд хоёр талаас идэвхтэй арга хэмжээ авч ажиллах саналыг Н.Энхтайван сайд дэвшүүлсэн. ОХУ нь вакцин бүтээсэн ч ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөгүй байна. Хэрвээ цаашид тус вакциныг нийтээр хэрэглэхээр баталсан тохиолдолд манай улс мөн санал тавьж ажиллах боломжтой. Манай тал вакцины асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхолтой тохиолдолд гэрээний нөхцөлийг тохиролцоход Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай шууд харилцах юм байна. Энэ саналыг УОК судалж, хариу өгөх болно. Цаашид энэ асуудлаар оросын талтай байнгын хэлхээ холбоотой ажиллах болно. БНХАУ-тай хамтын ажиллагааны тухайд "Ногоон гарц" шугамаар тээвэр хийж байна" гэлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар нийт 53 орноос 18392 иргэнээ татан авлаа. Энэ сард төлөвлөсөн нислэгээр болон хоёр хөрш улсын боомтуудаар 4500 иргэнийг эх орондоо авчраад байна. Нутаг буцах хүсэлтэй иргэд нийт 12461 байна. АНУ-аас 2400 гаруй, Австрали улсаас 1000 гаруй иргэн ирэх хүсэлтээ илэрхийлээд байна. Хүндрэлтэй нөхцөлд буй иргэдийн тоо эрс буурсан учраас АНУ, Австрали болон БНСУ-д суугаа иргэдийг түлхүү татан авахаар төлөвлөж байна. Эх орондоо ирсэн иргэд бусад улс руу сурах шугамаар буцах хүсэлтээ гаргаж байна. БНХАУ руу холимог гэр бүл буюу 170 гаруй иргэн явах хүсэлтээ илэрхийлсэн. БНХАУ-д суралцдаг оюутнуудын асуудлыг ярилцаж байна. Тус улс хэзээ танхимын сургалт руу шилжих нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд гадаад иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй хэвээр байгаа юм. ОХУ нь зөвхөн дөрвөн улсад л хилээ нээсэн. Олон оронд цар тахлын эрсдэл хэвээр байна" гэсэн юм.